Open iToim app
Нийгэм | 8 мин уншина

Ө.Батзориг: Олон улсын шилдэг тээвэрлэгч UPS-ийн үйлчилгээг гэрээлэгч "Сэлэнгэ Групп" компанитай UBCab Express хамтран ажиллахаар болсон

Ө.Батзориг: Олон улсын шилдэг тээвэрлэгч UPS-ийн үйлчилгээг гэрээлэгч "Сэлэнгэ Групп" компанитай UBCab Express хамтран ажиллахаар болсон
Нийтэлсэн 4 минутын өмнө
100 гаруй жилийн түүхтэй, олон улсын шилдэг тээвэрлэлтийн байгууллага болох UPS-тэй UBCab Express хамтран ажиллаж хурд, хэмнэлт, нууцлал гэх үндсэн зарчмыг баримтлан хамгийн найдвартай үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Мэдээллийн технологи талаас ч дэвшилтэт үйлчилгээг тун удахгүй хэрэглэгчдэдээ үзүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тухайлбал, хэрэглэгчийн зүгээс гэртээ сууж байгаад л UBCab аппликэйшнаар дамжуулан бичиг баримт эсвэл бараагаа гадаад руу илгээх боломжтой болох юм. Түүнчлэн UBCab аппликэйшнд ачаа тээвэрлэж буй газарзүйн байршлыг хянах боломжтой тул "таны бараа хаана явж байгаа бол" гэх эргэлзээ арилна. Товчхондоо, хэрэглэгчид Amazon зэрэг сайтуудаас бараа захиалахдаа UPS-ийг сонгоод монгол хаягаа оруулснаар шууд гэртээ хүргүүлэх боломжийг бүрдүүлсэн гэсэн үг. Энэхүү хамтын ажиллагааны талаар UBCab Express ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг болон UPS Олон улсын буухиа шуудангийн үйлчилгээг гэрээлэгч Сэлэнгэ группийн үүсгэн байгуулагч, "Монголиан Парсел Сервис" (Монголын Илгээмжийн Үйлчилгээ) ХХК-ийн ерөнхий захирал Л.Энхтөр нартай ярилцлаа.
-Олон улсын шилдэг тээвэрлэлтийн байгууллага UPS-тэй хамтарснаар UBCab Express-ийн үйл ажиллагаанд ямар өөрчлөлт үзүүлэх вэ?
-UPS бол дэлхийд нэр хүндтэй, найдвартай гэдгээрээ алдартай олон улсын тээврийн байгууллага. Ийм нэр хүндтэй компанитай хамтран ажиллана гэдэг UBCab Express компанийн хувьд маш том амжилт, мөн хариуцлага юм. Энэ нь зөвхөн бидэнд төдийгүй Монгол Улсын шуудан, логистикийн салбарт шинэ түвшний чанар, шуурхай байдлыг нэвтрүүлэх боломжийг олгож байна. Хамтран ажилласнаар ямар өөрчлөлт гарах вэ гэвэл UPS-ийн бараа бүтээгдэхүүнийг Монголын бүх аймаг, 330 сумд 72 цагийн дотор хүргэх боломжтой болж байна.
Улаанбаатар доторх хүргэлт 12-18 цагийн дотор хийгдэнэ. Мөн бид Temu сайтаас захиалсан барааг 24 цагийн дотор хүргэж байна. Монголын хэрэглэгчид UPS-ийн аюулгүй, нарийн хяналттай системийг ашиглах боломжтой болж байгаа нь бас нэгэн давуу тал юм.
UBCab аппликэйшнаар дамжуулан та бичиг баримт эсвэл бараагаа Америк болон Европын орнуудад илгээх боломжтой юм.  Жишээ нь, Оюу толгой компани Америк руу бичиг баримт илгээх шаардлагатай болоход UBCab аппликэйшнаар захиалга өгөхөд манай жолооч очиж бичиг баримтыг аваад UPS-ийн агуулахад хүргэж өгнө. Тэндээсээ шууд гадаад руу илгээгдэх юм. Энэ технологи тун удахгүй хэрэгжиж эхэлнэ.
Хэрэглэгчийн зүгээс гэртээ сууж байгаад л аппликэйшнаар дамжуулан бүх үйлчилгээг авах боломжтой болж байна гэсэн үг. Мөн UBCab аппликэйшнд ачаа явж буй газарзүйн байршлыг хянах боломжтой тул хэрэглэгчдэд үүсдэг эргэлзээ арилна. Хэрэглэгчид Amazon зэрэг сайтуудаас бараа захиалахдаа UPS-ийг сонгоод Монгол хаягаа оруулснаар шууд гэртээ хүргүүлэх боломжтой. Энэ бол олон улсын зах зээлтэй холбоотой шинэ боломж нээгдэж байна гэсэн үг. UPS-ийн албан ёсны хүргэлтийг Монголд зөвхөн UBCab Express гүйцэтгэхээр болсон юм.
-Тээвэрлэлтийн баталгаат байдал хэр найдвартай бол. Бараа бичиг баримтыг хэр хурдан хугацаанд хүргэх боломжтой вэ?
-UPS бол дэлхийн хэмжээнд тээвэр логистикийн салбарт найдвартай, өндөр стандарттайгаар нэр хүндээ тогтоосон байгууллага. Энэ компани нь бусад ижил төрлийн байгууллагуудаас ялгарах өөр нэг онцлог нь гааль, хил дээрх бүрдүүлэлт, шалгалт зэрэг үйл явцыг өөрийн дотоод сүлжээгээр бие даан, шуурхай шийддэг явдал юм. Үүнтэй холбоотойгоор UPS-ийг төрийн байгууллагууд, яам тамгын газрууд, олон улсын байгууллагууд, тэр дундаа Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын нэр хүндтэй компаниуд тогтмол ашигладаг. Тээвэрлэлтийн найдвартай байдал, аюулгүй байдал нь олон улсын түвшинд аль хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн тул UPS-ээр дамжуулан илгээсэн бичиг баримт, ачаа бараа алдагдах, саатах, гэмтэх эрсдэл маш бага гэж хэлж болно.
Хүргэлтийн хугацааны хувьд ч мөн адил өндөр шалгуур тавигддаг. Тухайлбал, UPS-ийн ачааг Улаанбаатар хотын хэмжээнд дунджаар 12-18 цагийн дотор, харин орон нутаг руу 72 цагийн дотор хүргэх боломжтой болж байгаа нь дотоодын тээвэр хүргэлтийн салбарт нэгэн шинэ жишиг тогтоож байна. 
quote photo
Бидний хувьд UPS бол олон улсад гарах шинэ гарц болж өгч байна. 
Ө.Батзориг
-Цаашид гадаадад амьдарч буй монголчууд Монголд байгаа бараа бүтээгдэхүүнийг UBCab платформоор дамжуулан захиалж, шууд хүргүүлж авах боломжтой болох уу?
-Энэ бол манай компанийн стратегийн төлөвлөгөөний гол хэсэг гэж хэлж болно. Бид үүнийг алсын төлөвлөгөө биш, яг одоогоор энэ чиглэлийн платформ дээр ажиллаж, экспортын түвшинд нарийн бэлтгэл ханган ажиллаж байна. Бид ирээдүйд, магадгүй гэж хойш тавилгүй тодорхой хугацаа товлосон бөгөөд нэг жил хагасын дараа буюу тун ойрын хугацаанд энэхүү үйлчилгээг хэрэглэгчдэд нэвтрүүлэхээр зорьж байна.
Түүнчлэн бид зөвхөн хэрэглэгчид Монголын барааг захиалах боломжтой болгоод зогсохгүй, бүр ч том зорилготой байгаа нь Монгол Улсад үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл, тэр дундаа Хятадын Temu зэрэг томоохон цахим худалдааны платформд гаргах явдал юм. Яг жилийн дараа Temu дээр Монголын бараанууд байршиж, дэлхийн хэрэглэгчид тэдгээрийг захиалж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.
–UPS-ийн хүргэлтийн үйлчилгээний цар хүрээ цаашид хэрхэн тэлэхээр байна вэ?
-Эхний ээлжид манай компани UPS-ийн ачаа, барааг Монголын хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээг албан ёсоор эхлүүлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар 250 гаруй илгээмжийг амжилттай түгээсэн байна. Цаашид өдөр бүр тогтмол 50-100 ширхэг бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх төлөвлөгөөтэйгөөр манай баг ажиллаж байгаа. Хүргэлтийн цар хүрээ, ачаалал нэмэгдэхийн хэрээр үйл ажиллагааны бүтэц, стандартчилал ч мөн адил өндөр түвшинд хүрэх шаардлага тавигдаж байна. Тухайлбал, манай баг UPS-ийн олон улсын шаардлагад нийцсэн тусгай дүрэмт хувцас, логотой хүргэлтийн стандарт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Зарим төрлийн ачаа бараанд зориулсан тусгай зориулалтын автомашин шаардагдах болсонтой холбогдуулан холбогдох судалгааны ажлуудыг эхлүүлээд байна.
