Элсэлтийн Ерөнхий шалгалт энэ сарын 18-21-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулагдаж байна. Монголын түүх хичээлээр улсын хэмжээнд хоёр хүүхэд 800 оноо авсан. Түүний нэг нь Хөвсгөл аймгийн Титэм сургуулийн сурагч Б.Цагаанбаатар юм. Ингээд Б.Цагаанбаатар болон түүний багштай ярилцсанаа хүргэе.
-Юун түрүүнд ЭЕШ-д 800 оноо авсанд баяр хүргэе. Ер нь 800 оноо авч чадна гэсэн итгэлтэй байсан уу?
-Баярлалаа. Тэгэлгүй яах вэ. ЭЕШ-д орохоосоо өмнө 800 оноо авч магадгүй гэсэн итгэлтэй, ямар нэгэн сандралгүй байсан. Харин ЭЕШ-ынхаа оноог сонсоход 96 авсан. Уг нь бараг алдаагүй байх гэж бодсон ч дөрвөн оноо алдсандаа бага зэрэг сэтгэлээр унасан. Хүмүүс чиний оноо 800 хүрнэ гэсэн. Ер нь 800 оноо авч чадна гэдэгтээ итгэхгүй явсаар байгаад л маргааш өглөө хариугаа хараад итгэсэн.
-Энэ мэдээг гэрийнхэн болон эргэн тойрны хүмүүс нь хэрхэн хүлээн авав?
-Гэрийнхэн “Миний хүү мундаг байна. Баяр хүргэе” гэсэн. Хол байгаа болохоор айхтар сэтгэл хөдлөл үзүүлээгүй. Манай гэрийнхэн Архангай аймагт амьдардаг. Миний хувьд есдүгээр ангидаа одоогийн сургуульдаа шилжиж сурсан. ЭЕШ-ын мэдээг сонсоод манай сургуулийнхан маш их баяр хүргэж байгаа.
-Айлын хэд дэх хүүхэд вэ. Аав, ээж нь ямар хүмүүс байдаг вэ?
-Манай аав, ээж хоёулаа малчин. Таван хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд.
-ЭЕШ-д хэр хугацаанд бэлдсэн бэ. Өдөрт хэдэн цагийг зарцуулдаг байв?
-ЭЕШ-ын өмнө улсын олимпиад гээд дөрөвдүгээр сарын эхээр болсон. Түүнд бэлдэж сар орчим зөвхөн түүхийн хичээлээ хийсэн. Ингэхдээ өдөрт 10-12 цаг зарцуулж байсан. Иймдээ ч улсын олимпиадад мөнгөн медаль авсан. Тухайн суурь бэлтгэлээрээ ЭЕШ-д орсон. Миний мэргэжил түүхтэй холбоотой биш учраас улсын олимпиадаас хойшоо бусад хичээлийнхээ ЭЕШ-д бэлдсэн. Ер нь түүхийн хичээлдээ анхаарахгүй байсаар ЭЕШ-д орсон.
-ЭЕШ өгөхдөө хэнээс зөвлөгөө тусламж авч байсан бэ. Тухайн хүн нь юуг захиж байв?
-Түүхийнхээ багшаас л голдуу зөвлөгөө авсан. Багш бүлэг тестийнхээ дагуу эдгээр асуулт, ийм түвшний даалгавар, ингэж орж ирдэг гээд зөвлөсөн. Манай багш өөрөө олимпиадад их ордог хүн болохоор ЭЕШ-ын асуултуудын ихэнхийг таамаглаж байсан.
-Монголын түүхийн хичээлийн юу нь гоё вэ. Анх үзэж эхэлж байхад ямар санагдаж байсан бэ?
-Хэдийгээр миний мэргэжилтэй холбоогүй ч гэсэн аравдугаар ангид багшаараа түүх яриулахад их сонирхолтой санагдсан. Түүхийн мэдлэгтэй больё гэж их хүсэж байсан болохоор анх сонгон судалж байсан. Чингис хааны үеийн болон хойших үеийн түүх надад илүү сонирхолтой байдаг. Дэлхийн талыг эзэлж мандан бадарч явсан улс яагаад уналтад орж хөгжингүй гэх тодотголд орох болсон учир зангилааг түүхийн өнцгөөс мэдэхийг хүсэж байсан.
-Түүх бол уншиж судлах сэдэв олонтой. Ямар аргаар цээжилж байсан бэ?
-Төсөөллийн арга голдуу ашиглаж байсан. Номонд байгаа хэсгийг уншиж ойлгож өөрийн болгоод холбоотой бүхнийг төсөөлдөг. Жишээлбэл, ийм хувцас хэрэглэл, газар нутаг гэх мэтчилэн төсөөлж тогтоох нь өөрт арай үлддэг юм шиг санагддаг.
-Түүхийн хичээлийн сэдвүүдээс ойлгох, тогтооход хамгийн хэцүү сэдэв нь юу вэ?
-Дэлхийн эртний түүхийн сэдэв дээр оноо алдсан. Тухайн сэдвийн бэлтгэл дутуу байсан байх гэж бодож байгаа.
-Нийт хэдэн хичээлээр ЭЕШ өгч байгаа вэ?
-Математик, физик, англи хэл, түүх гэсэн дөрвөн хичээлээр ЭЕШ өгч байна.
-Ирээдүйд түүхтэй холбоогүй мэргэжил эзэмшинэ гэсэн. Ямар мэргэжилтэй болохыг хүсэж байгаа вэ. Цаашдын мөрөөдөл, зорилгоосоо хуваалцахгүй юү?
-Хиймэл оюун ухааны чиглэлээр суралцах хүсэлтэй. МУИС эсвэл ШУТИС-д бүртгүүлэхээр төлөвлөж байна. Ирээдүйд өөрийн бизнестэй болох, ур чадвараа сонгосон мэргэжилдээ илүү өндөр түвшинд хөгжүүлж дэлхийн түвшинд хүрэхийг зорьж байгаа. Тийм болохоор боломж олдвол гадагшаа сурна.
-Дараа жил түүхийн хичээлээр өгөх хүүхдүүдэд зөвлөгөө өгвөл?
-Ер нь сурах бичгээ уншаад өөрийн болгосон байхад ямар ч асуудалгүй өндөр оноо авна. Энэ жилийн ЭЕШ-д сурах бичгээс хальсан мэдээлэл бараг байгаагүй. Зарим нэг хүнд түвшний чамайг эргэлзүүлэх тестүүд мэдээж байна. Гэхдээ дийлэнх нь суурь үндсэн зүйл байх болно.
-Ярилцлагынхаа төгсгөлд монгол хүн бүр түүхээ мэдэхийн ач холбогдол нь юу гэж боддог вэ?
-Түүхээ ойлгочхоод дараа нь нийгмийг судалбал илүү дөхөмтэй байна гэж боддог. Улс болгоны соёл нь түүхтэйгээ зайлшгүй холбоотой байдаг. Жишээлбэл, Хүннүгийн үед үүссэн соёл өнөөдөр бидэнд эрийн гурван наадам, нүүдэлчний аж ахуй гээд нөлөөлөөд явж байгаа. Үүнтэй ижилхэн бидний өнгөрсөн түүх өнөөгийн нийгэм, соёл, аж ахуй, зан араншинд шингэсэн байдаг. Тийм учраас түүхээ судалснаар Монголынхоо нийгмийг ойлгоно.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Үргэлжлүүлэн Б.Цагаанбаатарын түүхийн багш М.Ганболдтой ЭЕШ-д шавиа хэрхэн бэлдсэн талаар тодруулснаа хүргэе.
Тэрээр “Миний хувьд түүхийн багшаар 15 жил ажиллаж байна. Анх удаа шавиа ЭЕШ-д 800 оноо авуулж үзлээ. Манай шавь бид хоёр өмнө жилээс олимпиадад бэлдэж эхэлсэн. Иймээс бараг хоёр жилийн бэлтгэлтэй байсан. Манай шавь Хөвсгөлд болсон таван олимпиадад түрүүлсэн. Сүүлдээ аймгийн олимпиадад түрүүлж, улсын олимпиадаас мөнгөн медаль авсан. Унших бүх номоо уншиж, нэмэлт олон материал дээр ажиллаж байсан болохоор шавьдаа ЭЕШ-д 800 оноо авна гэдэгт нь бүрэн итгэж байсан. Бүх уралдаан, олимпиадад итгэл алдаж үзээгүй. Манай шавь маш олон цагаар сууж түүхийн номоо сайн уншиж судалдаг байсан. Мөн утасны хэрэглээ маш бага хэрэглэдэг. Хүүхэд сууж сурах, цагаа зөв зүйлд зарцуулах нь утасны зөв хэрэглээ юм байна гэдгийг шавиасаа харсан даа. Ийм олон шавьтай таараасай гэж бодож байна” гэсэн юм.