Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Пакистан улс Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлнэ

Пакистан улс Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлнэ
Нийтэлсэн 23 минутын өмнө
Пакистаны Засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэхээ мэдэгдлээ. Учир нь өнгөрсөн сард Энэтхэг, Пакистан хоёрын хооронд болсон мөргөлдөөнд гал зогсоох тохиролцоог зуучлахад Трамп чухал үүрэг гүйцэтгэсэн гэж Исламабад үзэж байгаа аж.
Пакистаны Засгийн газар “X” дээр нийтэлсэн мэдэгдэлдээ “Энэтхэг-Пакистаны хямралын үеэр шийдэмгий дипломат оролцоо, манлайлагч үүрэг гүйцэтгэсэнд нь хүндэтгэл үзүүлэн Трамп ерөнхийлөгч энэхүү шагналыг хүртэх ёстой” гэжээ.
Харин Энэтхэг энэ маргаантай асуудалд АНУ зуучлагчийн үүрэг гүйцэтгээгүй гэж мэдэгдсэн бөгөөд гуравдагч талын ямар нэг дипломат оролцоог хүсэхгүй байгаа аж.
Дональд Трамп өмнө нь өөрийгөө Нобелийн Энх тайвны шагнал авах ёстой гэж хэдэнтээ илэрхийлж байсан. Тэгвэл энэ жилийн ялагчийг аравдугаар сард зарлах юм.
Пакистаны Засгийн газар бямба гарагийн эхээр нийтэлсэн мэдэгдэлдээ “Ерөнхийлөгч Трамп нөхцөл байдлыг хурдан даамжрахаас сэргийлж, Исламабад болон Нью-Делитэй идэвхтэй дипломат харилцаа өрнүүлснээр стратегийн алсын хараа, төрийн манлайллыг харуулсан” хэмээн онцолсон байна. “Түүний энэ оролцоо бол жинхэнэ энхийг бүтээгчийн жишээ болсон явдал юм” гэжээ.
Харин АНУ-д суугаа Пакистаны Элчин сайд асан Малиха Лоди уг шийдвэрийг “харамсалтай алхам” хэмээн шүүмжилж, “Газад өрнөж буй Израилын хядлага, Ираны эсрэг хийсэн Израилын дайралтыг ‘гайхалтай’ гэж нэрлэсэн хүнийг шагналд нэр дэвшүүлж байгаа нь манай улсын нэр төрд сөргөөр нөлөөлнө” гэж бичсэн юм.
Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа хойш Трамп ОХУ-Украин болон Израил-Газын дайнуудыг богино хугацаанд зогсооно гэж амласан ч өнөөг хүртэл энэ амлалтууд нь хэрэгжээгүй хэвээр байна.
Түүнчлэн, Трамп 2009 онд ердөө найман сар ерөнхийлөгчөөр ажилласан Барак Обама Нобелийн Энх тайвны шагнал авсанд олон удаа шүүмжлэлтэй хандаж байсан бөгөөд 2013 онд Норвегийн Нобелийн хорооноос шагналыг нь буцааж хураахыг хүртэл уриалж байжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн