Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

В.Баярсайхан: Монгол Улс ур чадвартай боловсон хүчний дутагдалд орсон

В.Баярсайхан: Монгол Улс ур чадвартай боловсон хүчний дутагдалд орсон
Нийтэлсэн 4 минутын өмнө
Lambda.global” старт апын үүсгэн байгуулагч В.Баярсайхан ярилцлаа. Түүний удирдан ажилладаг Lambda.global нь Төв ази, Кавказын 800 гаруй спарт апуудаас шилдэг тавд шалгараад байна. 
-Юун түрүүнд спарт апын санаагаа хэрхэн олсон түүхээсээ бидэнтэй хуваалцахгүй юү?
-Бидний хувьд яг жилийн өмнө Төв Азийн хурдасгуур хөтөлбөр болох Гүүгл компанийн Silkway Accelerator-д Монгол Улсаас шалгарч анх үүсгэн байгуулагдаж байсан старт ап. Өнгөрсөн зуны гурван сарын туршид Астана технологийн төвийн томоохон хиймэл оюун ухааны старт апуудтай хамт хурдацтай хөгжиж HR бүтээгдэхүүнээ зах зээлд гаргасан. Тухайн үедээ бүс нутгийн олон хөрөнгө оруулагчид болон хамтрагчдадаа төслөө танилцуулж арга хэмжээнүүдэд оролцсон. Түүний ачаар зарим хөрөнгө оруулагчтай урт хугацааны харилцаатай байж Ламбдаагийнхаа үйл ажиллагаа болон ахиц дэвшлүүдээ байнгын мэдээлсээр ирсэн. Тийм ч учраас олон хөрөнгө оруулагчид бидний Монгол дахь амжилтыг мэдэж байгаа. Тухайлбал, жилийн дотор 250 Монголын топ компаниуд ашиглаж эхэлсэн. Хамгийн өндөр цалинтай, сайн хангамжтай, ур чадвар шаардсан 4000+ ажлын зарууд зарлагддаг болсон. Туршлага ур чадвараараа шилэгдсэн 35 мянга гаруй тайланд бүртгэгдсэн гэх мэт. 
Түүнчлэн, технологийн бүтээгдэхүүнийхээ онцлогуудыг ялгарал болгож NEXUS AWARDS-д бусад 800 гаруй старт апын адил нэрээ дэвшүүлсэн. Энэхүү шагналын эцсийн шат нь санал хураалтаар явагдах бөгөөд монгол старт апаа дэмжихийг уриалж байна.
-Монгол Улсад ажилгүйдэл болон ажиллах хүчний хэрэгцээ шаардлага аль аль нь өндөр байдаг. Энэ бүхнийг зохицуулахад юу хэрэгцээ шаардлагатай гэж хардаг вэ?
-Монгол Улc ажилгүйдэл гэхээсээ илүүтэйгээр ур чадвартай боловсон хүчний дутагдалд орсон. Өөрөөр хэлбэл, ажиллах хүмүүс нь байгаад байдаг. Гэхдээ тэдний туршлага, мэдлэг, ур чадвар нь хоцрогдсон эсвэл цаг үетэйгээ харьцуулахад чадамжгүй болсон гэсэн үг. Түүнийгээ дагаад бүтээмж, үнэлгээ муу байдаг. Харин компаниудын хувьд өндөр ур чадвартай, туршлагатай, цаг үетэйгээ хөл нийлүүлсэн мэргэжилтнүүдийг цуглуулж байж илүү үр бүтээмжтэй үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ. Иймээс шилмэл, сор болсон мэргэжилтнүүдийг өндрөөр үнэлж чадаж байгаа.
Ламбдаагийн хувьд энэхүү зөрүүг аль болох багасгаж хиймэл оюун ухааны тусламжтайгаар нийцлийг нь тодорхойлох юм. Ямар компанид, ажлын байранд, тайланд хамгийн зөв тохирох вэ гэдгийг нь гаргаж ирэх бодлогыг боддог гэсэн үг.
-Lambda.global-аар дамжуулан хэдэн ажлын байр зуучилсан бэ. Таны спарт ап ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг газруудаас ялгарах онцлог юу вэ?
-Өнөөдрийг хүртэл 4000 орчим ажлын зар нийтлэгдсэнээс компаниуд өөрсдөө сонгон шалгаруулалтаа хийгээд 25 хувь нь амжилттайгаар ажилд орсон. Ингэхээр нийт 1000 орчим мэргэжилтнийг амжилттай зуучилсан байна. Харин томоохон компаниудтай HEADHUNTING буюу ур чадвартай хүний нөөцийг ангуучлах үйлчилгээгээрээ сүүлийн гурван сард 100 хувь амжилттайгаар 50 өндөр, онцгой ур чадвартай, эсвэл удирдлагын түвшний мэргэжилтнийг зуучилсан.
-Хүний нөөц бол байгууллагын хамгийн чухал зүйл. Ажилтнуудаа тогтвортой ажиллуулахын тулд бизнес эрхлэгчдэд ямар сорилт бэрхшээл тулгарч байна вэ, юунд анхаарах хэрэгтэй вэ?
 Ажлаас солих судалгаанаас хоёр үндсэн шалтгаан бий. Үүнд:
  • Цалин болон хангамжтай холбоотой буюу өөрийнхөө ур чадвар туршлагыг хийсэн үр дүнгээ бодитоор үнэлүүлж чадахгүй байгаа асуудал.
  • Байгууллага доторх уур амьсгал, хамтран ажиллагсдын чансаа, удирдлагын чадамж зэрэг багтаж байна.
Энэхүү сорилтуудыг даван туулахын тулд үр дүн дээр нь суурилж урамшуулах тогтолцоог бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хэн сайн үр дүн гаргаж ашигтай ажиллаж, бүтээмж өндөртэй байна. Тухайн хүндээ онцгой өндөр хангамжуудыг санал болгох буюу тогтмол, ижилхэн биш цалингийн системийг нэвтрүүлэх шаардлагатай.
Мөн удирдлагын багаа танил, хамаатан садан, хуучин ажилласан зэрэг хүмүүсээр бүрдүүлэхээс татгалзах хэрэгтэй. Харин илүү ур чадвар, үр дүн дээр суурилж сонгох нь чухал.
-Эргээд өөрт тохирсон ажлын байрыг олно гэдэг залуусын хувьд амаргүй байдаг. Шинэ үеийнхэн ажлын байрнаас юуг шаардаж байна вэ?
-Шинэ үеийн залуусын хувьд илүү олон төрлийн ажлыг туршиж үзэх сонирхолтой  байдаг. Тиймээс үүнийг ихэнх компаниуд тогтвортой ажиллахад төвөг болдог гэж үздэг. Сул тал гэж үздэг нь буруу. Харин үүнийг давуу тал болгон ашиглаж залуу үеийн төлөөллийг сорьж олон төрлийн ажлын байранд шилжүүлэн ажиллуулах зарчмаар бүтээмжийг өндөр байлгаж ажиллах хугацааг уртасгах боломжтой гэж харж байна.
Судалгаагаар шинэ үеийн залуус өмнөх үетэйгээ харьцуулбал 30-50 хувь нь илүү  богинохон хугацаатай нэг албан тушаал дээр ажиллах хандлагатай байгаа.
-Ажлын байран дээр үе хоорондын зөрчил гэх асуудал сүүлийн жилүүдэд их яригддаг болсон. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь зүйтэй вэ?
-Энэ бол бодит тулгамдаж буй асуудал мөн. Өөр өөрийн нөхцөл байдал цаг хугацаагаар өссөн хүмүүс байгууллагын нэг зорилгын дор нэгдэн ажиллахад хоорондоо заавал харилцах шаардлага гардаг. Хамгийн том асуудал нь харилцааны ойлголтын зөрүү. 
Энэхүү зөрүүг арилгахын тулд компанийн соёл хамгийн том үүрэг рольтой. Нээлттэй байх, бие биедээ хүндэтгэлтэй хандах, мэдээллийг аль болох чөлөөтэй урсгах, санаа оноог өөрсдийнх нь өнцгөөс харахыг хичээх гэх мэт сургалт болон үйлдлүүдийг байнга хийх шаардлагатай.
-Хүмүүс ажлын байр сонгохдоо нийтлэг ямар алдаа гаргаж байгаа ажиглагддаг вэ?
Нэгдүгээрт, маш их яардаг. Ядарснаас болж буруу шийдвэр гаргадаг. Ажилгүйдлийнхээ тэтгэмжийг аваад өөрөө өөртэйгөө ярилцаад,  ойлгоод ирээдүйн зорилгоо зөв тодорхойлох нь чухал. Тухайн цаг хугацааг өөртөө олго.
Хоёрдугаарт, ажлаа сольж байгаа хүмүүс хүний нөөц эсвэл захиралтай нь уулзаад шийдвэр гаргадаг. Гэтэл яг хөрсөн дээр буугаад ажиллаад үзэхээр захирлын ярьснаас тэс ондоо байх тохиолдол бий. Хүний нөөц юугаа ч ойлгоогүй байж байдаг.
Эцэст нь,  ажил гэдэг нь хэнтэй ямар баг дотор ажиллахаас бүх зүйл хамаарна. Түүнээс ямар брэнд, компани, нэр хүндтэй байх нь тийм чухал биш. Хамгийн гол нь чи яг ороод хэнтэй өдөр болгон ажиллах вэ гэдгээ мэдэх ёстой. 
-Ярилцлагынхаа төгсгөлд ажлын сэтгэл ханамж нэмэгдүүлэх тал дээр уншигчдад зөвлөгөө өгөхгүй юү?
-Ажил дээрээ өөрөөсөө хоёр зүйлийг асуух хэрэгтэй. Тухайлбал:
-Чи хөгжиж байна уу.
-Чи хангалттай мөнгө олж байна уу гэдгээ өөрөөсөө асууж үзэх нь зүйтэй.Энэ хоёр хоёулаа тийм байвал чи дэлхий дээрх хамгийн азтай хүн. Харин аль нэг нь байвал яах вэ дажгүй болж байна. Аль нь ч байхгүй бол ажлаа солих цаг нь болжээ.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн