Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Трампын бууж өгөх шаардлагын хариуд Аятолла Хаменей АНУ-д анхааруулга өглөө

Трампын бууж өгөх шаардлагын хариуд Аятолла Хаменей АНУ-д анхааруулга өглөө
Нийтэлсэн 0 минутын өмнө
Иран-Израил хоорондын зөрчил улам ширүүссээр долоо дахь өдрөө үргэлжилж байна. Цөмийн хөтөлбөр, бүс нутгийн ноёрхлын өрсөлдөөн, геополитикийн олон талт ашиг сонирхол дээр тулгуурласан энэхүү зөрчил нь зөвхөн хоёр улсын төдийгүй, дэлхий нийтэд ноцтой аюул учруулж байна.
Израил улсын зүгээс Иран дахь 1100 гаруй цэгт цохилт өгсөн. Үүнд Арак, Натанз, Хондаб, Тегеран, Исфахан зэрэгт байрлах цөмийн байгууламж, пуужингийн төвүүд багтжээ. Иран үүний хариуд пуужингийн довтолгоо хийж, Тель-Авив, Беэр-Шева, Хайфа, Петах Тиква зэрэг хот руу гал нээсэн. Өнөөдөр л гэхэд Израилын өмнөд хэсгийн Беэр-Шева хотод байрлах Сорока эмнэлэгт баллистик пуужин туссан талаар Израилын эрх баригчид мэдээлэв.
Израилын агаарын цохилтоор Иранд 585 хүн амь үрэгдэж, 1300 хүн шархадсан бол Израилын талаас 24 иргэн Ираны хариу цохилтод өртөж, амиа алдсан байна.
Төрийн тэргүүн нарын мэдэгдэл
Талуудын удирдагчид зөрчилдөөн намжаахын оронд улам хурцатгах байр суурь илэрхийлсээр буй. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху цөмийн аюулыг үндсээр нь устгахаа мэдэгдэж, Ираны эсрэг цаашдын ажиллагаа үргэлжилнэ гэж онцолсон. Харин Ираны удирдагч Аятолла Хамней “Тулаан одоо л эхэлж байна” гэж мэдэгдэж, АНУ болон Израилд анхааруулга өгсөн юм. Тэрээр бууж өгөх ямар ч боломжгүй, харин ч цаашид хариу цохилтоо эрчимжүүлнэ гэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг болзолгүйгээр бууж өгөхийг шаардсан ч, Америк шууд оролцох эсэхээ тодорхой илэрхийлээгүй аж. Гэсэн хэдий ч Персийн булан руу тэнгисийн цэргийн хүч илгээсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгаж мэдэхээр байна. Түүнчлэн АНУ-ын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Трамп Иранд цохилт өгөх төлөвлөгөөг баталсан ч эцсийн тушаалаа хараахан өгөөгүй гэж мэдээлжээ.
Энэхүү мэдэгдлийн дараа Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменей Израилтай хийж буй дайнд бууж өгөхгүй гэдгээ илэрхийлээд “Хэрэв АНУ Израилын талд орж, Ираны эсрэг дайралтад оролцвол нөхөж баршгүй хохирол амсана” хэмээн анхаарууллаа.
Олон улсын хариу үйлдэл
Гуравдагч улсууд, тэр дундаа Европын холбооны орнууд энэхүү зөрчлийг намжаах дипломат оролдлого хийж байна. Герман, Франц, Их Британийн гадаад хэргийн сайд нар Ираны төлөөлөгчтэй Женев хотод уулзалт хийхээр товлоод байгаа нь тодорхой хэмжээний найдвар төрүүлж буй. НҮБ болон Их долоогийн удирдагчид нэн даруй гал зогсоохыг шаардаж байгаа ч, Израил болон Иран ямар ч болзолгүйгээр галаа зогсооно гэх найдвар бага байна.
Бүс нутгийн хувьд Саудын Араб, Катар, Оман зэрэг улс дам зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, бүс нутгийн тогтвортой байдлыг сахин хамгаалахаар ажиллаж байгаа ч, хариу цохилтууд тасрахгүй байгаагаас шалтгаалан үр дүн хараахан гараагүй байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн