Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

АНУ Ираны гурван гол цөмийн байгууламжийг бөмбөгдлөө

АНУ Ираны гурван гол цөмийн байгууламжийг бөмбөгдлөө
Нийтэлсэн 14 минутын өмнө
АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван цөмийн байгууламжийг “маш амжилттайгаар” цохилтод оруулсан гэж Дональд Трамп мэдэгдлээ. Тэрээр Тегераны цөмийн хөтөлбөрийн “үнэт эрдэнэ” гэгддэг Фордовын байгууламж бүрмөсөн устсан гэж онцлов.
Израилтай нягт уялдаа холбоотойгоор явуулсан энэ ажиллагаа нь Ираны эсрэг цэргийн мөргөлдөөнд АНУ анх удаа шууд оролцсон үйл явдал боллоо. Өмнө нь хэдэн өдрийн турш хэлэлцэж, хоёр долоо хоногийн дотор шийдвэрээ гаргана гэж амлаж байсан Трамп, эцэст нь шийдвэрээ ийнхүү хэрэгжүүлжээ.
“Тэд одоо даруй энхийн хэлэлцээрт орох ёстой. Үгүй бол дахин цохилт хүлээж авна” хэмээн Трамп Ройтерст утсаар ярилцахдаа мэдэгдсэн бол, “Манай агуу Америк дайчид үүргээ гайхалтай биелүүллээ” гэж “Truth Social” сүлжээндээ бичжээ.
Ямар байгууламжуудыг бөмбөгдсөн бэ?
Трампын хэлснээр АНУ Ираны гурван томоохон цөмийн байгууламж болох:
  • Натанз,
  • Эсфахан,
  • Фордов гэх газруудад цохилт өгчээ.
Тэрбээр Fox News-д өгсөн ярилцлагадаа, уулын гүнд байрладаг Фордов руу зургаан “газрын гүн нэвтэрдэг бөмбөг” хаясан бол бусад байгууламж руу нийт 30 “Томахавк” пуужин харвасан гэж мэдэгдэв.
АНУ-ын B-2 стратегийн бөмбөгдөгч онгоцнууд уг ажиллагаанд оролцсон бөгөөд цохилтын үеэр бүх онгоц аюулгүй буцсан гэж албаныхан мэдээлжээ. Ираны Тасним агентлагийн мэдээлснээр Фордов байгууламжийн хэсэг үнэхээр оногдсон болохыг албаны хүн хүлээн зөвшөөрсөн байна.
Израил, АНУ хоёр уялдаатай ажиллав
Израилын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, АНУ цохилтыг Израилтай бүрэн уялдуулан гүйцэтгэсэн байна. Мөн Трамп цохилтын дараа Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярьжээ.
Сүүлийн долоо хоногт Израил, Иран хоёрын хооронд агаарын мөргөлдөөн ширүүсч, хоёр талд олон хүн амь үрэгдэж, шархадсан. Иран 450 гаруй пуужин Израил руу харваснаар, тус улсын 24 иргэн амь үрэгдэж, 1,200 гаруй хүн шархадсан.
АНУ-ын дотоодод шүүмжлэл дагууллаа
Гэхдээ АНУ-ын дотоодод энэ ажиллагаа нэлээд маргаан дагуулж байна. Зарим хууль тогтоогчид Ерөнхийлөгч Конгрессын зөвшөөрөлгүйгээр дайн эхлүүлж болохгүй гэж шүүмжилсэн.
  • Сенатын зэвсэгт хүчний хорооны дарга Рожер Викер уг ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч “АНУ-ын өмнө маш хүнд шийдвэрүүд тулгарч байна” гэж анхааруулжээ.
  • Харин Гадаад харилцааны хорооны дарга Жим Риш: “Энэ бол Израилын дайн. АНУ-ын дайн биш. Америкийн цэргүүд Иранд газар дээр буухгүй” хэмээв.
  • Ардчилсан сенатор Тим Кейн: “Америкчууд Ирантай дайн хийхийг эсэргүүцэж байна. Трамп маш буруу шийдвэр гаргалаа” гэж мэдэгдсэн байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн