“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон. Энэ жилийн хувьд Даншиг наадмыг анх удаа нийслэл хотын иргэдийн баяр болгон зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Тус наадмыг НЗДТГ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулна. Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Батсүх мэдээлэл өглөө.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх: Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй. Мөн энэ түүх Улаанбаатар хотын түүхтэй холбоотой билээ. Даншиг наадмын үйл ажиллагаа энэ сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхныг тахих ёслолоор эхэлнэ.
Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна. Хүрээ цам-Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах зорилготой болдог.
Түүнчлэн, Монголын ард түмнийг ивээгч Очирваань бурхан, Их эзэн Чингис хааны тахилга, балин, тосон урлал, унзад, голч лам нар, үндэсний сур, шагай, морьт харваа, сээр цохих тэмцээн, номын мэтгэлцээн, 256 бөхийн барилдаан, зургаан насны хурдан морьдын уралдаан зэрэг болно. Мөн есөн дүүргийн ардын авьяастнуудын, монгол туургатны уран бүтээлчдийн, иргэдийн Хүрээ-цам наадам тоглолт, Улаанбаатар хотын түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдана. Үүнээс гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, үндэс хувцасны үзэсгэлэн зэрэг үйл ажиллагаанууд болно. Хамгийн гол нь хүрээ, цам харайх ёслолын үйл ажиллагаа болно. Энэ үеэр 07:00-23:00 цагийн хооронд хоёр чиглэлд нийтийн тээвэр зорчихоор бэлтгэл ажлыг хангаад байна. Үүнд:
Эдгээр чиглэлийн автобус 18-20 минутын давтамжтай үйлчилнэ. Мөн галт тэрэг явуулах талаар судалж байна.