-Төрөөс дараах дөрвөн арга хэмжээ авбал багшийн дутагдлаас гарч болно-
УИХ-ын даргын захирамжаар Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, багшийн хомсдолыг арилгах, багшийн үнэлэмжийг судлах ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах ахалж байгаа билээ. Тэгвэл энэ Ажлын хэсгийн үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай ярилцлаа.
-Танай ажлын хэсэг хаврын чуулганд санал дүгнэлтээ танилцуулах юм байна. Үр дүнгээсээ та уншигчдад танилцуулж болох уу?
-УИХ-ын даргын 114-р захирамжаар Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, багшийн хомсдол, сургуулийн менежментийг сайжруулахтай холбоотой асуудлыг судлаад санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Манай ажлын хэсэгт 21 гишүүн орж ажилласан. Бүтэн жилийн турш ажиллаад санал дүгнэлтээ УИХ-ын даргад хүргүүлэх гэж байна. Ажлын хэсэг суурь судалгаанууд хийж, одоо байгаа нөхцөл байдлыг бодитоор гаргаж ирэхэд анхаарсан. Багшийн хомсдол ямар шалтгаанаас бий болоод байгаа, ямар түвшинд байна, хэрхэн шийдвэрлэх талаар судалгаа хийсэн. Мөн олон тооны хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ялангуяа МУБИС-тай нэлээд ойр хамтран ажиллалаа.
-Багшийн хомсдол ямар түвшинд байна вэ. Мөн хот, хөдөөгийн ялгаа хэр байна вэ?
-2024 оны есдүгээр сард П.Наранбаяр сайд 4200 багш дутагдалтай байгааг зарласан. Тэр үед манай баг багшийн 7 хоногийн нормт цагт үндэслэн тооцоо хийж үзэхэд 5700 орчим багш дутагдалтай гэсэн дүгнэлт гарч байв. Яг норм стандартаар нь ажиллуулбал ийм хэмжээний багш дутагдаж байна гэсэн үг.
Би монголын нийт сургуулийг дөрөв ангилж болно гэж үздэг. Хөдөө орон нутгийн сургууль. Энэ нь дотроо сумын сургууль, аймгийн төвийн сургууль. Нийслэлийн сургууль. Үүнийг хотын төвийн сургууль, хотын захын сургууль гэж ангилж болно. Би ангилаад байгаа юм биш, угаасаа манай засаг захиргааны нэгж ийм бүтэцтэй байгаа. Байршлаас хамаараад хүүхдийн тоо, багшийн тооноос эхлээд харилцан адилгүй олон зүйл байна. 100 хүрэхгүй хүүхэдтэй сумын сургууль байхад хотод 5000-6000 хүүхэдтэй хотын төвийн сургууль байна. Гэхдээ дунджаар аль ч сургуульд 15-20 хувийн багшийн дутагдал байгаа нь нийтлэг байна.
-Багш дутагдалтай байгаагийн шалтгаан нь юу вэ. Цалин, ажлын ачааллаас болж байна уу. Мөн багш сурагчдадаа шаардлага тавих эрхгүй болчихоод байгаа шүү дээ. Хатуухан шаардлага тавибал хүний эрх зөрчлөө гэдэг асуудал ярьдаг болсон?
-Манай ажлын хэсэг энэ асуудал дээр судлаачдын багийг ажиллуулсан. Г.Ариунхишиг, Э.Сүндарь судлаач нараар “Багшийн ажлын байрны зураглал, ажлын ачаалал” талаар гэрээт судалгааг хийлгэсэн. Судалгааны дүгнэлтийг ажлын хэсэг дээрээ сонссон. Энэ судалгааны үр дүн дүгнэлтийн талаар судлаач нараар өөрсдөөр нь яриулсан нь дээр гэж бодож байна. Та хэд уулзаарай. Маш ноцтой дүгнэлтүүд гарсан байсан. Сумын сургууль, хотын төвийн сургууль өдөр шөнө шиг ялгаатай байгааг тэд хэлж байгаа. Нийтлэг нэг дүгнэлт нь “багш сургалтынхаа үндсэн ажлыг хийхгүй байна. Сургалтын бус ажилд хамаг цагаа үрээд байна. Статистик мэдээ бөглөх, ирц бүртгэх, ямарч үр дүнгүй хурал цуглаанд оролцох, өөр ажилд дайчлагдах” гэх мэт ажил хийж байгааг онцолсон. Ер нь багш хүн өдөрт 40 минутаар 4 цаг хичээл заах буюу 7 хоногт 19 цагийн л нормтой хүмүүс. Бусад цагтаа маргаашийнхаа хичээлийг бэлтгэх, шалгалтын материалаа засах, сурагчидтайгаа ярилцах, давтлага өгөх ажил хийх ёстой юм. Энэ ажлаа хийхгүй өөр ажил хийгээд байгаа нь багш нарыг ихэд залхааж байна. Мөн багш дутагдалтайгаас байгаа багш нараа илүү цагаар ажиллуулж байгаа нь ихээхэн ачаалал болж байна. Хичээлийн бэлтгэл сайнгүй байгаа нь багш нарын шантрах, халширах бас нэг шалтгаан болж байна.
Түүнчлэн хүмүүс хоорондын харилцаа ихээхэн төвөгтэй болсон. Ялангуяа сурагчидтай харилцах харилцаа, эцэг, эхтэй харилцах харилцаа бүр ээдрээтэй төвөгтэй болсон. Хүн бүхэн чөлөөтэй сургууль, багш нар руу дайрдаг нь багшийг стресстүүлж, ажлаас гарах үндсэн шалтгааны нэг болж байна. Үүнийг бид хэрхэн болиулж, багш нараа хамгаалах вэ гэхээр сургуулийн менежментээ сайжруулах шаардлагатай гэсэн санал их гарсан. Менежментээ сайжруулбал, сургуулийн бие даасан байдал хангагдаж, гадны аливаа дарамт шахалтаас ангид байх нөхцөл бүрдэх боломжтой. Ингэснээр багш нар үндсэн ажлаа төвлөрч хийх боломжтой гэсэн дүгнэлт судалгаагаар гарсан.
Гэхдээ дандаа сөрөг зүйл боловсролд байгаа биш шүү. Багшийн сайн талыг харуулсан контент, ярилцлагыг манай байгийнхан олноор хүргэж байна. Багшийн ажлыг хүн дурлаж хийдэг. Би ч гэсэн насаараа багш хийсэн хүн. Багш хүн гэдэг ирээдүй үеэ бэлтгэж гаргадаг, шавь нарынхаа сайн сайхан явж байгааг хараад “энэ миний шавь” гээд бахархдаг сайхан ажил. Ажилдаа дуртай, сэтгэл хангалуун явж байгаа маш олон багш байгаа гэдгийг дурьдмаар байна. Тиймээс сайн талыг нь улам дэлгэрүүлж дэмжих, саар талыг нь багасах ёстой.
-Ажлын хэсэг хаврын чуулганд санал дүгнэлтээ танилцуулах юм байна. Тэгвэл Боловсролын яаманд үр дүнгээсээ гэдэг юм уу санал, чиглэл өгөх үү?
-Бид бичгээр УИХ-ын даргад дүгнэлтээ өгөх учиртай. Намрын чуулганд танилцуулна. Мэдээж тэр санал дүгнэлтээ хамгийн түрүүн Яаманд өгч ажил хэрэг болгоход анхаарна. Ер нь би өөрийгөө Боловсролын яамныхантай нилээн нягт тулж ажиллаж байгаа гэж бодож байгаа. 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Үүний хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах хоёр ажлын хэсэг байгуулагдсан.
Өнгөрсөн хичээлийн жилийн эхэнд буюу 2024 оны есөн сарын нэгэнд 4200 багш дутуу байсан бол энэ жил түүнээс олон багш дутах тооцоо гарч байгаа. Тэр дутуу 4200 багшийг нөхөөгүй, харин яаж ийж байгаад аргалчихсан юм. Багш нарыг илүү цагаар ажлуулах, тэтгэвэртээ гарсан багшийг буцаж авах, мэргэжлийн бус хүнийг курсээр багш болгох зэргээр аргалсан шүү дээ. Зарим сургуульд зарим хичээлийг багшгүйгээс болж хаасан ч тохиолдол бий.
Хүмүүс хоорондын харилцаа ихээхэн төвөгтэй болсон. Ялангуяа сурагчидтай харилцах харилцаа, эцэг, эхтэй харилцах харилцаа бүр ээдрээтэй төвөгтэй болсон. Хүн бүхэн чөлөөтэй сургууль, багш нар руу дайрдаг нь багшийг стресстүүлж, ажлаас гарах үндсэн шалтгааны нэг болж байна.
Ж.Галбадрах
-Багшгүй гээд хичээлээ хаасан сургуулиуд байна уу?
-Байлгүй яах вэ. Хими, физик зэрэг нарийн мэргэжлийн багшгүй сургуулиуд олон байсан. Мөн манай салбар эмэгтэй залуу багш нар ихтэй. Декритээ авна гэх мэт гэнэтийн зүйлүүд гардаг. Дутагдсан багшаа олох асуудал эцсийн эцэст сургуулийн захирлын толгой дээр ирчихээд байгаа юм. Гэтэл энэ ажлыг төр бодлогоор бэлтгэж, яам хариуцаж хийх ёстой ажил юм. Багшийн хомсдлын нэг шалтгаан багш нар ажлаасаа их гарч байна. Жилд 3000 орчим багш буюу нийт багш нарын 10 хувь нь ажлаасаа гарч байна гэсэн судалгааны үр дүн бий. Ирэх есдүгээр сарын 1-нд 6000 орчим багш дутах байх гэсэн төсөөлөл байна. Тиймээс үүнийг аюулын харанга цохиж, ярих ёстой. Хамгийн эхэнд авах арга хэмжээ бол хөдөлмөрийн зах зээлд байгаа багш мэргэжлээрээ ажиллахгүй байгаа хүмүүсийг санхүүгийн хөшүүргээр буцаж ирүүлэхээс эхлээд тодорхой арга хэмжээ авбал, багшийн хомсдолыг багасгаж чадна.
-Тухайлбал, ямар арга хэмжээнүүд вэ?
-Энэ бол зөвхөн миний бодож байгаа шийдлүүд. Үүнийгээ Ажлын хэсэг, байнгын хороон дээр танилцуулж, Боловсролын яаманд санал болгож хүргүүлээд байгаа.
Нэгд, багш болох оюутнуудын тоо, чанарыг нэмэгдүүлэх. “Багш мэргэжил сайхан шүү” гээд ирэхгүй. Тиймээс санхүүгийн хөшүүрэг байх ёстой. Тэр нь цалинтай оюутан. ЭЕШ-д 600-аас дээш оноо аваад багш мэргэжил сонговол онооноос нь хамааруулж, сар бүр 600 мянган болон түүнээс дээш төгрөгийн тэтгэлэг (цалин) олгоё. 1000 оюутан ийм хөтөлбөрөөр сургахад жилд ердөө 7-8 тэрбум хэрэгтэй. Цалин аваад сурсан бол төгсөөд нутагтаа, төрөлхи сургуульдаа очиж багшилна гээд “Шилдэг төгсөгч төрөлхи сургуульдаа багшлах” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж болно. Хэрвээ ингэвэл багш мэргэжлээр төгссөн оюутгууд 100 хувь мэргэжлээрээ ажиллана. Одоо бол багшаар төгсөж байгаа хүмүүсийн 33-35 хувь нь л мэргэжлээрээ ажиллаж байна.
