Open iToim app
Эрүүл мэнд | 2 мин уншина

Америк ХДХВ-ийн халдвараас 100 хувь хамгаалах анхны вакциныг танилцууллаа

Америк ХДХВ-ийн халдвараас 100 хувь хамгаалах анхны вакциныг танилцууллаа
Нийтэлсэн 2 минутын өмнө
АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас Хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/-ийн халдвараас сэргийлэх зориулалттай шинэ төрлийн тарилгыг баталлаа. “Lenacapavir” нэртэй уг эмийг “Yeztugo” нэрээр худалдаалах бөгөөд ХДХВ-ийн өндөр эрсдэлтэй хүмүүс жилд ердөө хоёр удаа тариулснаар халдвараас сэргийлэх боломжтой болж байна. Энэ нь ХДХВ-ийн эсрэг тэмцэлд түүхэн шинэ алхам боллоо гэж үзэж байна.
Өмнө нь халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр шахмал эм уух шаардлагатай байсан нь хэрэглэгчийн тогтмол байдалд сөргөөр нөлөөлдөг байсан бол энэхүү шинэ тарилга нь удаан хугацаанд үйлчилдэг тул илүү үр дүнтэй, хялбар хэрэглээтэй болжээ.
Lenacapavir-ийг боловсруулсан Gilead компанийн хоёр клиник туршилтаар уг эм нь эмэгтэйчүүдийн дунд 100 хувь, эрэгтэйчүүд болон хүйсийн хувьд өөрөөр тодорхойлогддог хүмүүст 96 хувийн үр дүнтэй байжээ. Анх 2022 онд вирусийн эсрэг уламжлалт эмэнд тэсвэртэй болсон ХДХВ-ийн халдвартай хүмүүст зориулан эмчилгээнд хэрэглэгдэж байсан энэ эмийг одоо урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх боломжтой болсон нь томоохон ахиц юм.
Lenacapavir нь бие махбодод удаан хугацаанд хадгалагддаг, мөн вирус өөрийгөө хуулбарлах олон үйл явцад нөлөөлдөг онцгой шинж чанартай. Энэ нь зөвхөн дархлааны тогтолцоог дэмжих төдий бус, вирус биед нэвтрэхээс өмнө шууд хориг тавьдаг тул вакцинтай төстэй хамгаалалт үзүүлж байна. ХДХВ-ийн эсрэг вакцин хараахан амжилттай хийгдээгүй өнөө үед ийм үр дүнтэй эм гарч ирсэн нь шинжлэх ухааны хувьд томоохон дэвшил болжээ.
Гэсэн хэдий ч энэ эмийг хэрэглэхийн тулд заавал эмчийн хяналтад байх, мөн тарилга хийхийн өмнө ХДХВ-ийн шинжилгээ өгч сөрөг үр дүнтэй байх шаардлагатай аж.
Ирээдүйд энэхүү тарилгыг хэрэглэгч өөрөө жилд хоёр удаа хийж болох хэлбэрээр хөгжүүлэх нь илүү хүртээмжтэй, хэрэглээнд нийцтэй хувилбар болж чадна гэж судлаачид үзэж байна. Ингэснээр lenacapavir нь инсулины тарилга шиг өдөр тутмын амьдралд байнга хэрэглэгддэг, энгийн эмчилгээний арга болж магадгүй.
Дэлхий даяар ХДХВ-ийн халдвараас сэргийлэх хөтөлбөрүүдийг өргөжүүлэхэд энэхүү шинэ тарилга чухал түлхэц өгөх бөгөөд илүү олон хүнд найдвартай хамгаалалт үзүүлэх боломжийг нээжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн