Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 23-29-ний өдрүүдэд FIBA 3×3 сагсан бөмбөгийн ДАШТ болно. Тэмцээнд 30 гаруй орны эрэгтэй, эмэгтэй шилдэг баг оролцож шилдгүүдээ тодруулна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын 3×3 шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нартай ярилцлаа.
-Юун түрүүнд “Дэлхийн эмэгтэйчүүдийн цуврал” тэмцээнд хамгийн сүүлд оролцсон. Тухайн тэмцээний бусдаас ялгарах онцлог юу байв?
-Б.Ариунцэцэг: Дэлхийн аварга шалгаруулах болох гэж байгаа болохоор цагийн зөрүүгээ гаргахын тулд олон Европын шилдэг баг ирж тоглосон. Өмнөх тэмцээнүүдийг бодвол олон Европын баг оролцсон гэдгээрээ давуу талтай.
-ДАШТ-д Украины багтай нэг зоонд байгаа юм билээ. “Дэлхийн эмэгтэйчүүдийн цуврал тэмцээн”-д Украины багтай хийсэн тоглолтынхоо талаар яривал?
-Н.Нандинхүсэл: Бид хожих боломжтой багаа хожиж зооноосоо хоёроор гарч, Украины шигшээ багтай таарсан. Үүнийг ДАШТ-ий өмнөх азтай учрал байсан гэж үзсэн. Украины шигшээ багт маш өндөр бүрэлдэхүүн байсан болохоор гаргасан төлөвлөгөөгөөрөө тоглож чадаагүй. Гэхдээ ДАШТ-ий өмнө сайн тоглолт хийгээд дараа нь яаж тоглох учраа олж чадсан гэж бодож байна.
-Монгол тамирчдыг 3×3 сагсан бөмбөгийн төрөлд илүү давуу талтай гэдэг юм билээ?
-Н.Нандинхүсэл: Энэ төрөл нь 10 минут тоглодог учраас маш хурдан өрнөөд, дуусдаг. Иймдээ ч маш хурдан тоглолт эргэх боломжтой, зогсолтгүй тоглодог. Монголчууд илүү тэсвэр тэвчээртэй болохоор 3×3 сагсан бөмбөгийн төрөлд давуу талтай байдаг.
-Монгол Улс дэлхийн чансаа өндөр гурван тэмцээнийг дараалан зохион байгуулж байна. Энэ тал дээр та бүхний байр суурь?
-Б.Ариунцэцэг: Өмнө 3×3 сагсан бөмбөгийн 18, 23, залуучууд, world tour гээд бүх тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулж байсан. Одоо насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулж байгаа нь маш давуу талтай. Маш гоё санагдаж байгаа. Монгол Улсад зургаадугаар сарын 23-29-ны хооронд болох ДАШТ-ийг хүрэлцэн ирж үзээрэй гэж уриалмаар байна.
-ДАШТ-ий бэлтгэл хэр байгаа вэ?
-Н.Нандинхүсэл: Эмэгтэйчүүдийн дээд лиг дуусаад 3×3 төрлийн бэлтгэл эхэлсэн. Ямар ч амралтгүй өдрийн хоёр бэлтгэлээ дараалаад явсан. Бэлтгэлийн хувьд бид маш сайн байгаа. Олон улсын чанартай тэмцээнүүдэд ч олон оролцсон.
-ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулж байгаа болохоор мэдээж аваргын төлөө зорьж байгаа болов уу?
-Б.Ариунцэцэг: Тэгэлгүй яах вэ. Талбай дээр бид тоглож байхад дахь гишүүнээр хөгжөөн дэмжигчид орж ирдэг ч юм уу. Ер нь Монголчууд олноороо үзэх нь гоё санагдаж байгаа. Уур амьсгал нь ч сайхан байна байх. Бидний хамгийн том зорилго зооноосоо гараад шигшээ дөрөвт багтахыг хүсэж байна.
-ДАШТ-ий хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж бодож баг юу вэ?
-Н.Нандинхүсэл: Зоон дотроо Герман, Испанийн баг хамгийн том өрсөлдөгч. Ер нь ДАШТ-д орж байгаа бүх баг сайн болохоор цохож хэлэхэд хэцүү. Гэхдээ миний хамгийн ойролцоо тоглох, том өрсөлдөгч баг бол Испани л байна. Нэг зоонд байгаа учир.
-Нууц биш бол цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юү?
-Б.Ариунцэцэг: Дараагийн олимпод оролцохыг бүгд зорьж байгаа.
Б.Ариунцэцэг болон Н.Нандинхүсэл нар хоёул “Ulaanbaatar Amazons” харьяалагддаг бөгөөд тус баг нь энэ жилийн дээд лигийн аваргаар шалгарсан. Үргэлжлүүлэн хувь тамирчных нь үүднээс багаа хэрхэн сонгосон, сагсан бөмбөгөөр тууштай хичээллэснээр юу өөрчлөгдсөн, тэмцээний өмнө байнга хийдэг зуршил, хамгийн их тус болсон талаар тодрууллаа.
Н.Нандинхүсэл: Яах нь мэдэгдэхгүй хэцүү үед сагсан бөмбөгтэй хамт байсны ачаар илүү зөв замаа олж чадсан

Н.Нандинхүсэл: Миний хувьд харьцангуй залуу тамирчин болохоор шантрах үе бол байгаагүй гэж өмнө нь хэлдэг байсан. Өнгөрсөн жил Америк явах үед хэцүү үетэйгээ тулгарсан. Тухайн үед бэртэлтэй бас олон зүйл зэрэг болсноос болоод нэлээд жин хасаж, уналтад орсон. Тийм үедээ сагсан бөмбөгөөс өөр зүйлүүдээс юу суралцах болох талаар маш их хичээдэг байсан. Даван туулсан арга гэвэл цаг хугацаа байсан байх гэж бодож байна. Манай гэр бүлийн хэлдэг зөвлөгөө надад хамгийн их тус болдог. Тэд “Нэгэнт сагсан бөмбөгөөр тууштай хичээллээд ирсэн, чиний дуртай зүйл болохоор ямар нэгэн дарамт болгож битгий хараарай. Үргэлж хөгжилтэйгөөр сагсан бөмбөгөө тогло” гэж хэлдэг. Сагсан бөмбөгөөр хичээллэж эхлэх үед миний хамгийн анхны том зорилго бол “Enisey” багийн division 1-т тоглох байсан. Цаашлаад буцаж монголдоо ирээд шигшээ багаас дэлхийн аварга, олимпод оролцох нь миний зорилго байлаа. Энэ зорилгынхоо араас явж л байгаа. Яг хүрээгүй гэхдээ шигшээ багтаа шалгарч, том тэмцээнүүдэд оролцож байна. Мөн Америкт ч сургуулиуддаа тэнцсэн. Ер нь ойрхон байгаа гэж бодож байна. Ulaanbaatar Amazons багаас хамгийн анхны эмэгтэйчүүдийн дээд лигт нэгт баг болох санал ирсэн. Тухайн үед миний хамгийн анхны багш энэ багт орвол гарч болох сайн үр дагавруудыг санал болгосон. Багшийнхаа зөвлөсний дагуу Ulaanbaatar Amazons багт орсон. Тухайн жилд дээд лигийн аваргаар шалгарч, олон сайхан дурсамжтай үйл явдал болсон. Надад энэ жилийн аваргын цувралын тоглолтууд хамгийн их дурсамжтай байсан. Учир нь маш “алалцаантай” цуврал болсон. Мөн хүнд, том зүйлийн араас аварга авах нь бидэнд маш гайхалтай мөч байсан. Тэмцээний өмнө сагсан бөмбөгөө бодохгүй аль болох тайван байхыг хичээдэг. Зүгээр л энгийн өдөр шиг өөртөө ямар нэгэн дарамт өгөхгүй байхыг оролддог. Том тэмцээний өмнө багаараа хамт байрласан байдаг. Тэгэхээр тоглолтын өмнө дандаа дуу сонсдог. Миний хувьд поп юм уу, зөөлөн аялгуунууд сонсох дуртай. Гэхдээ тоглолтын өмнө дандаа доргисон дуунууд ихэвчлэн сонсдог. Сагсан бөмбөг гэдэг миний салшгүй нэг хэсэг болсон зүйл. Бага наснаасаа эхлээд л сагсан бөмбөг тоглосон. Яах нь мэдэгдэхгүй хэцүү үед сагсан бөмбөгтэй хамт байсны ачаар арай илүү зөв замаа олж чадсан. Хэрвээ сагсан бөмбөг байгаагүй бол одоо юу хийж явж байгаагаа ч сайн мэдэхгүй байна. Ямартай ч намайг ийм хүмүүжилтэй, өдий зэрэгтээ болоход миний бүх зүйлийг зааж өгсөн хамгийн том багш. Монголын сагсан бөмбөг том, өргөн хүрээтэй, хангамж, бололцоо нь ч гэсэн өөр хэмжээнд хүрсэн. Зөвхөн сагсан бөмбөгөөрөө бид ямар хэмжээнд хүрч болдгийг чадахаараа харуулахыг хичээж байгаа. Тийм болохоор хэрвээ шантрахгүй байж чадвал энэ байтугай хэмжээнд цаашаа илүү хөгжинө. Зөвхөн сагсан бөмбөгөөр хоолоо олоод өөрийгөө тэжээгээд амьдрах боломж хангалттай байгаа шүү гэдгийг харуулахыг хүсдэг. Иймээс битгий сагсан бөмбөгөө хаяарай, тууштай хичээллээрэй. Илүү олон хүүхдийг сагсан бөмбөгт хайртай болгоорой гэж хүсмээр байна.
Б.Ариунцэцэг: Их ичимхий, дуугүй хүүхэд байсан ч сагсан бөмбөгөөр хичээллэсний ачаар илүү нийтэч болсон
-Б.Ариунцэцэг: Ulaanbaatar Amazons баг байгуулагдаад зургаан жил болж байна. Анх байгуулагдахад нь л энэ багийн тамирчин болсон. Тууштай байхад гол нөлөөлсөн хүчин зүйл бол хоорондын ойлголцол, багийн бүрэлдэхүүн, арын алба, эзэд зэрэг юм. Энэ бүхнээс шалтгаалан өдийг хүртэл багтайгаа хамт явж байна. Тамирчин хүн бэртвэл эргэж сэргэхэд хэцүү. Миний хувьд бэртэл, гэмтлээс сэргийлэхийн тулд бэлтгэл эхлэхээс өмнө халаалт, биеийнхээ чангарсан хэсгийн булчинг суллах дасгал сунгалт сайн хийдэг.
Миний хувьд анх сагсан бөмбөгөөр хичээллэж байхад их дотогшоогоо, юм ярьдаггүй, ичимхий хүүхэд байсан. Сагсан бөмбөгөөр хичээллэсний ачаар илүү нээлттэй болж, харилцаа өөр болсон. Өөрт хэцүү санагдсан эсвэл тохиолдсон гоё зүйлээ илэн далангүй ярилцдаг. Илүү нийтэч болсон гэж хэлж болно. Өмнөхөөсөө бол түвшин ахисан байх. Анх эхэлж байсан зорилгоосоо илүү гарсан. Гэхдээ одоо надад дахиад зорилго бий. Түүндээ хүрэхийн тулд бага багар урагшилж, дутуу байгаа зүйлүүдээ туршаад, суралцаад л явж байна. Хамт бэлтгэл хийдэг ах нар миний сул талыг хэлж өгдөг нь их тус болдог. Хүн сул талаа мэдээд түүнийгээ сайжруулахыг хичээдэг. Ер нь миний эргэн тойрныхон бүгд л сул талаа засахад ил тусалдаг даа.
Өмнө нь тэмцээнтэй гэхээр их сандардаг байсан. Харин одоо олон тэмцээнд оролцоод үзсэн болохоор арай өөр болсон. Сандрал гэдэг зүйлийг мэдрэхгүй ямартай ч талбай дээр гараад өөрийнхөө хийж чаддаг, багтаа туслах ёстой зүйлүүлээ хийгээд өгөхөд болно гэж боддог. Өөртөө болон багийнхандаа итгэлтэй байхад анхаардаг. Энэ жилийн тэмцээнүүд илүү гоё дурсамжтай байна. Яагаад гэвэл манай баг түр хугацаанд завсарлаад саяхнаас 3×3 олон улсын тэмцээнүүддээ явж эхэлсэн.Тэр дундаас онцолбол Чендүд болсон тэмцээн маш их дурсамжтай бас амжилттай гоё байсан. Миний хувьд Чухал тэмцээнүүдийн өмнө хөлд эвтэйхэн пүүз сонгоход их ач холбогдол өгдөг. Пүүз гоё байвал илүү эрч хүчтэй байдаг. Сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлж байгаа дүү нартаа аливаа зүйлд тууштай байвал амжилтад хүрнэ гэдэг. Нэг зүйлдээ илүү тууштай байж дуртай зүйлийнхээ төлөө тэмцээрэй. Цаг хугацаагаа зарцуулаарай гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.