Хятад улс Иранаас 1,600 гаруй, Израилаас хэдэн зуун иргэнээ нүүлгэн шилжүүлсэн гэж тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч пүрэв гарагт мэдэгдлээ. Иран, Израилын хоорондох хурцадмал байдал нэмэгдэж байгаатай холбогдуулан хилийн боомтуудад хэт ачаалал үүсээд байна.
Нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Хятад улс Иран, Израил, Египет, Оман зэрэг улстай харилцаа холбоогоо хадгалж буйг Гадаад хэргийн яамны төлөөлөгч Гүө Жиакүн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Тэрээр хурцадмал байдлыг даруй намжаах арга хэмжээ авахыг уриалжээ.
Гүө Жиакүн “Хятад улс мөргөлдөөний оролцогч талуудыг, ялангуяа Израилыг гал зогсоохыг яаралтай шаардаж байна” гэжээ.
Пүрэв гарагт Израил Ираны гол цөмийн байгууламжийг онилж цохилт өгсөн бол, Ираны пуужин Израилын нэгэн эмнэлгийг онон, талуудын зөрчил долоо хоногийн турш намжих шинжгүй үргэлжилсээр байна.
Иран дахь Хятадын Элчин сайдын яам өөрийн иргэдийг газар нутгийн шугамаар яаралтай гарч явахыг дахин анхааруулж, мөн хоёр хилийн боомт болох Азербайжаны чиглэлд байрлах Астара, Туркменистан руу чиглэсэн Бажгиран боомтод хэт ачаалал үүсэж, цагаачлалын шалгалт удааширч байгааг анхааруулжээ.
Ираныг мөн Турк, Армени, Иракийн замаар орхих боломжтойг Элчин сайдын яам зөвлөсөн байна.