Засгийн газар удахгүй 2025 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барина. Энэ хүрээнд өнөөдрийг хүртэл тендер нь зарлагдаагүй 600 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг танахаар болсон. Эрүүл мэндийн салбарын сайдын багцаас 65 тэрбум төгрөгийн худалдан авалт цуцлагдаж буй. Үүнээс шалтгаалж орон нутгийн эмнэлгүүд шаардлагатай тоног төхөөрөмжөө худалдан авч чадахгүй байдал үүсэж байгаа аж. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс тодрууллаа.
-Эрүүл мэндийн салбарын 65 тэрбум төгрөгийн худалдан авалт хийх байсан төсөв буцаагдсан. Та энэ нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?
-Энэхүү 65 тэрбум төгрөгөөр худалдан авахаар төлөвлөж байсан тоног төхөөрөмжүүд нь аймаг, дүүргийн эмнэлгүүдэд, тэр дундаа анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад нэн шаардлагатай байсан. Тухайлбал, хотын төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутгийн эмнэлгүүдэд шаардлагатай эхо болон дурангийн аппаратуудыг худалдан авснаар иргэд заавал Улаанбаатар хот руу ирж үйлчилгээ авах шаардлагагүй болох байсан. Харамсалтай нь, энэхүү чухал худалдан авалт буцаагдсан нь төрийн албан хаагчдын хариуцлагагүй байдлаас үүдэлтэй гэж харж байна. Үнэхээр шаардлагатай хүмүүстээ хүрч чадаагүй, тэдгээр тоног төхөөрөмжийг ашиглаж чадаагүй нь туйлын харамсалтай. Энэ талаар үнэхээр хэлэх үг олдохгүй байна.
-Зарим аппаратын ашиглалтын хугацаа нь дууссан гэсэн. Тухайлбал, ЭХЭМҮТ-д нэг аппарат 10 жил болжээ. Үүссэн энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Энэ мэдээллийг би мэдэж байгаа. Одоогоор улаанбурхан өвчний нөхцөл байдал нэлээд хүнд байна. Тиймээс юуны түрүүнд энэ халдварт өвчний асуудлыг шийдвэрлэж, дараа нь тоног төхөөрөмжийн асуудалд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Учир нь бүх асуудлыг нэгэн зэрэг шийдэх боломжгүй юм.
-Өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой ямар хүндрэл бэрхшээл тулгарч байгаа вэ. Үүнийг шийдвэрлэхэд ямар гарц, шийдэл байж болох вэ?
-ХСҮТ-д ажиллаж байх үед өдөр тутмын ашиглалтаас шалтгаалан гарах сервис үйлчилгээний зардал маш өндөр байсныг санаж байна. Жил бүр зөвхөн үйлчилгээний зардалд 150–200 сая төгрөг зарцуулагддаг байсан. Хэрэв аппарат эвдэрч гэмтвэл Сангийн яамнаас хөрөнгө гуйхад, Засгийн газрын нөөцөөс шийд гээд тодорхойгүй байдал үүсдэг байсан. Үүнийг шийдвэрлэх сайн жишээ гэвэл төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд, төрд байхгүй зүйлийг хувийн хэвшилтэй хамтран шийдэж, хэрэгжүүлэх нь оновчтой гэж харж байгаа.
-Үнэтэй тоног төхөөрөмжийн засварт зарцуулагддаг зардал ойролцоогоор 500 саяас 1 тэрбум төгрөг хүрдэг. Үүнд тус бүрд нь тусдаа тендер зарладаг. Энэ асуудалд нэгтгэсэн олон улсын нэгдсэн тендер зарлах боломж байгаа юу?
-Миний хувьд өнөөдөр Эрүүл мэндийн яам тендер зарладаг биш, харин бодлого хэрэгжүүлэгч яам байх ёстой гэсэн зорилго тавьж, ажиллаж байна. Тиймээс тус тусдаа тендер зарлаж, цаг хугацаа, төсөв алдахын оронд олон улсын жишигт нийцсэн бодлогын төвшний шийдэл шаардлагатай.
-Эмнэлгийн эмчилгээний төсөв олон жил өөрчлөгдөөгүй хэвээр байгаа гэдэг. Энэ асуудал хэр зэрэг хүндрэл дагуулж байгаа вэ?
-Эмнэлгийн зардалд олгодог төсөв 4–5 жилийн турш огт өөрчлөгдөөгүй. Гэтэл өнөөдөр инфляц ямар түвшинд хүрсэн билээ. Жишээ нь, талхны үнэ хэд дахин өссөн. Гэтэл эмчилгээний нэгж төсөв хуучин хэвээр байсаар байвал эмнэлэг үйл ажиллагааныхаа өртгийг нөхөж чадахгүйд хүрдэг. Үүний уршгаар аппарат эвдэрч гэмтэх үед засварлах боломж байхгүй байна. Иймд эрүүл мэндийн үйлчилгээний үнийн тарифаа нөхцөл байдалд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай.