“Шинэ Монгол-3” сургуулийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Суурьтай ярилцлаа. Тэрбээр Япон улсын Ногаяа Их Сургуульд Боловсролын социологи, хөтөлбөр судлалаар докторын зэрэг хамгаалсан.
ХҮҮХДҮҮДЭЭ ГЭРИЙН ДААЛГАВАР, ХИЧЭЭЛ, ТҮГЖРЭЛ ГЭСЭН ЦИКЛЭЭС ГАРГАХ ЁСТОЙ
“Шинэ Монгол-3” сургууль ирэх намраас үүд хаалгаа нээнэ. Мэдээж, “Шинэ Монгол”, “Шинэ Монгол Харумафүжи”сургуулийнхаа бүхий л уламжлал, үзэл санааг баримтлана. Гэхдээ нэгэн онцлогтой. “Шинэ Монгол”-ын төгсөгчдийн санаачлан хэрэгжүүлж буй “Неосити” шинэ, жишиг хотхонд “Шинэ Монгол-3" сургууль байрлаж буй. Монгол хүүхдүүдийн амьдрал гэрийн даалгавар, хичээл, түгжрээ гэдэг циклд орчихсон учраас түүнээс нь гаргах гээд байгаа юм.
"Неосити" хотхоны хүүхдүүд "Шинэ Монгол-3" сургуулийнхаа найзууд, бас байрны найзууд болно гэсэн үг. Тэд хамтдаа тоглож хүүхэд насаа өнгөрөөнө.
Энэ бол амьдралын чанар, хүүхдийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэхүйц хамгийн таатай орчин мөн. Орчин цагт хүүхдүүд шаардлагагүй хэрнээ өглөө эртлэн босоод ээж, аавтайгаа машинд нь суугаад түгжрэл дунд хүүхэд насаа өнгөрүүлж байгаа нь харамсалтай. Угтаа тэд энэ цагийг өөрийгөө хөгжүүлэхэд, найз нөхөдтэйгөө тоглоход зарцуулах учиртай юм.
Бид ихэнхдээ хүүхдийнхээ хөдөлгөөн, эрүүл мэндийн хэрэгцээг тооцоолохгүйгээр зөвхөн тархийг нь цэнэглэхийг л хичээгээд, нэг л их мэдлэгээр шахчих гээд байдаг хандлагыг өөрчлөх ёстой. Үүнийг тогтолцоогоор өөрчлөхөөс өөр аргагүй. Энэ ч утгаараа Шинэ Монгол сургуулийн сурагчид төдийгүй багш нар нь ч их завсарлагаанаараа 30 минутыг гадаа талбайд болон биеийн тамирынхаа зааланд өнгөрүүлдэг.
Хүүхдүүдийг дээс, дугуй гэх мэт бүхий л төрлийн тоглоомоор хангаж өгөөд хамгийн аз жаргалтай цагаа өнгөрүүлэх нөхцлийг нь бүрдүүлж өгнө. Тэд маань хичээл хийхэд, анхаарал төвлөрөлд хэрэгтэй хөдөлгөөний хэрэгцээгээ ингэж хангана гэсэн үг. Тэгэхгүйгээр шууд л “Номхон суу”, “Анхаарлаа төвлөрүүл” гээд байж болохгүй шүү дээ.
Неосити хотхон ч мөн л энэ бодлогыг дэмжсэн, Шинэ Монгол-3 сургуулийн нэгэн цогцолбор хэсэг нь. Жишээлбэл, хотхонд амьдарч байгаа хүүхдүүд машин зам гарахгүйгээр сургууль руугаа өөрөө явна. Ээж, ааваараа заавал хүргүүлэх шаардлагагүй. Сургууль дээр нэг ээлжээр хичээллэж байгаа гэдэг утгаараа хичээлээ тарчхаад өөрийгөө хөгжүүлэх, дугуйлан секц, номын санд суухаас авахуулаад бүхий л орчныг нь бүрдүүлээд өгчхөөр хичээлээ тарсан ч гэсэн сургууль дээрээ байж байх боломж нөхцөл байна. Энэ нь эцэг эхчүүдийн ажлын бүтээмжид ч эерэгээр нөлөөлнө.
ТАНЫ ХҮҮХДИЙН “ҮР” ЮУ БАЙХ ВЭ. ТҮҮНИЙГ БИД СУДЛАХААС Л ЭХЭЛНЭ
Хүүхэд бүрт эцэг, эхээсээ авсан, байгалиас заяасан өөрийн гэсэн онцгой “үр” бий. Тэр үр хэзээ нахиалж, хэзээ цэцэглэх вэ, хэрэв тэр “үр” хэдийнэ “мод” болчихсон бол хэзээ “жимс”-ээ өгөх вэ гэдэг тухайн хүүхдээсээ шалтгаалаад ялгаатай байдаг. Ургах хурд, хэмжээ нь хүүхэд бүрийнх өөр.
Ургамал бүр нар, ус, агаар гэх мэт өөрт тохирсон тааламжтай орчинд ургаж, өсч өндийдөг шүү дээ. Хүүхдийн хувьд тэрхүү нар, ус, агаартай адил таатай орчин, чиглүүлэгч нь багш, сургууль түүгээр дамжуулан олгож байгаа боловсрол юм.
“Чи бол алимны мод юм шүү” гээд чиглүүлээд, заагаад байсан ч тэр хүүхэд маань үнэндээ “кивиний мод” байвал яах вэ? Тийм ч учраас хүүхэд тус бүрийг яг ямар “үр”-тэй вэ гэдгийг багш нар маань сайтар судлах ёстой. “Шинэ Монгол-3” сургууль “Хүүхэд бүрийн онцгой чанарыг ургуулна” гэдэг уриатай. Бид хүүхдүүдэд зөвхөн мэдлэг өгдөггүй.
Миний бие “Шинэ Монгол” сургуулийн “Карьер хөгжлийн төв”-д олон жил ажилласан. “Ажлын байранд гараад ирэхээр “Шинэ Монгол”-ын төгсөгчид арай л өөр. Танай төгсөгчдийг ажилд авъя. Олоод өгөөч” гэсэн хүсэлтийг олон компанийн удирлагын зүгээс бидэнд тавьдаг.
Хүн зөвхөн оюун ухааны чадвар өндөртэй байх албагүй, харин ёс зүй, хүмүүжил, төлөвшил, биеийн болон сэтгэцийн хувьд эрүүл байх ёстой гэсэн зарчимд багш ажилтнууд маань нэгддэг юм. Төгсөгчдөөс маань дэлхийн томоохон их сургуулиудад 100 хувийн тэтгэлэгтэйгээр шууд тэнцээд явдаг амжуултууд ч маш олон. Ийм төгсөгчдийг гаргахын тулд бид дээр өгүүлсэн стандартыг хадгалж явах ёстой байдаг юм.
Ийм төгсөгчийг монголдоо олноор нь бий болгох нь “Шинэ Монгол” сургуулийн бас нэгэн томоохон үүрэг гэж боддог. Тийм ч учраас бид дахин нэг салбараа нээх гэж байна. “Шинэ монгол” сургуулийнхаа энэ л танигдсан арга зүй, уламжлалаараа авч яваад үнэт зүйлийг нь уламжлаад, хөгжүүлээд явна.
СОНГОЛТ, ШИЙДВЭР ГАРГАХ ЧАДВАРТАЙ БАЙХ ЭС БАЙХААС ХҮНИЙ АМЬДРАЛЫН ЧАНАР ХАМААРДАГ
“Шинэ Монгол-3” сургууль хүүхдүүдэд өөрөө бие дааж шийдвэр гаргах чадварыг бүрэн суулгана гэж харж байгаа. Амьдралынхаа аливаа үе болгонд бид сонголт хийж, шийдвэр гаргадаг шүү дээ. Шийдвэр гаргах чадвар сулаас болоод өгөгдсөн нөхцөл дээр харьцуулан бодох, эргэцүүлэн шүүж тунгаах чадваруудыг хөгжүүлж чадалгүй том болдог. Харин сонголт, шийдвэрээс шалтгаалан хүний амьдралын чанарт маш их ялгаа гардаг. Финланд, Японд бол багш нар хүүхдийн шийдвэр гаргах мөч болгоныг өөрт нь үлдээдэг. Японд жишээлбэл, хүүхдүүдэд ярих орон зай, эргэцүүлэх цагийг өгдөг.
Бид нар том хүн учраас “Тэр зөв” гэдэг хариултыг мэдэж байгаа. Тэрхүү “Зөв” гэсэн хариуг ойлгохын тулд хүүхэд маш олон процесстой тулж болно. Тэгвэл та хүүхдэд томчуудын “зөв”-ийг шууд тулгахгүйгээр хүүхэд хариугаа төөрөн хайх явцыг өөрт нь үлдээх нь зөв байдаг. Тэрхүү хүүхдийн хөгжих, эргэцүүлэх цаг мөчийг хүүхдэд өөрт нь үлдээх нь чухал юм. Үүн дээр манай сургуулийн суурь зарчим эцсийн мөчид бууж байгаа юм.
“ХҮҮХЭД БҮРИЙН ОНЦГОЙ ЧАНАРЫГ УРГУУЛНА”
Хүн төрөлхтний ойлголт, боловсролыг, хүний хөгжлийг харах өнцөг нь өөр болчихсон. Бүх нийтийн боловсрол гэдэг “Бүх хүүхдийг адилхан хайрцаг, хэвэнд цутгачихъя” гэхээ больчихсон гэж хэлж болно. Тэгш хандах, үл алагчлах гэдэг нь хүүхэд бүрт автомаар ижих хэмжээтэй зүйл өгөх бус, харин хэрэгцээнд нь тулгуурлсан хэмжээтэй дэмжлэг өгнө гэсэн үг.
Ийм ертөнцөд хүүхэд болгоны хувьд очих ёстой зорилго болон нь өөр байж болно гэж үзэж байна. Таны хүүхэд “Гацуур мод” байлаа гэж үзэхэд бид түүнийг хамгийн сайнаар нь тордоод агаар, усыг нь сайхан тааруулж өгснөөр өөрийнх нь хэмжээнд хамгийн боломжтой, хамгийн өндөрт ургах хэмжээнд нь хүргэнэ. Түүнээс биш “Тэр хүүхэд ийм хэмжээнд ургасан, чи бас түүн шиг урга” гэж хэлэхгүй. Иймээс манай сургууль нь хүүхэд болгоны өөрт нь байгаа нөөцийг хязгаарт нь тултал хөгжүүлэх зорилго тавьдгаараа давуу талтай гэж бодож байна.