Open iToim app
Засгийн газар | 4 мин уншина

Б.Жавхлан: Төсвийн тодотголоор боловсрол, эрүүл мэндийн салбарын төсөвт гар хүрэхгүй, бусдад нь хүнд тусна

Б.Жавхлан:  Төсвийн тодотголоор боловсрол, эрүүл мэндийн салбарын төсөвт гар хүрэхгүй, бусдад нь хүнд тусна
Нийтэлсэн 0 минутын өмнө
Засгийн газрын өнөөдрийн \2025.06.20\ хуралдаанаар Сангийн яамны зүгээс хоёр асуудал танилцуулсан байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. 
Сангийн сайд Б.Жавхлан: Нэгдүгээрт, Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу 13.1.1 дэх заалт энэ жил хэрэгжиж эхэлсэн. Энэ нь тухайн жилийн төсвийн тухай хуульд тавигдсан аливаа төсөл хөтөлбөрүүд нь тавдугаар сарын 31-ний дотор худалдан авах ажиллагаа нь бүрэн дусаагүй буюу хэрэв гэрээ хийгдээгүй бол тухайн төсөл нь хяналтад тооцогдох хатуу заалт. Энэ заалт 2022 онд анх Төрийн хэмнэлтийн хууль батлагдмагц гарсан заалт юм. Гэвч Төсвийн ерөнхийлөн захирагч нар энэ заалтын бэлтгэл хангалт маш муу байсан. Тийм учраас 2023, 2024 он гээд хоёр жил хойшлуулсан. Ингээд 2025 онд хэрэгжиж эхэлсэн ч тавдугаар сарын 31-ээр 130 төслийн нийт 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо.
Энэ бол шууд хуулийн дагуу хэмнэж байгаа хэлбэр. Гэхдээ бас хайран төсөв. Төсвийн ерөнхийлөн захирагч нар өмнөх жилээс харьцангуй бага төсөл хөтөлбөр тавигдсан. Тэдгээрийн 130 нь ингээд хэмнэгдэнэ гэдэг харамсалтай. Бүх сайдын багцаас тодорхой хэмжээний төсөл, арга хэмжээ хэмнэлтэд орсон. Тухайлбал,
  • Эрүүл мэндийн сайд 69.9 тэрбум,
  • Хот байгуулалт, орон сууцжуулалт сайд 36 тэрбум,
  • Боловсролын болон Зам тээврийн сайд тус бүр 33 тэрбум,
  • Соёл, спорт аялал жуулчлалын сайд 19.7 тэрбум
  • Бусад сайд нарын багцаас 122.7 тэрбум төгрөг хэмнэгдэж байна. Ингээд нийт 535.9 тэрбум төгрөгийн 130 төсөл хэмнэлтэд тооцогдлоо гэсэн үг. 
Энэ бол тодотгол биш юм. Өөрөөр хэлбэл, Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу хэмнэгдэж байгаа төсөв гэсэн үг. Эдгээрийг дурдаж, хавсралтаар Засгийн газрын тогтоол батлагдаж байгаа. 
Хоёрдугаарт, Г.Занданшатар Ерөнхий сайд хэмнэлтийн тодотгол хийхээ зарласан. Аливаа төсвийн тодотгол хийхээс 14 хоногийн өмнө хэлэлцүүлэг эхлэх ёстой гэсэн хуулийн заалт бий. Үүний дагуу өнөөдрөөс олон нийтийн хэлэлцүүлэг албан ёсоор эхэлж байна гэсэн үг.
2025 оны төсвийн төлөвлөлтийг өмнө жилийн өдийд хийж эхэлсэн. Тухайн үед Ковид-19-ийн дараах сэргэлт, хүлээлт өөдрөг байв. Манай улсын эдийн засгийг 6-7 хувиар өснө гэж төсөөлж байсан. Энэ хүрээнд 2025 оны төсөв төлөвлөгдөж өргөн баригдсан. Төсөв хэлэлцэх явцад гадаад нөхцөл байдлаас шалтгаалж төсөөллүүд сар сараар өөрчлөгдсөн. Ялангуяа арваннэгдүгээр сар гэхэд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн ойртох тусам дэлхий нийтийн эдийн засгийн төсөөлөл буурч эхэлсэн. Мөн хэд хэдэн газар зэрэг дайн, мөргөлдөөн эхэлсэн. 
Ингээд төсөв баталсны дараа нөхцөл байдал бүр дордсон. Дэлхийн худалдааны тарифын дайн, геополитикийн хурцадмал байдлаас болж төсөөллүүд нэлээд унасан. Манай улсын эдийн засагт хүчтэй нөлөөлдөг БНХАУ-ын эдийн засаг ч амаргүй сорилтод орж эхэлсэн. Үүнтэй холбоотой манай гол худалдан авагч учир нүүрсний үнэ нэгдүгээр сараас хойш хурдтай унаж ирсэн. Ингээд нэгдүгээр сарын үед 920 юань орчим байсан дундаж нүүрсний үнэ тавдугаар сар хүртэл 14 хүртэл 100 юаниар унасан. Гэтэл тавдугаар сарын 14-нөөс өнөөдрийг хүртэл дахиад 120 юаниар огцом уначихлаа. Манай экспортын 70-80 хувь нь эзэлж байдаг нүүрснээс хамааралтай эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж байна. 
Дөрөвдүгээр сар хүртэл сарын тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 50 тэрбум дотор явж ирсэн. Энэ нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад орлогын түвшин буурсан. Гэхдээ орлогын түвшиндээ тааруулаад бид зардлаа мөн танаж явсан. Гэтэл тавдугаар сард 260 тэрбум болж огцом өссөн. Нөгөө л нүүрсний үнэтэй холбоотой. Ингээд зургаадугаар сарын 1 хүртэл төсөв тодотгохгүй яасан юм гэдэг асуулт тавигддаг. Бидэнд хэд хэдэн асуудал байлаа. Тодруулбал:
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хүлээж байлаа. Дээр дурдсан хуулийн дагуу 535.9 тэрбум тодотголгүй хэмнэгдэж байна. 
  • Тодотгол хийхэд хуулийн онцгой заалт байдаг. Тухайн заалтын дагаа манай гүйцэтгэл ДНБ-ий гурван хувьд хүрэхээр алдагдлын хэмжээнд хүрээгүй учраас хууль зөрчих боломжгүй байсан.
    Харин одоо шинэ Засгийн газар байгуулагдаж, Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд төсвийн зохицуулалт хийгдэх болсон дээр суурилж, энэхүү хэмнэлтийн тодотголыг хийж эхэллээ.
Төсвийн орлогын дутагдал 2.3 их наядаар тасрах нь гэсэн төсөөлөл судалгаа гарсан байгаа. Үүнд тааруулж энэ удаагийн төсвийн тодотгол хийж, тэнцлээ сайжруулах зорилго тавилаа. Энэ бол бүх сайдад хамаарна. 
Бид нийгмийн суурь бүтэц болох боловсрол, эрүүл мэндийн салбартаа бол аль болох гар хүрэхгүй байх төсвийн тодотгол хийхээр төлөвлөсөн. Ингэхээр бусад яамдад маш хүнд тусаж байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын зарим нэг үйл ажиллагааг зогсооход ч хүргэнэ. Төсвийн тодотгол 1.8 их наяд төгрөг гэсэн дүнгээр хийгдэнэ гэдгийг тодруулж хэлье.
Өргөн барих дахин 14 хоногийн хугацаа байна. Гадаад нөхцөл байдал бол өдөр бүр өөрчлөгдөж байна. Төсвийн хүрээний мэдэгдэл батлахдаа бид төрийн албан хаагчдыг 9 хувиар цомхотгоно гэдгийг оруулж, Л.Гантөмөр сайд тодорхой хэлж байсан.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн