Монголбанк, Бреттон Вүүдсийн дахин зохион бүтээх хороо (Reinventing Bretton Woods Committee) хамтран “Нийлүүлэлтийн саатал болон худалдааны шоктой үе дэх дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын хурлыг 2025 оны зургаадугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Хурлыг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ “Нийлүүлэлтийн гаралтай шокууд нь эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж, бодлого боловсруулагчдад сорилт болж байна. Энэ үед Төв банкнууд мөнгөний бодлогын үр дүнтэй байдлыг дээшлүүлэхийн тулд уламжлалт үүрэг ролио эргэн харах, тоон болон чанарын мэдээллийг сайжруулах, тооцоолол, дүн шинжилгээний арга техникийг боловсронгуй болгох, мөнгө-сангийн бодлогын уялдааг бэхжүүлж ажиллах шаардлагатай байна. Мөн Олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь бүс нутгийн болон дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чухал юм” хэмээн онцоллоо.
Дэлхийн эдийн засагт цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, амьжиргааны өртгийн өсөлт, геополитикийн хурцадмал байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалсан хүндрэлүүд сүүлийн жилүүдэд зэрэгцэн тохиож, шинэ сорилтууд тулгарсаар байна. Энэ нөхцөл байдал нь мөнгөний болон төсвийн бодлогын чиг баримжаа, харилцан уялдааг дахин эргэж харах, тогтвортой байдлыг хангах шинэ гарц, шийдлийг эрэлхийлэх шаардлагыг үүсгэж байгаа билээ. Дэлхий нийтэд тулгараад буй энэхүү нийтлэг сорилтуудын талаар өндөр түвшний хэлэлцүүлгийг өрнүүлэх гол талбар болохын хувьд энэ удаагийн хурлаар дараах сэдвүүдийг онцоллоо. Үүнд, дэлхий нийтийг хамарсан шокийн үе дэх эдийн засгийн нөхцөл байдал, нийлүүлэлтийн шокод үзүүлэх мөнгөний бодлогын арга хэмжээ, Төв банкны оролцоонд гарч буй өөрчлөлтүүд, нийлүүлэлтийн шокод үзүүлэх төсвийн бодлогын арга хэмжээ, хиймэл оюун ухаан, дижиталчлал болон ногоон шилжилтийн макро эдийн засаг дахь үр дагавар, дэлхийн эдийн засгийн хуваагдлын үед хэрэгжүүлэх эдийн засаг, санхүүгийн зохицуулалтын бодлого, арга замууд сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Монголбанк, Бреттон Вүүдсийн дахин зохион бүтээх хорооны хамтран зохион байгуулж буй олон улсын өндөр түвшний энэхүү хэлэлцүүлэгт 15 орны 20 гаруй зочин төлөөлөгчид оролцож байна. Тодруулбал, ОУВС-ийн Төсвийн бодлого хариуцсан зөвлөх Митали Дас, Бреттон Вүүдсийн дахин зохион бүтээх хорооны гүйцэтгэх захирал Марк Узан, Солонгосын Хөгжлийн институтын ерөнхийлөгч Дон Чул Чо, Чехийн Төв банкны Ерөнхийлөгч асан Мирослав Сингер, ОУВС-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Тигран Погосиан, АХБ-ны Бүс нутгийн хамгийн ажиллагаа, интеграцын хэлтсийн захирал Жон Ву Канг зэрэг олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагууд, судалгаа, хөгжлийн институтын эрдэмтэн, судлаач нар оролцож байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын холбогдох яамд, арилжааны банкны удирдлагууд, дотоодын зохицуулагч байгууллагууд, судлаачдын төлөөлөл зэрэг өргөн хүрээг хамарч байна.