УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүүгийнх нь гэрийг АТГ-аас нэгжиж, эхнэр хүүхдийг нь айлгасан хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Тэгвэл тус асуудалтай холбоотойгоор Ардчилсан намынхан мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: У.Хүрэлсүх ээ чамаас Монголын парламентын дархлааг хамгаална аа. Өнөөдөр Монгол Улсын УИХ дээр үнэний төлөө үг хэлсэн хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар дарамтлуулдаг явдлыг өнөөдрөөр зогсооно. Ирээдүйд сонгогдох олон олон гишүүдийн дархлааг хамгаалах гэж хэвлэлийн хурал хийж байна. Монголын төрийн дээд эрх мэдэл УИХ-д байдаг. Чи хууль хяналтын байгууллагуудыг хувийнхаа алба шиг ажиллуулж болохгүй. АТГ-ын удирдлагыг УИХ томилсон. Чиний өөдөөс үг хэлсэн хүмүүсийг дарамталдаг зовоодог байдлыг хэрхэвч тэвчиж болохгүй. Энэ бол засаглалын хямрал руу орно. У.Хүрэлсүх ээ чи сонгогдохдоо Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардаж авсан. Одоо дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардаад бүгдийнх нь хөлийг хугалж байгаад наадам зохионо гэж байгаа бол худлаа. Болохгүй гэж үзэж байна.
О.Цогтгэрэл: АН-ын бүлэг мэдэгдэл гаргана
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаад сая тарлаа. Нэгд, УИХ-аар хэлэлцэж байсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд санал зөрөлдөх зүйл байсан учраас хэлэлцлээ. Мөн С.Ганбаатар гишүүнтэй холбоотой үүсээд байгаа асуудлаар өөрөөс нь мэдээлэл авч ярилцлаа. Ер нь сүүлийн үед үг хэлсэн, үзэл бодлоо хэлсэн хүмүүсийг гүтгэдэг, дайрдаг, доромжилдог, хуулийн байгууллагаар шалгадаг, дарамталдаг болсон. Үүний нэг жишээ өнөөдөр үргэлжилж байна гэж бодож байна. С.Ганбаатар гишүүний асуудлыг бид зөвхөн нэг хүний асуудал гэж бодохгүй байна. Магадгүй маргааш хууль хяналтын байгууллагаас гарч ирээд баахан баримт үндэслэл хэлэх байх. Үүний цаана улс төр байгаа гэдэгт бид эргэлзэхгүй байна. Монголын парламентын дархлаа алдагдах гэж байгаа юм биш биз дээ. Тиймээс АН-ын бүлгээс мэдэгдэл гаргах шийдвэр гаргалаа.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал: Асуудал маш ярвигтай болж байна. АН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой УИХ-ын гишүүд, жирийн гишүүдийг улс төрийн шалтгаанаар шалгах, хууль хүчний байгууллагаар дамжуулан ял оноох, хойшлуулж байна. АН-ын нэр дэвших боломжтой хүмүүсийн боломжийг боомилж байна. С.Ганбаатар гишүүн гурван асуудалд байр сууриа илэрхийлсэн. Нэгд, Ерөнхийлөгчийг зургаан жилээр дахиж сонгохгүй. Үндсэн хулийн нэмэлт өөрчлөлт хийхгүй. Хоёрт, газрын тосны үйлдвэр ашиглалтад орохгүй юм байна. Үүнд ҮАБЗ анхаарлаа хандуул. Гуравт, ураны асуудал дээр байр сууриа илэрхийлсэн. Гэтэл С.Ганбаатар гишүүний эргэн тойронд байгаа хүмүүсийг шалгах, цагдах гэсэн үйлдлүүд хийж байгаа нь ардчиллыг нухчин дарах үйлдэл. Тиймээс АН-ын бүлгээс албан ёсны мэдэгдэл гаргана. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы хуралдаан дээр нэг хүн рүү дайрсан. Энэ дайралт баривчилгаа болоод явж байна гэсэн хардалт байна.