Эрчим хүчний салбарт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газар баталсан бөгөөд энэ тогтоолд 2025 оны зургаадугаар сарын 2-нд ДЦС-3 дээр гарсан осол, түүний хор уршгийг яаралтай арилгах зорилгыг тусгажээ. Тус ослын улмаас нэг хүний амь нас хохирч, улсад их хэмжээний эдийн засгийн хохирол учирсан тул үүссэн нөхцөл байдлыг богино хугацаанд шийдвэрлэхийн тулд зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хүргэлээ.
Тэрээр "Ирэх өвөл эрчим хүчний ачаалал нэмэгдэх тул гал алдах, халаалт, цахилгаан тасалдах эрсдэлийг багасгахын тулд Засгийн газар асуудлыг бүрэн хариуцан авч, бүх шатны байгууллагуудыг дайчлан ажиллаж эхэлсэн. Онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон. Энэ үүргийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэхыг томилоод байна. Түүнчлэн бүрэн эрхт төлөөлөгчийн дэргэд Авлигатай тэмцэх газар болон Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон хяналтын бүтцийг байгуулж, бодит хяналт тавих ажлыг эхлүүлсэн юм.
Гамшгийн тухай хуулийн дагуу эрчим хүчний салбарт өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн биеэр Эрчим хүчний яаманд ажилласан юм. Ослын тухайд гэвэл, ДЦС-3-ын есдүгээр генератор дээр гал гарч, үүний шалтгаан одоог хүртэл тодорхойгүй байна. Тиймээс Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Гурван хоногийн өмнө, энэ долоо хоногийн хоёр дахь өдөр цагдаагийн байгууллагаас осол болсон хэсэгт нэвтрэх зөвшөөрөл өгч, Эрчим хүчний сайдын тушаалаар батлагдсан, шалтгааныг тогтоох үүрэгтэй техникийн баг ажиллаж эхэлсэн.
Есдүгээр генераторыг задалж, ослын шалтгааныг ирэх долоо хоногт тодорхой болгохоор төлөвлөсөн.
Осол гарснаар есдүгээр генераторын өргөтгөлийн байшин ихээхэн хохирол амссан. Уг байшингийн засварт 7 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа бол нийтдээ эхний ээлжид 15.5 тэрбум төгрөгийн засварын ажил хийх шаарлагатай урьдчилсан тооцоо гараад байна. Хэрэв генераторын суурь гэмтээгүй бол шинэ турбин захиалж авчирч, суурилуулах ажлыг гүйцэтгэх болно. Энэ нь ирэх өвөл буюу 2025-2026 оны оргил ачааллын үед эрчим хүчний хомсдол үүсэх эрсдэлийг бууруулахад чиглэнэ. Гэсэн хэдий ч одоогийн тооцооллоор ДЦС-3 дээр 40-45 мегаваттын эрчим хүчний дутагдал үүсэх магадлалтай байгаа юм.
Цаашид үүсэх эрчим хүчний дутагдлыг нөхөх зорилгоор хэд хэдэн шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тухайлбал, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 мегаваттын хүчин чадал бүхий блокийг энэ оны арванхоёрдугаар сараас өмнө ашиглалтад оруулахаар хөрөнгө оруулагчидтай идэвхтэй хэлэлцэж байгаа. Үүнээс гадна Баян суманд баригдаж буй 660 мегаваттын хүчин чадалтай шинэ цахилгаан станцын эхний 330 мегаваттын блокийг 2027 оны зургаадугаар сарын 30-ны өдөр гэхэд, хоёрдугаар блокийг 2028 оны зургаадугаар сарын 30-ны дотор ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.
Эдгээр ажлууд амжилттай хэрэгжсэн тохиолдолд 2027 оны эхний хагас гэхэд Монгол Улсын төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал хэрэглээнээс давж, цахилгаан хязгаарлах асуудлыг бүрэн арилгах боломж бүрдэх юм.
Миний бие ирэх долоо хоногийн гурав дахь өдөр БНХАУ-ын Нинбо хотноо зохион байгуулагдах Эрчим хүчний сайд нарын уулзалтад оролцоно. Энэ үеэр Хятад улсын Эрчим хүчний холбооны дарга болон ОХУ-ын Эрчим хүчний сайд нартай тус тус уулзалт хийхээр төлөвлөсөн" гэлээ.