Монгол Улсад улаанбурхан өвчний халдварын тархалт эрчимжиж нийслэл болон бүх аймагт бүртгэгдсэнээр Эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Өвчлөлийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Дархлаажуулалтын албаны тандалт, мониторингийн тасгийн эрхлэгч В.Байгалиагаас тодрууллаа.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Улаанбурхан өвчний өнөөгийн нөхцөл байдлыг авч үзвэл 8000 гаруй хүүхэд, залуучууд халдвар авсан байгаа нь ноцтой үзүүлэлт юм. Зарим иргэн зуны амралтаар хичээл, сургуулиуд амарсан учраас халдварын тоо буурах байх гэж байгаа боловч энэ нь буруу ойлголт юм. Улаанбурхан нь халдварлах чадвар өндөр, хүнд явцтай өвчин бөгөөд нууц үе нь урт хугацаанд үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, халдвар авсан хүн шинж тэмдэг илрэхээсээ өмнө ч бусдад халдвар тараах боломжтой байдаг. Хүүхдүүд амралтаараа хөдөө эмээ өвөө дээрээ очиж байгаа нь халдварыг орон нутгийн хэмжээнд тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Анх улаанбурхан өвчний дэгдэлт Монгол орны ихэнх нутгийг хамарсан ч, Баян-Өлгий аймагт бүртгэгдээгүй байсан юм. Гэвч тус аймагт ч хоёр тохиолдол бүртгэгдсэнээр уг өвчин улсын хэмжээнд бүх аймагт тархсан.
Цаашид халдварын тоо нэмэгдэх өндөр эрсдэлтэй байгаа. Учир нь долдугаар сарын эхнээс улс даяар баяр наадмууд зохион байгуулагдаж, олон нийтийн үйл ажиллагаа нэмэгдэнэ. Энэ нь хичээл сургуулийн үеийнхтэй адил халдварыг өргөн хүрээтэй тараах нөхцөл бүрдүүлж болзошгүй. Харамсалтай нь эндэгдэл бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь вакцины насанд хүрээгүй буюу дархлаажуулалтад хамрагдаж амжаагүй хүүхдүүд байна. Гэвч нөгөө талдаа бидэнд улаанбурхантай тэмцэж байсан туршлага бий. Тухайлбал, 2015-2016 онд улаанбурхан улсын хэмжээнд эрчимтэй тархаж, тухайн үед 130 гаруй хүүхэд амь насаа алдсан гашуун сургамж үлдсэн. Энэ үеэр олж авсан хамгийн чухал, үр дүнтэй арга бол дархлаажуулалт байсан юм.
Бид энэ өвчнийг зөвхөн вакцинжуулалтаар л зогсоож чадна
Ж.Чинбүрэн
Иймд өнөөдөр бид дахин тэр туршлага дээрээ үндэслэн, вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд анхаарч байна. Засгийн газраас шаардлагатай төсөв, нөөцийг гаргаж, хүүхэд бүрийг дархлаажуулалтад бүрэн хамруулах зорилт тавьж байгаа. Наадмаас өмнө, мөн хүүхдүүд зуслангийн газруудад явахаас өмнө вакциндаа хамрагдах нь чухал байна. Түүнчлэн зарим эцэг, эх вакцины талаарх худал мэдээлэлд итгэж, хүүхдээ дархлаажуулалтад хамруулахгүй байх үзэгдэл гарч байна. Шинжлэх ухаанаар батлагдсан, олон жилийн турш хэрэглэгдэж ирсэн вакциныг эсэргүүцэж байгаа нь зөвхөн өөрийн хүүхдийг төдийгүй бусдыг ч эрсдэлд оруулж байгааг ухамсарлах шаардлагатай. Эцэг эхчүүдээс асуухыг хүсэж байгаа зүйл бол Монголд вакцин хийлгэхгүй байснаас болж эндэж байгаа хүүхдүүдийн амь насыг та нар хариуцах уу. Харин дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүд халдвар авахгүй, бусдад халдвар тараахгүй байх боломжтойгоороо эмнэлгийн байгууллагын ачааллыг ч бууруулах ач холбогдолтой. Тиймээс үндэслэлгүй мэдээлэлд автахгүй, шинжлэх ухаанд суурилсан мэдлэгийг сонсож, хүүхдээ вакцинд заавал хамруулахыг уриалж байна. Улаанбурханы вакцин нь шинэ вакцин биш бөгөөд олон арван жилийн өмнөөс дэлхий даяар хэрэглэгдэж ирсэн, найдвартай, үр дүнтэй дархлаажуулалтын арга юм.
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Дархлаажуулалтын албаны тандалт, мониторингийн тасгийн эрхлэгч В.Байгалиас зарим асуултад хариулт авлаа.
-Улаанбурхан өвчний тархалт өндөр байгаа тул бага насны хүүхдүүдийг хэрхэн хамгаалах боломжтой вэ?
-Улаанбурхан өвчний халдвар зонхилон 10-14 насны хүүхдүүдийн дунд тархаж байгаа бөгөөд хамгийн их эрсдэлтэй бүлэгт 0-6 сартай, вакцинд хамрагдах нас нь болоогүй нярай хүүхдүүд багтаж байна. Судалгаагаар 10 мянган хүүхэд тутмын 80 гаруй нь ийм бага насны хүүхдүүд байгаа юм. Эдгээр хүүхдүүд халдварыг ихэвчлэн өөрсдийн гэр бүлийн гишүүдээсээ авч байна. Иймд хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэлт бол гэр бүлийн бүх гишүүдийг вакцинд бүрэн хамруулах явдал юм. Дархлаажуулалтад хамрагдсан томчууд нь вакцинд хамрагдаагүй нярай хүүхдүүдийг хамгаалах дархлааны хамгаалалтын бүс болж өгдөг. Үүнээс гадна Эрүүл мэндийн салбарынхан 6-8 сартай хүүхдүүдийг дархлаажуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Учир нь эндэгдэл, хүндрэл гол төлөв энэ насны хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байгаа юм. Халдварын эрсдэл өндөр байгаагаас шалтгаалан 6-8 сартайд нь вакцин хийж, эртнээс хамгаалах арга хэмжээ авч эхэлсэн байна.
Улаанбурхан өвчний онцлог нь тууралт илрэхээс 4 хоногийн өмнөөс эхлэн, тууралт гарсны дараах 4 хоногийн турш хамгийн халдвартай байдаг. Тиймээс таны эргэн тойронд улаанбурханаар өвчилсөн хүн байгаа бол та автоматаар хавьталд тооцогдоно. Энэ тохиолдолд танд өвчнөөс сэргийлэх голомтын вакцин зайлшгүй шаардлагатай. Хавьтал болсон иргэд 72 цагийн дотор вакцинд хамрагдвал улаанбурхан өвчнөөр өвчлөх эрсдэл 85-90 хувиар буурдаг. Иймд та аль болох богино хугацаанд, яаралтай вакциндаа хамрагдах хэрэгтэй. Вакциныг өрхийн эмнэлгээр дамжуулан авах боломжтой. Мөн Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн хүлээн авах тасагт 24 цагийн турш дархлаажуулалт хийгдэж байгаа. Өвчний тархалтыг зогсоох цорын ганц үр дүнтэй арга бол хамгийн богино хугацаанд олон нийтийг дархлаажуулалтанд бүрэн хамруулах юм. Иймд иргэд өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд вакциндаа цаг алдалгүй хамрагдах шаардлагатай.
-6-8 сартай хүүхдийн вакцин одоо хийгдэж байгаа вакцинаас юугаараа өөр вэ?
-Одоогийн байдлаар хуваарьт товлолын дагуу хийдэг вакцин нь улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг гурван өвчнөөс сэргийлдэг. Харин 6–8 сартай хүүхдэд зөвхөн улаанбурханы эсрэг вакцин хийгдэж байна. Энэ төрлийн вакциныг манай улс өмнө нь ч олон удаа хэрэглэж байсан бөгөөд хүүхдэд сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй.
2024 оны хоёрдугаар сарын 11-нээс хойш гурван сарын хугацаанд нийт долоон хүүхэд улаанбурхан өвчний улмаас нас барсан нь бага тоо биш юм. Мөн ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасгаар 100 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлсэн нь өвчний хүндрэл бага насныхны дунд хэр зэрэг өндөр байгааг харуулж байна. Иймд эцэг эхчүүд 6–8 сартай хүүхдүүдээ дархлаажуулалтад заавал хамруулах хэрэгтэй. Хэрэв тухайн насны хүүхдэдээ вакцин хийлгэх боломжгүй буюу хойшлуулах гэж байгаа бол гэр бүлийн бүх гишүүд дархлаажуулалтад хамрагдаж, халдвараас хүүхдээ хамгаалах үүрэгтэй. Мөн хүүхдийг дархлаа сайтай байлгахын тулд хөхөөр хооллолтыг дэмжих нь маш чухал. Эцэг, эхчүүд хүүхдээ аль болох хөхөөр хооллож, дархлааг нь байгалийн аргаар дэмжих хэрэгтэй. Үүнээс гадна гэрийн орчны эрүүл ахуй, агаарын чанарт анхаарах шаардлагатай. Тухайлбал, өдөрт дор хаяж хоёр цаг тутамд өрөө тасалгааны агаар сэлгэлт хийж, цэвэр орчныг бүрдүүлэх нь халдварын эрсдэлийг бууруулахад тусална.
-Вакцины талаарх буруу ойлголт нь халдварт өвчний тархалтыг улам нэмэгдүүлж байна уу?
-Сүүлийн жилүүдэд вакцины эсрэг үзэл бодолтой хүмүүсийн тоо нэмэгдэж, олон нийтийн дунд эргэлзээ үүсэх болсон. Ялангуяа COVID-19 цар тахлын үеэр хийгдсэн вакцинтай холбоотой ташаа мэдээлэл, сөрөг хандлагын улмаас улаанбурхан зэрэг олон жилийн өмнөөс товлосон дархлаажуулалтад ч хүмүүс эргэлзэх хандлага ажиглагдаж байна.
Үүний улмаас вакцин эсэргүүцэгчдийн нөлөөлөлд автан вакцины талаарх худал мэдээлэлд итгэж, дархлаажуулалтаас татгалзах хүмүүсийн тоо нэмэгдсэн. Энэ нь зөвхөн өөрийн хүүхдийг төдийгүй бусдыг ч эрсдэлд оруулж байгааг иргэн бүр ухамсарлах ёстой. Тиймээс Эрүүл мэндийн байгууллагууд болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс нотолгоонд суурилсан, шинжлэх ухаанаар баталгаажсан үнэн зөв мэдээллийг олон нийтэд тогтмол, өргөн хүрээнд хүргэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Иргэд цахим орчин дахь ташаа мэдээлэлд автахгүй, зөв мэдээллээ зөв эх сурвалжаас авах хэрэгтэй.
Улаанбурхан өвчний эсрэг вакцин нь сайн дурынх биш бөгөөд улсын хэмжээнд батлагдсан товлолт дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд заавал хийлгэх ёстой вакцин юм. Энэ нь зөвхөн тухайн хүүхдийг өвчлөлөөс хамгаалаад зогсохгүй, нийт хүн амын дунд халдварын тархалтыг хязгаарлах, дэгдэлтийг зогсоох чухал ач холбогдолтой. Түүнчлэн халдварын голомтод ойр байсан буюу хавьтал болсон хүмүүс голомтын вакцинд заавал хамрагдах шаардлагатай. Учир нь энэ төрлийн вакцин нь халдвар цааш тархахаас сэргийлэх үр дүнтэй арга юм. Тиймээс иргэн бүр улаанбурхан өвчнөөс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахын тулд шинжлэх ухаанд суурилсан мэдээлэлд итгэж, вакциндаа цаг алдалгүй хамрагдах нь чухал юм.