Засгийн газрын өнөөдрийн \2025.06.20\ ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өглөө.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай хуулийг өөрчлөх асуудлыг Монгол Улсын Засгийн газар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүллээ. Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлье буюу данхар бүтцийг дарга эхэлж цомхотгоё. Төрийн албыг цомхон, чадварлаг, бүтээмжтэй болгох зорилго тавьж байгаа. Орчин үед технологийн хөгжил, хиймэл оюун ухаан зэрэг дэвшлийг ашиглан илүү бүтээмжтэй, цомхон ажиллах боломж бий. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг дагуулж төрийн хэмнэлтийг бий болгох, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, төрийн албыг цомхон, чадварлаг болгох асуудлыг хэлэлцэж шийдсэн. Энэ хүрээнд:
Яамдын бүтэц, орон тоог илүү цомхон, чадварлаг, оновчтой болгох зорилгоор цөөлөх асуудлыг авч хэлэлцэж байна. Яам, агентлагийн газар, хэлтсийн дарга, нэгжүүд маш их хүнд сурталтай, гарын үсгээ үнэлдэг, шан харамж авдаг, цаашлаад авлига хүнд суртлын асуудал иргэдийг чирэгдүүлдэг асуудал байдаг. Илүү мэргэшсэн, хариуцлагатай болгох үүднээс орон тоо, бүтцийг цөөлөх шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, нийт 16 яамд ажиллаж байгаа албан хаагчдын тоо 1900 гаруй байгаа бол 20 орчим хувиар бууруулна.
Үүнтэй холбоотойгоор төрийн өмчит компаниуд, яамдын харьяа төрийн өмчийн байгууллагууд шат шатандаа тодорхой өөрчлөлтүүд хийгдэнэ.
Стратегийн орд эзэмшигч нартай хэлцэл хийх ажлыг үргэлжлүүлнэ
Дараагийн асуудал бол 2019 онд бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн. Энэ хүрээнд байгалийн баялгийн өгөөжийг одоо байгаа болон ирээдүйн иргэддээ тэгш шударгаар өвлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, хүртээх асуудлыг шийдсэн. Үүнтэй холбоотойгоор Баялгийн сангийн хуулийг Баялгийн сангийн хуулийг 2024 онд баталсан. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор стратегийн ач холбогдол бүхий ордын тодорхой хувийг төр эзэмшинэ, түүнээсээ тодорхой хувийг ард иргэддээ хүртээх, өгөөжийг нь өгдөг болох асуудлыг шийдвэрлэж эхэлж байгаа. Анх 2007 онд стратегийн ордуудыг баталж, Засгийн газар тодорхой үүрэг даалгавар өгсөн. Гэвч үүнтэй холбоотой 18 жил тодорхой ажиллагаа хийгдээгүй. Харин өмнөх Засгийн газрын үед үндэсний баялгийн өгөөжийг ард иргэддээ хүртээх, түгээх асуудлыг шийдэж эхэлсэн. 2024 оны Засгийн газрын 88-р тогтоолоор стратегийн ордын жагсаалтыг нэмэгдүүлэх, хил заагийг тогтоох, үүсмэл ордуудыг төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох зэрэг заалтыг тусгасан.
Засгийн газрын БЭТ-өөр Ж.Батзандан ажиллаж байгаа. Мөн Н.Учралаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Эдгээрийн үр дүнг нягталъя, алдаа оноо байвал засаж залруулъя, хурдавчлуулъя гэж ажлын хэсэг байгууллаа. Тодруулбал, Засгийн газрын БЭТ, ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан давхардсан бүтцүүдийг нэгдмэл болгож, ЗГХЭГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Үүний хүрээнд Үндэсний баялгийнхаа өгөөжийг нэмэгдүүлэх, стратегийн орд газар эзэмшиж байгаа компаниудтай гэрээ хэлцэл хийж, 34 хувь эзэмших эсвэл түүнийг орлуулж байгалийн нөөц ашигласны нөхөн төлбөр нэмэгдүүлж авах байдлаар хурдлуулна.