Хэрэглэгчид гар утасны аппликэйшнаараа дамжуулан бараагаа хаана явж буйг хянах боломжийг бүрдүүлэх ажлын хувьд одоогоор системийг угсрах шатандаа явж байгаа бөгөөд энэ нь харьцангуй энгийн процесс юм. Тус системийг бүрэн ажилд оруулах хугацаа нь энэ оны наймдугаар сарын сүүлээр тооцоологдож байна.

UPS-ийн Монголд орж ирсэн нь зөвхөн нэг компанийн үйлчилгээ өргөжсөнөөс гадна, Монголын эдийн засаг, тэр дундаа экспортын чиглэлд чухал түлхэц болж байна

UPS Олон улсын буухиа шуудангийн үйлчилгээг гэрээлэгч Сэлэнгэ группийн үүсгэн байгуулагч, "Монголиан Парсел Сервис" (Монголын Илгээмжийн Үйлчилгээ) ХХК-ийн ерөнхий захирал Л.Энхтөрөөс зарим асуултад хариулт авлаа.
undefined
-UPS бол 100 гаруй жилийн түүхтэй, дэлхийн хамгийн том хүргэлтийн компаниудын нэг. Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулснаар эдийн засаг, ялангуяа экспортын салбарт ямар боломжуудыг авчрах вэ?
-1907 онд дөнгөж 19 настай Америк хүү АНУ-ын Сиатл хотод хүргэлтийн жижиг бизнес эхлүүлж байсан. Түүний энэхүү санаачилга хожим дэлхийн хамгийн том хүргэлтийн компани болох UPS (United Parcel Service) буюу (Нэгдсэн Илгээмжийн Үйлчилгээ) болон хөгжсөн нь үнэхээр онцлох түүх юм. Анх гар тэрэг түрэн, захиалагчийн илгээмжийг хүргэж эхэлсэн энэхүү компани өнөөдөр олон улсын хэмжээнд тээвэр, логистикийн хамгийн өндөр түвшний үйлчилгээг үзүүлдэг томоохон корпорац болж, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөөд байна.
UPS нь сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй ажиллаж, жилд 100 тэрбум ам.долларын орлого олдог, дэлхий даяар 500 мянга гаруй ажилтантай, 100 мянга гаруй хүргэлтийн автомашин, 300 гаруй боинг онгоцтой хүчирхэг бүтэцтэй болжээ. Түүнчлэн дэлхийн 220 оронд өдөр тутмын шуудан, илгээмж, ачаа тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Энэ нь тээвэр, логистикийн салбарын дэлхий нийтийн урсгалыг найдвартай, хурдтай, хяналттай байдлаар шийддэг иж бүрэн системтэй гэдгийг илтгэж байна.
Монгол Улсын хувьд 2000 оноос эхлэн олон улсын буюу улс хоорондын шуудангийн хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэн хөгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр UPS нь оюуны өмчийн гэрээн дээр Сэлэнгэ групп UPS-ийн албан ёсны үйлчилгээг үзүүлэгч болсноос хойш 25 жилийн хугацаа өнгөрчээ. UPS-ийн Монголд орж ирсэн нь зөвхөн нэг компанийн үйлчилгээ өргөжсөнөөс гадна, Монголын эдийн засаг, тэр дундаа экспортын чиглэлд чухал түлхэц болж байна. Учир нь өнөөдрийн байдлаар манай улсын гадаад худалдааны бүтцэд импорт давамгайлж байгаа ч экспортын бараа, бүтээгдэхүүний төрөл цар хүрээг нэмэгдүүлэх шаардлага байсаар байна. UPS нь агаарын ачаа тээвэр, ялангуяа хурдан шуурхай экспресс хүргэлт дээр өндөр туршлагатай, дэвшилтэт шийдэлтэй учраас бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд түргэн шуурхай хүргэх, дэлхийн хэмжээнд гаргах замыг нээж өгч байгаа юм. Цаашид экспортын үйл ажиллагааг идэвхжүүлж, дотоодын үйлдвэрлэгчдийг дэлхийн зах зээлд гаргах бодлоготой уялдан, UPS-ийн агаарын тээврийн боломжуудыг бүрэн ашиглах нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
-UBCab Express болон UPS-ийн хамтын ажиллагаа хэрхэн эхлэхээр болсон бэ?
-Манай үйлчилгээний хамгийн гол онцлог нь маш хурдан шуурхай хүргэлт юм. Ковидын өмнөх хугацаанд бид илгээмжийг 3-5 ажлын хоногт хүргэж байсан бол одоо технологийн дэвшил, хамтын ажиллагааны хүрээнд энэ хугацаа улам богиносож, улам хурдацтай хүргэх боломж бүрдээд байна. Ялангуяа Европын орнууд болон Америк руу ачаа илгээх хугацаа эрс сайжирч, Европ руу ердөө нэг өдөр хагасын дотор хүргэх боломжтой болсон нь манай агаарын тээврийн экспресс үйлчилгээний шуурхай байдал ямар түвшинд хүрснийг илтгэж байна.
Монголчуудын дунд карго гэх нэршил түгээмэл байдаг ч бидний явуулж буй үйлчилгээ ердийн карго биш, харин агаарын тээврээр дамжуулан явагддаг өндөр хурдтай, нарийн хяналттай экспресс хүргэлтийн үйлчилгээ юм. Энэ төрлийн үйлчилгээний хоёр гол шаардлага нь нэгдүгээрт хурд, хоёрдугаарт боломжийн үнэ буюу бага зардал байх ёстой. Мөн хэрэглэгчийн мэдээлэл, ачаа барааны нууцлал, аюулгүй байдал дээд түвшинд байх шаардлагатай. Манай хамт олон эдгээр гол шалгуурыг хангахын тулд анхааран ажиллаж байна.
UPS болон UBCab Express-ийн хамтын ажиллагаа эхлэхээс өмнө бидний зүгээс гадаад дотоод нөхцөл байдал, хүргэлтийн зах зээлийн орчныг зургаан жилийн турш нарийвчлан судалсан. Энэхүү хамтын ажиллагааг хэрэгжүүлэх суурь гол бүтцийн нэг нь Сэлэнгэ групп юм. Сэлэнгэ групп нь энэхүү тээвэр, логистикийн төслийн толгой компани бөгөөд түүний охин компани болох MPS нь борлуулалтын шууд үйл ажиллагааг явуулдаг. Харин UBCab нь мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлж, хэрэглэгчид хүргэх платформын сайжруулалт, хяналтын систем дээр төвлөрөн ажилласан юм. Бидний үзэл баримтлалд хурд, хэмнэлт, нууцлал гэсэн гурван үндсэн зарчим бий. Энэ гурван зарчмыг хэрэгжүүлэхэд мэдээллийн технологи чухал үүрэг гүйцэтгэж байна.
quote photo
Зургаан жилийн турш төлөвлөж, судалж, хамтран ажиллах суурийг тавьсны үр дүнд UPS болон UBCab Express-ийн хамтын ажиллагаа бодит ажил хэрэг болсонд баяртай байна.
Л.Энхтөр
-Улаанбаатар хотын түгжрэл хүргэлтийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ. Үүнийг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бэ?
-Хүргэлтийн үйл ажиллагааг чанартай үр дүнтэй зохион байгуулахад тулгардаг хамгийн том хүндрэл бол Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал юм. Жолооч нарын хувьд нэг чиглэлд олон цэгээр хүргэлт хийх нь цаг хугацаа их шаарддаг, хүндрэлтэй процесс болж хувирдаг. Энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдэхийн тулд бид олон хүргэлтийн ажилтныг зэрэг ажиллуулснаар хүргэлтийн хурд, үр ашиг эрс сайжирсан.
Манай туршилтын хугацаа маш амжилттай явагдаж, бидний анх тооцоолж байснаас ч илүү богино хугацаанд шуурхай хүргэлт хийгдэж чадсан. Энэхүү шинэчлэл нь хэрэглэгчдэд ч, хүргэгч нарт ч, үйлчилгээг явуулж буй компанийн хувьд ч бүх талуудад ашигтай хамтын ажиллагаа болж чадсан. Туршилтын явцад хүргэлтийн нийт ачааны 90 гаруй хувь нь тухайн өдөртөө хүргэгдсэн бөгөөд үлдсэн хэсэгт нь хаяг тодорхойгүй эсвэл хаяг буруу бичигдсэн зэрэг техникийн жижиг алдаанууд байсан. Түгжрэлийн нөлөө багатай нөхцөлд бид хүргэлтийн чанарын үзүүлэлтийг 98 хувьд хүргэж байсан бол, сүүлийн жилүүдэд замын ачаалал ихэссэнтэй холбоотойгоор хүргэлтийн хурд, үр дүн буурах хандлага ажиглагдаж эхэлсэн. Гэсэн ч бид энэхүү асуудлыг хамтрагч талтайгаа нягт уялдаатай ажилласны үр дүнд үр дүнтэйгээр шийдэж чадсан.
Цаашид бидний хамтын ажиллагаа зөвхөн хүргэлтийн цар хүрээгээр хязгаарлагдахгүй. Гадаад зах зээл рүү чиглэсэн экспортын ачаа, шуудан, каргогийн үйлчилгээг өргөжүүлж, илүү өргөн цар хүрээтэй, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх дэд бүтцийг бий болгох нь бидний алсын хараа юм.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн