Телеграм аппликейшны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Павел Дуров Францын Le Point сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийн 17.1 тэрбум ам.долларын хөрөнгийг 100 гаруй хүүхдэдээ өвлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ.40 настай Дуров өдгөө гурван хамтрагчаас зургаан хүүхдийн албан ёсны эцэг болсон бөгөөд 15 жилийн өмнөөс үрийн шингэнээ хандивлаж эхэлсэн байна. Түүний хэлснээр, энэ аргаар 12 улсад 100 гаруй хүүхэд төржээ.Дуров хүүхдүүд нь өв залгамжлалдаа нэвтрэх эрхээ Le Point-д ярилцлага өгсөн өдрөөс хойш 30 жилийн дараа буюу 2055 оны зургадугаар сарын 19-нд авах эрхтэй болно гэж мэдэгдсэн юм. Тэрээр 30 жилийн дараа гэж заасан тухайгаа ярихдаа “Би тэднийг энгийн хүмүүс шиг амьдраасай гэж хүсэж байна. Өөрсдийгөө бүтээж, өөртөө итгэж сурч, бүтээлч байж, банкны дансанд найдалгүй өсөөсэй гэж бодож байна” гэжээ.Мөн “Би хүүхдүүдээ ялгаж салгахыг хүсдэггүй. Байгалийн жамаар төрсөн нь ч, үрийн шингэнээр маань бий болсон нь ч бүгд миний хүүхдүүд. Тэд бүгд ижил эрхтэй байх ёстой” хэмээн ярьсан байна.Дубайд төвтэй Телеграм нь дэлхий даяар 1 тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэй, хамгийн алдартай зурвас солилцох платформуудын нэг юм. 2024 онд Францын эрх баригчид түүнийг Телеграм апп дээр гэмт хэргийн үйлдлийг дэмжсэн гэж үзэн буруутгасан ч Дуров үүнийг нь үгүйсгэсэн.Эх сурвалж: https://people.com/billionaire-telegram-founder-will-leave-fortune-to-his-106-children-11757997