ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар пүрэв гарагт утсаар ярилцаж, Израил Иранд цохилт өгсөн үйлдлийг хамтран буруутгасан тухай Кремлийн мэдэгдэлд дурджээ.
Путины туслах Юрий Ушаковын хэлснээр, хоёр орны удирдагч “Израилын үйлдэл нь НҮБ-ын дүрэм болон олон улсын хуулийн бусад нормыг зөрчсөн” гэж үзэж байгааг Ройтерс уламжилсан байна.
Ши Жиньпин ярианы үеэр даруй гал зогсоохыг уриалж, Израил-Ираны мөргөлдөөн бүс нутаг даяар тархах аюултайг анхааруулсан байна. Тэрээр “Хэрэв энэ зөрчил цаашид хурцадвал зөвхөн мөргөлдөж буй талууд төдийгүй бүс нутгийн бусад орнуудад ч асар их хохирол учирна” хэмээжээ. “Ялангуяа Израил гал зогсоож, нөхцөл байдлыг улам дордуулахгүй байх тал дээр хариуцлагатай байх ёстой” гэж Ши нэмж хэлсэн байна.
Путины туслах Ушаковын хэлснээр, Москва, Бээжин хоёр “Ирантай холбоотой одоогийн нөхцөл байдал болон цөмийн асуудлыг хүч хэрэглэн шийдэх боломжгүй” гэж үзэж байгаа бөгөөд “энхийн гарц нь зөвхөн улс төр, дипломат арга зам байх ёстой” гэж санал нэгтэй байгааг илэрхийлжээ.
Путин ярианы үеэр бүс нутгийн “чухал оролцогчидтой” хийсэн уулзалт, яриа хэлэлцээнийхээ талаар Шид танилцуулж, ОХУ зөрчилдөөн намжаах зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа дахин нотолсон байна. Харин Ши энэхүү саналыг талархан хүлээн авч, ОХУ-ын оролцоог дэмжиж буйгаа илэрхийлжээ.
ОХУ: Израилын цөмийн байгууламж руу хийсэн довтолгоо дэлхий дахинд аюул занал учруулж байна
Үүнээс гадна пүрэв гарагт ОХУ Израилд дахин анхааруулж, Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгсөн нь “дэлхий нийтийг сүйрлийн ирмэгт хүргэж байна” гэж мэдэгдэв.
Израил, Иран дахь хэд хэдэн цөмийн байгууламжид, тухайлбал Натанз, Исфахан, Арак зэрэг газарт цохилт өгсөн. Тус улс Ираныг цөмийн бөмбөг бүтээх зорилготой гэж буруутгаж байгаа бол Тегеран цөмийн хөтөлбөрөө зөвхөн энхийн, эрчим хүчний зориулалттай гэж мэдэгдэж, хариуд нь Израил руу пуужин харвасан юм.