Хоёрт, дөнгөж төгсөөд багш болоод очих үед нь очер дугаар харгалзахгүйгээр ипотекийн зээлд хамруулах. Мөн урьдчилгааны баталгаа 30 сая төгрөгийг төр дааж зээлээр өгөх. Хэрвээ орон нутагтаа тогтвор суурьшилтай 5-аас дээш жил ажиллавал тэрхүү зээлийг урамшуулал болгож хөнгөлөх хэрэгтэй. Үүнд үүнд жил бүр 500 шинэ багшийг хамрууллаа гэхэд 1.5 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Мэдээж үндсэн багш нар журмын дагуу ипотекийн зээлдээ хамрагдана. Тэр тоог бас нэмэх шаардлагатай.
Гуравт, дээр хэлсэнчлэн хөдөлмөрийн зах зээл дээр байгаа багш мэргэжилээрээ ажиллахгүй байгаа хүмүүсийг буцаж багшлуулах. Багшийнхаа ажилд дуртай ч цалин бага учраас өөр ажил хийгээд явж байгаа хүмүүсийг эргүүлэн татахдаа нэг удаадаа 10 сая орчим төгрөгийн буцалтгүй тусламж өгөх. Гэхдээ 3-5 жил ажилласан туршлагатай, үр дүн гаргаж байсан гэдгийг нь харгалзан үзнэ. Үүгээр жил бүр 2000 орчим багш татлаа гэхэд 5 жилд 10 мянган багшаа хангах боломжтой болно. Үүнд 20 орчим тэрбум төгрөг жилдээ шаардлагатай. Ер нь хөдөлмөрийн зах зээл дээр 30 гаруй мянган хүн багш мэргэжлээрээ ажиллахгүй байна гэсэн судалгаа бий.
Дөрөвт, цалин нэмэх. Зөвхөн багш нарын цалинг нэмнэ гэхээр ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Одоо их сургуулиа төгсөөд шинээр багшаар очиж байгаа хүн сард 1.490.000 төгрөгийн цалин авч байгаа. Ийм цалингаар багш болох хүн олдохгүй байна. Тиймээс багшийн цалинг ядаж 2 саяас эхлүүлье гэж байгаа юм. Зөрүү болох 500 мянган төгрөгийг “багшийн хишиг” гэж нэрлээд нэмэлт байдлаар олгох хэрэгтэй. Шинэ төгсөгч 2000 багшийг ингэж дэмжихэд ердөө 1 тэрбум төгрөг хэрэгтэй ба 5 жил үргэлжлэхэд 25 тэрбум орчим хэрэгтэй. Энэ бол зөвхөн гарааны цалинг нэмэх тухай ярьж байна. Харин үндсэн цалин, бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатай авах зайлшгүй шаардлага бас байгаа. Үүнд гүйцэтгэлийн үнэлгээний нэмэгдэл болон бусад урамшуулалыг оновчлох хэрэгтэй.
-Энэ шийдлүүдийг ашиглавал боловсролын салбарт ямар ахиц дэвшил гарах вэ. Багшийн хүртээмжээс гадна боловсролын чанар, ялгаа гээд маш олон асуудал байгаа шүү дээ?
-Сургуулийн анхдагч хэрэгцээ бол стандартын дагуу баригдсан сургуулийн барилга хүртээмж, сайн бэлтгэгдсэн багшийн хүрэлцээ. Энэ хэрэгцээгээ шийдсэний дараа бид сургалтын хөтөлбөр, үнэлгээ, хичээлээс гадуурхи ажил, сургуулийн менежмент, сурах бичиг зэргээ ярих хэрэгтэй. Энэ хоёр үндсэн хэрэгцээ хангагдаагүй тохиолдолд сургалтын чанар ярихад хэцүү. 2028 он хүртэл 108 сургууль, 95 цэцэрлэг баривал нэг ангид байх хүүхдийн тоо 40-өөс доош орно. Ингэвэл багш сургалтаа чанартай явуулах боломж бүрдэнэ. Багш дутагдалтай байгаад байвал юун сургалтын чанар ярих. Төр бодлогоор багшаа л сайн бэлдэж өгөх шаардлага үүсээд байна.
-Сум бүхэнд 12 жилийн сургалттай сургууль бий. Энэ нь багш дутагдах нэг шалтгаан болж байна уу. Өмнө нь сумандаа 8 жил сураад аймгийнхаа төв дээр хоёр жил сураад төгсдөг байсан шүү дээ?
-Энэ бас нөлөөлж байгаа. Гэхдээ нөгөө талаас нь бас харах хэрэгтэй юм билээ. Сумандаа 12 жил төгсөнө гэдэг тухайн хүүхэд, гэр бүл сумандаа амьдрах нэг гол нөхцөл. Есдүгээр анги төгсөөд, сүүлийн гурван жил аймгийн төвд сурахаар болбол тэр гэр бүл аймаг нүүх шаардлага үүснэ. Тиймээс сум улам хоосроод, хүмүүс нь шилжих гэх мэт олон асуудал үүснэ. Үүнийг төр бүсчилсэн хөгжлийн бодлогоороо шийдэх ёстой. Бүсчилсэн хөгжил орон нутгийн олон асуудлыг шийднэ гэж харж байгаа. Энэ олон сум хэрэгтэй юу, үгүй юү. Эсрэгээрээ сумын сургуулиас гадна багийн сургуультай болох шаардлага орон нутагт үүсээд байгаа. Хөдөө орон нутгаа хүнгүйдүүлчихгүйн тулд сайн сургалтыг малчин өрхөд өгөх бодлого руугаа орох нь зөв. Үүн дээр технологийн дэвшлийг ашиглах бүрэн боломж бий. Цахим сургалт, хиймэл оюуны технологийг ашиглах шаардлагатай.
-Боловсролын ерөнхий хуулиар энэ хичээлийн жилээс III ангиас англи хэл ордог болгосон. Хүний нөөц байгаа юу?
-Өнгөрсөн хичээлийн жилд 100 сургууль дээр III ангиас нь англи хэлний хичээл оруулахыг туршсан гэж сонссон. Тэндээс дүгнэлтүүд гарах байх. Ер нь хоёр анги доошлуулахын тулд багшийн нөөц, анги танхимаа сайн бэлтгэх шаардлага байсан. Хүний нөөцөө бэлдээгүй хэрэгжүүлээд эхлэхээр англи хэлний багш нараа хүчээр бага анги руу оруулахаар дунд, ахлах ангийн багш нар хомсдож байгаа гэсэн мэдээлэл бий. Хүний нөөцөө дутуу бэлдэж орсон дутагдал бий.
Япон улс гурван жилийн өмнөөс манайхтай адил III ангиас нь англи хэл үздэг болсон. Үүнээс өмнө бага сургуулийн 6 жил англи хэл таг үзэхгүй явж байгаад дунд ангисаа үздэг байсан. Тэгээд багын III ангиас англи хэл үзэх маргаан олон жил явж байгаад арай гэж шийдсэн нь тэр. Гэхдээ Японы ялгаа нь гурван жил бэлтгэлээ сайтар хангасан. Сургууль бүхэн заавал нэг гадаад багштай байна, дунд ангид зааж байсан багш нарыг бага ангид заах арга зүйд тусгай хөтөлбөрөөр бэлтгэсэн. Нэг үгээр хэлбэл, 3 жилийн турш нарийн судалгаа, багшлах хүний нөөцөө 100% бэлдэж байж хэрэгжүүлэх ажилдаа орсон доо. Бид боловсролд хийх шинэчлэлийг ингэж л хийх учиртай. Харин манайх хүний нөөцөө бэлдээгүй байж хуулиа хэрэгжүүлээд эхэлсэн, Нэгэнт хууль гарчихсан учраас хэрэгжүүлэх ёстой гээд зүтгэсэн. Багшлах хүний нөөцөө маш сайн бэлтгэх шаардлага байна даа, бидэнд.