ЕБС-иа дөнгөж төгсөж буй шинэхэн төгсөгчдийн өмнө шинэ амьдралын нэгэн чухал үе шат эхэлж байна. Өнөө цагт их сургуульд суралцана гэдэг зөвхөн диплом авах зорилго төдий бус, харин амьдралд хэрэгтэй ур чадвар эзэмшиж, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болон төлөвших хариуцлагтай үйл явц болсон билээ.
XXI зуунд дэлхий дахин технологи, мэдээлэл, хиймэл оюун ухаан, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон чиглэлд эрчимтэй хувьсаж байна. Энэ өөрчлөлтийн нөлөөгөөр хөдөлмөрийн зах зээл, мэргэжлийн бүтэц, боловсролын хэрэгцээ огцом өөрчлөгдөж, залуу үеэс урьд өмнөхөөс илүү өргөн хүрээний чадварууд ба шинэ сэтгэлгээ шаардах болжээ. Ийм үед ахлах сургуулиа төгсөөд оюутан болох гэж буй залууст ямар чадвар хамгийн чухал болон цаашид ямар мэргэжил илүү үнэ цэнтэй байх талаар багахан зөвлөгөө хүргэе.
• • •
1. Дасан зохицох чадвар: XXI зууны хамгийн чухал ур чадвар
Технологийн дэвшил, хиймэл оюун ухаан, автоматжуулалт, дижитал платформууд өнөөдөр аж үйлдвэрийг урьд хожид байгаагүй хурдтайгаар өөрчилж байна. Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы “Ажил мэргэжлийн ирээдүй” тайланд дурдсанаар, ойрын таван жилд ажилчдын 44 хувийн ур чадвар өөрчлөгдөх төлөвтэй байгаа юм. Энэ нь нэг мэргэжлийн мэдлэгээс илүүтэйгээр шинэ зүйл сурах, хуучнаа орхин, дахин суралцах чадвар хамгийн үнэ цэнтэй болж буйг харуулж байна.
Зөвлөгөө: Өөрчлөлтөд нээлттэй бай. Карьераа хэт эрт хязгаарлах хэрэггүй. Харин олон төрлийн чадвар эзэмших боломжтой хичээл, дадлагыг сонго.
2. Дижитал болон хиймэл оюун ухааны мэдлэг: Сонголт биш, зайлшгүй шаардлага
Хүмүүсийн ажил үүргийн ихэнх хэсгийг технологиуд дэмжиж, заримыг нь бүр орлож эхлээд буй. Программ хангамж хөгжүүлэлт, өгөгдлийн шинжлэх ухаан, кибер аюулгүй байдал зэрэг салбарууд дижитал мэдлэгийг шаарддаг. LinkedIn Learning судалгаагаар дэлхий даяар хамгийн эрэлттэй ур чадваруудын жагсаалтыг дижитал ур чадварууд тэргүүлэх болжээ.
Зөвлөгөө: Хэрвээ боломж олдвол код бичих, өгөгдөл боловсруулах, AI-ийн суурь ойлголт зэрэгтэй холбоотой хичээл заавал судлаарай. Ямар ч мэргэжилтэй байсан танд давуу тал болно шүү.
3. Шүүмжлэлтэй сэтгэхүй ба асуудал шийдэх чадвар
Хэдийгээр компьютер их хэмжээний мэдээлэл боловсруулж чаддаг ч хамгийн зөв асуултыг зөвхөн хүн л тавьж чадна. Ажлын байранд хамгийн эрэлттэй ур чадварын нэг бол шүүмжлэлтэй сэтгэх, дүн шинжилгээ хийх чадвар юм. Аль ч чиглэлээр суралцаж байсан логик сэтгэлгээ, асуудлыг олон өнцгөөс харж шийдвэрлэх нь таныг бусдаас ялгах нэг үндэс болж өгнө.
Зөвлөгөө: Хичээл дээрээ идэвхтэй оролцож, маргаан өрнүүлж, судалгаа хийгээрэй. Мэдээллийг зүгээр цээжлэх биш, “Яагаад?” гэж асууж сурах хэрэгтэй шүү.
4. Сэтгэл зүйгээ удирдах, хамтран ажиллах чадвар
Ажил мэргэжил улам бүр багийн ажил, олон нийтийн харилцаанд суурилж байгаа энэ үед хамт олонтойгоо зөв харьцах, бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох чадварууд онцгой ач холбогдолтой. Эмч, багш, сэтгэл зүйч, хүний нөөцийн менежер зэрэг мэргэжлүүд сэтгэл зүйн чадварыг өндөр түвшинд шаарддаг.
Зөвлөгөө: Клуб, сайн дурын ажилд оролцож, боломжтой бол хөтөлбөр удирдаж үзээрэй. Эдгээр зүйлс харилцааны болон манлайллын чадварыг хөгжүүлдэг.
5. Бүтээлч сэтгэлгээ ба насан туршийн суралцах хүсэл
Автоматжуулалт нь давтагддаг ажлуудыг хийхэд сайн ч, шинэ санаа, бүтээлч шийдэл гаргахдаа хүнтэй харьцуулахын аргагүй чадвар дутмаг. Тиймээс ирээдүйд бүтээлч сэтгэлгээтэй, цоо шинэ санааг олж хардаг хүмүүс илүү үнэ цэнтэй байх болно.
Түүнчлэн ур чадварууд байнга шинэчлэгддэг тул насан туршдаа суралцдаг хүмүүс илүү өндөр орлого, ажлын сэтгэл ханамжтай байдаг гэж OECD-ийн 2023 оны судалгаанд дурджээ.
Зөвлөгөө: Салбар хоорондын хичээлүүд судалж, өөрийгөө туршиж үз. Хичээлээс гадуурх сургалт, семинарт хамрагдаж, сониуч зантай байгаарай.
• • •
Ирээдүйд хамгийн эрэлттэй мэргэжлүүд
Ирээдүйд хэрэгтэй ур чадварыг мэдэхээс гадна ямар мэргэжлүүд илүү эрэлттэй байх вэ гэдгийг ойлгох нь чухал.
1. Технологи ба хиймэл оюун ухаан
Программист, AI инженер, өгөгдөл шинжлэгч, кибер аюулгүй байдлын шинжээч зэрэг мэргэжлүүд хамгийн эрэлттэй хэвээр байна. АНУ-ын хөдөлмөрийн яамны мэдээллээр өгөгдлийн шинжээч мэргэжлийн эрэлт 2033 он гэхэд 35 хувиар өсөх төлөвтэй гэнэ.
2. Ногоон эдийн засаг ба тогтвортой хөгжил
Цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний инженер, байгаль орчны мэргэжилтэн, цахилгаан машин, ногоон технологийн мэргэжилтнүүд хэрэгцээтэй болж байна.
3. Эрүүл мэнд ба сэтгэл зүй
Хөгшрөлт, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд нэмэгдэж байгаа энэ үед эмч, сувилагч, сэтгэл зүйч, эмчилгээний техникчид онцгой хэрэгцээтэй билээ.
4. Боловсрол ба мэргэжлийн ур чадвар
Хэчнээн технологи хөгжсөн ч багш, мужаан, цахилгаанчин, барилгын мэргэжилтнүүдийн эрэлт буурахгүй. Дэд бүтэц шинэчлэл, хотжилт үүнд нөлөөлж байна.
Зөвхөн их сургууль төгссөнөөр амжилтад хүрэх үгүйгээ тодорхойлдог цаг ард хоцорсон. Харин амьдралын ухаан, дасан зохицох чадвар, технологийн суурь мэдлэг, харилцааны чадвар зэрэг олон талын чадварыг хослуулсан үедээ л өрсөлдөх чадвартай нэгэн болно. Мэргэжлээ сонгохдоо зөвхөн өнөөдрийн нэр хүнд биш, харин ирээдүйн чиг хандлага, хувь хүний сонирхол, давуу талаа бодолцох нь хамгийн зөв алхам юм.