Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Г.Лувсанжамц: "Дулаанбаатар" аяны хүрээнд ирэх таван жилд Улаанбаатарын агаарын бохирдлыг 50-80 хувиар бууруулах боломжтой

Г.Лувсанжамц: "Дулаанбаатар" аяны хүрээнд ирэх таван жилд Улаанбаатарын агаарын бохирдлыг 50-80 хувиар бууруулах боломжтой
Нийтэлсэн 9 минутын өмнө
Сүүлийн 15 жилийн хугацаанд Монгол Улс ойролцоогоор 5.6 их наяд төгрөгийг агаарын бохирдол бууруулах үйл ажиллагаанд зарцуулсан байна. Харамсалтай нь зөвхөн хэрэглээг дэмжих бодлого барьж ирсэн нь хангалттай үр дүнд хүрээгүй юм. Агаарын бохирдлыг бууруулах, утаагүй болох хамгийн үр дүнтэй бөгөөд хурдан шийдэл бол дулаалга гэж үзэн УИХ-ын даргын 85-р захирамжаар ногоон санхүүжилтийн тогтолцоог боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Тэгвэл өнөөдөр Ногоон зээлийн санхүүжилт, "Дулаанбаатар" аяны талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц нарын гишүүд мэдээлэл хийлээ.

Агаарын бохирдлыг дулаалгаар л шийдэх боломжтой

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: УИХ-ын даргын 85 дугаар захирамжаар байгуулагдсан ногоон санхүүжилтийн тогтолцоог боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан бөгөөд уг ажлын үр дүнд боловсруулсан Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр баталлаа. Чуулганы танхимд байсан гишүүдийн олонх нь дэмжсэнээр энэхүү тогтоол батлагдаж, Монгол Улсад ногоон санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлэх суурь тавигдаж байна. Энэ тогтолцоо нь иргэдийн гэр, байшинг дулаалах санхүүгийн хөшүүргийг бий болгох, хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход чиглэж байна. "Дулаанбаатар" аяныг 2028 он хүртэл тасралтгүй үргэлжлүүлэх болно. Зун цаг ирсэн ч утааны асуудлыг мартаж болохгүй, өвлийн улирлаас өмнө дулаалгын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.
Өнгөрсөн хугацаанд төрөөс түлш буюу шатах материалд татаас олгож байсан бол цаашид төрийн бодлого дулаалга буюу эрчим хүч хэмнэх шийдлүүдийг дэмжих чиглэлд шилжиж байгаа юм. “Дулаанбаатар” аяны хүрээнд 2032 он гэхэд нийт 300 мянган айл өрхийн гэр, байшинг дулаалахаар төлөвлөсөн. Үүнээс 170 мянга нь зөвхөн Улаанбаатар хотод харьяалагдах бол үлдсэн хэсэг нь орон нутгийн өрхүүдийг хамруулна. Дулаалгын ажил үнэгүй биш. Иргэдэд зөвхөн зөвлөмж, арга зүй, техникийн дэмжлэг үзүүлэх ба арилжааны банкнуудтай хамтран хүүгийн хөнгөлөлт бүхий ногоон зээлээр хэрэгжүүлэх юм.
2025 онд Улаанбаатар хотын хэмжээнд 10,000 байшин, 10,000 гэрийг дулаалж, 2026 оноос жил бүр таван мянгаар нэмэгдүүлэн 2032 он гэхэд 300 мянган байшин, гэрийг дулаалж дуусгахаар зорьж байна. Үүний үр дүнд 2028 он гэхэд нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувиар, 2032 он гэхэд 80 хүртэлх хувиар бууруулах боломжтой.
Тогтоолын төслийг хэрэгжүүлэхэд арилжааны банкнуудын үүрэг, оролцоо их байсныг онцлох хэрэгтэй. Зарим арилжааны банк гадаадын ногоон санхүүгийн эх үүсвэрийг татсан. Цаашид Байгаль орчны яамны дэмжлэгтэйгээр зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлснээр энэхүү хүүг 6 хувь хүртэл бууруулах боломжтой болох юм. Байшин, гэрээ дулаалах нь тухайн иргэний хувьд орон сууцандаа хийж буй бодит хөрөнгө оруулалт бөгөөд энэ хөрөнгө оруулалтыг дэмжих санхүүгийн хөшүүргийг бий болгоод байна.
Ногоон зээлийн журамд иргэдэд хүүгийн хөнгөлөлтөөс гадна хоёр төрлийн дэмжлэг тусгагдсан. Нэгдүгээрт, орон сууц худалдан авсан иргэн 6 сая төгрөгийг Хувь хүний орлогын албан татвараас буцаан авдаг байсан бол одоо энэ зохицуулалтыг дулаалгын ажилд мөн адил хамааруулахаар болсон. Өөрөөр хэлбэл, байшин, гэрээ эрчим хүчний хэмнэлттэйгээр дулаалсан тохиолдолд тодорхой хэмжээний хөрөнгө (жишээлбэл, гэрийн хувьд 2-3 сая, байшингийн хувьд 7-18 сая төгрөгийн зардал) гаргасан иргэн татварын буцаан олголт авах боломжтой болох юм.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Сүүлийн 10 жилийн турш утааг түлшээр шийдэх үү, дулаалгаар шийдэх үү гэсэн маргаан үргэлжилж ирсэн. Харин одоо энэхүү асуудлыг шийдэх цогц тогтолцоог баталж, ногоон зээлийн эх үүсвэрийн 80 хувийг дулаалга руу чиглүүлэхээр болсон нь бодлогын томоохон өөрчлөлт юм.
Зургадугаар сарын 5-нд батлагдсан утааны тухай сонсголын дүнгээр цаашид утаа гаргадаг зууханд төсвийн мөнгө зарцуулахгүй байх шийдвэр гарсан бол өнөөдөр батлагдсан тогтоолоор тав тухтай, дулаан орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд ногоон санхүүжилтийг зориулна гэдэг нь цогц, тогтвортой шийдэл болж байна.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн