Япон даяар эрт эхэлсэн хэт халуун өдрүүдийн улмаас наад зах нь дөрвөн хүн нас барж, олон арван хүн эмнэлэгт хүргэгдээд байна. Цаг уурын байгууллага иргэдийг онцгой анхаарал, болгоомжтой байхыг уриаллаа.
Хэт халуун агаар мягмар гарагаас эхэлсэн бөгөөд Кофу хотод агаарын хэм 38.2 хэм хүрч, зургадугаар сарын дундаж температурын түвшнээс 10 гаруй хэмээр давжээ. Гүнма болон Шизуока мужуудад ч мөн адил 37 хэмээс дээш халуун бүртгэгдсэн байна. Харин Токио, Осака зэрэг томоохон хотуудад 30 хэмээс давсан хэмтэй байсан бөгөөд нийт 547 байршилд агаарын температур 30 хэмийг давжээ.
Нас барсан хүмүүс бүгд өндөр настай байсан бөгөөд нэгэн 96 настай эмэгтэй Гүнма мужид талбайн дунд ухаан алдсан байдалтай олдож, эмнэлэгт нас барсан байна. Токиод л гэхэд мягмар гарагт 169 хүн дулааны хордлогоор эмнэлгийн тусламж авсан бол лхагва гарагт дахин 57 хүн ижил шалтгаанаар эмнэлэгт хүргэгджээ.
Токиогийн их сургуулийн уур амьсгал судлаач Юкико Имадагийн хэлснээр, энэ жилийн халалт онцгой бөгөөд зургаадугаар сарын дунд гэхэд 150 гаруй газар 35 хэмээс давсан нь анхны тохиолдол болжээ. Ердийн үед зуны улиралд бороо үргэлжилж байх учиртай ч энэ жил улирлын борооны урд фронт ор сураггүй алга болсон нь эрс тэс уур амьсгалын нэг илрэл юм.
Имада “Ийм хэт халууны гол шалтгаан нь Номхон далайн өндөр даралтын бүс Япон даяар хэт эрт тэлсэнтэй холбоотой” хэмээн тайлбарлаж байна. Энэ бүс нутаг ерөнхийдөө долоодугаар сараас хойш л нөлөөлдөг байв.
Цаашлаад цаг уурын гурван сарын урьдчилсан таамаг ч түгшүүр төрүүлж байгаа ба энэ зун нийтдээ дундажаас өндөр температуртай байх өндөр магадлалтай гэнэ.
Иргэдэд хандан анхааруулга гаргав
Японы Цаг уурын агентлаг сүүлийн өдрүүдэд бараг бүх мужуудад анхааруулга өгөөд байна. Пүрэв гарагт гэхэд Окинава, Кюүшюүгийн өмнөд хэсэг, Киото, Нара орчмоор халууны анхааруулга үргэлжилж байлаа.
48 том хотын халууны ачааллын индексээс үзэхэд нэг ч хот "аюулгүй" үнэлгээ аваагүй байна. Зарим хотуудад иргэдийг байнга ус ууж, амарч байхыг анхааруулсан бол 32 хотод “хүчтэй биеийн хөдөлгөөн хийхийг хориглоно” гэсэн сэрэмжлүүлэг өгчээ.
Хамгийн халуун жилүүдийн нэг болох төлөвтэй
2023 оны долдугаар сард Гүнма мужид агаарын хэм 40 хэм давж байсан бол 2000 оноос хойш 40 хэмээс давсан 59 тохиолдол бүртгэгдээд байна. Японы түүхэн дэх хамгийн өндөр хэм бол 41.1°C бөгөөд энэ нь Сайтама мужид 2018 онд, Шизуокад 2020 онд бүртгэгдсэн.