Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Монголд төрийн айлчлалаар ирэх Японы эзэн хаан Нарүхитогийн онцлох 5 баримт

Монголд төрийн айлчлалаар ирэх Японы эзэн хаан Нарүхитогийн онцлох 5 баримт
Нийтэлсэн 16 минутын өмнө
Японы эзэн хаан Нарүхито болон хатан хаан Масако нар 2025 оны долдугаар сарын 6-наас 13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгаа талаар тус улсын Засгийн газрын эх сурвалж мэдээлсэн. Энэ нь эзэн хаан Нарүхитогийн хувьд гадаад улс оронд хийж буй гурав дахь төрийн айлчлал бөгөөд өмнө нь тэрээр 2023 онд Индонези, 2024 онд Их Британид тус тус айлчилж байсан юм. Харин энэ удаа Монгол Улсыг зорихоор төлөвлөсөн нь хоёр орны найрсаг харилцаанд шинэ шат ахиулж, түүхэн ач холбогдолтой үйл явдал болохыг Японы тал онцолж байна. Японы эзэн хаан Нарүхито нь дэлхий нийтийн түүх, соёл, боловсрол, байгаль орчин, энх тайвны үнэт зүйлсийг дээдэлдэг удирдагчаар үнэлэгддэг. Ингээд түүний тухай онцлох таван баримтыг хүргэж байна. 
1. Эзэн хаан Их Британид суралцсан
Нарүхито гүн 1983–1985 онд Их Британийн алдарт Оксфордын их сургуульд суралцаж, Thames мөрний тээвэр, усан замын навигацийн түүхээр судалгаа хийжээ. Тэрээр энэхүү хугацаанд сурсан, амьдарсан туршлагаа “The Thames and I: A Memoir of Two Years at Oxford” хэмээх дурсамж номдоо дэлгэрэнгүй өгүүлсэн бөгөөд уг бүтээл нь 1992 онд хэвлэгдсэн юм.
2. Японы 126 дахь эзэн хаан
2019 оны тавдугаар сарын 1-нд Нарүхито эцэг Акихито-гоос төрийн эрхийг хүлээн авч, Японы 126 дахь эзэн хаанаар өргөмжлөгдсөн. Тэрээр хаан ширээнд заларснаар “Реива” хэмээх шинэ эрин үе эхэлсэн бөгөөд энэ нь “үзэсгэлэнт эв нэгдэл” гэсэн утгатай нэршил юм.
3. Цэвэр усны асуудалд анхаарч ажилладаг
2007–2015 онд Нарүхито гүн НҮБ-д цэвэр усны асуудлаар хүндэт ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Энэ хугацаанд дэлхийн цэвэр усны хүртээмж, хадгалалт, нийгмийн эрүүл ахуйтай холбоотой асуудлуудад анхаарлаа хандуулж, олон улсын бодлогын түвшинд идэвхтэй дуу хоолой болж байжээ.
4. Эзэн хааны эхнэр Масако Овада
Нарүхито 1993 онд АНУ-ын Харвардын их сургуулийг төгссөн, Японы Гадаад хэргийн яаманд дипломатчаар ажиллаж байсан Масако Овада-тай гэр бүл болсон. Тэдний охин 2001 онд мэндэлсэн бөгөөд гүнж Айко нь Японы ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн юм.
5. Ууланд авирах сонирхолтой эзэн хаан
Оксфордод суралцаж байх хугацаандаа Нарүхито гүн Европ дахь гурван өндөр уул болох Шотландын Ben Nevis, Уэльсийн Snowdon, Английн Scafell Pike зэрэг оргилд авирч байжээ. Энэ нь түүнийг байгальтай ойр, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг нэгэн болохыг илтгэдэг байна.
Нэмж дурдахад, айлчлалын үеэр эзэн хаан болон хатан хаан нар долдугаар сарын 6-нд Улаанбаатарт газардах бөгөөд долдугаар сарын 8-нд албан ёсны угтан авах ёслол зохион байгуулагдана. Түүнчлэн тэд долдугаар сарын 11-нд болох Монголын Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, Монголын түүх, соёлын өвийг газар дээрээс нь үзэж танилцах боломжтой юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн