Монгол Улсын нийт гадаад өр 2025 оны эхний улиралд 38.0 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс 3.0 (8.4%) тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 805.2 (2.2%) сая ам.доллароор өссөн байна.
Улсын нийт гадаад өр 2025 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.9 тэрбум ам.доллароор, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 1.4 тэрбум ам.доллароор тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
Харин Төв банкны гадаад өр 555.1 сая ам.доллароор буурчээ. Нийт гадаад өрийн 17.6 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 8.6 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 2.9 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 1.2 тэрбум ам.доллар нь Төв банкных, 7.7 тэрбум ам.доллар нь бусад салбарынх эзэлж байгаа аж.
Засгийн газрын нийт өр 2025 оны эхний улиралд 34.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.8 (16.3%) их наяд төгрөгөөр, өмнөх улирлаас 1.2 (3.6%) их наяд төгрөгөөр өссөн байна. Засгийн газрын гадаад өр 2025 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 3.7 их наяд төгрөг, Засгийн газрын өрийн баталгаа 155.5 (6.3 дахин) тэрбум төгрөг, дотоод өр 1.0 (6.3 дахин) их наяд төгрөгөөр тус тус өсжээ.
Засгийн газрын нийт өрийн 33.2 (95.9%) их наяд төгрөг нь гадаад өр, 184.7 (0.5%) тэрбум төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа, 1.2 (3.6%) их наяд төгрөг дотоод өр тус тус эзэлж байна.