Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газар өөрөөсөө эхлэх ёстой. Нэг үгээр хэлбэл, танхимын сайд нар нь ашиг сонирхлын зөрчилгүй, өөрөө болон хамаарал бүхий хүмүүс нь стратегийн орд газар эзэмшдэггүй байж л Баялгийн санд хөрөнгө төвлөрүүлж чадна.
Гэтэл манайд ашиг сонирхлын зөрчилтэй байх тусмаа Засгийн газрын гишүүн, сайд болох гэж улайрч, өөрийн бизнес, эрх ашгаа хамгаалдаг нь нууц биш. Шинэ бүрдсэн Засгийн газар Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлж, стратегийн орд газрын тодорхой хувийг Баялгийн санд төвлөрүүлэх ажлыг хийхгүй бололтой.
Учир нь Г.Занданшатарын бүрдүүлсэн шинэхэн Засгийн газарт ашиг сонирхлын зөрчилтэй сайд нар олон бий. Тэндний нэг нь Соёлын сайд Ч.Ундрам. Түүний аав Ч.Чинбат нүүрсний магнат нэртэй болтлоо олон компани, лицензтэй болж, Монголын толгой баячуудын нэг болсон. Ч.Чинбат “Өсөх зоос”, “Ундрах говь”, “Баялаг энержи ресурс”, “Монзол” ХХК зэрэг нүүрсний компаниудтай.
“Өсөх зоос” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд Нарийнсухайтын бүлэг ордод лицензтэй. Тодруулбал, Нарийнсухтайтын бүлэг ордод 7 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний хамгийн их нөөцтэй, ашигтай байрлалд МАК, "Өсөх зоос", SGS компаниуд олборлолт хийж байна. Соёлын сайд Ч.Ундрамын аав Ч.Чинбатын "Өсөх зоос" ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Нарийнсухайт ордын Хүрэншандын талбайн 350.13 га газарт 2013.05.27 ашиглалтын нэг лиценз авсан бөгөөд 2043.05.27-нд дуусах аж. Өөрөөр хэлбэл, 30 жил ашиглана гэсэн үг.
Нарийнсухайтын нүүрсний орд нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байршилтай. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын хоёрдугаарт бичигдсэн том орд юм. Ордын хайгуулыг улсын төсвөөр 1990-1991 онд гүйцэтгэж, тухайн үеийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр хэлэлцэж, нөөцийг нь баталсан байдаг.
Баялгийн сангийн тухай хуулиар дээрх ордын тодорхой хувийг Баялгийн санд төвлөрүүлэх ёстой. Үүний дагуу Нарийнсухтайтын бүлэг ордод лиценз эзэмшсэн 7 компанид хэлэлцээрт орох урилга хүргүүлсэн талаар Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч хэвлэлийн хурлын үеэрээ мэдээлж байсан юм. Харин "Өсөх зоос" компанийн захирал Ч.Чинбаттай холбогдож чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, Ч.Чинбат стратегийн орд газрын хамгийн их нөөцтэй газрын лицензийг эзэмшиж, олборлолт хийж байж, Баялгийн санд авах асуудлаар урилга хүргүүлсэн ч холбогдохгүй, ямар нэгэн хариу өгөхгүй байгаа аж.
Мөн түүнчлэн УИХ-аас зохион байгуулсан нүүрсний сонсголын үеэр Ч.Ундрам сайдын аавын "Өсөх зоос" компанийн хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл улсын бүртгэлээс устгагдсан байж болзошгүйг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлж байсан. Тэрээр "УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аавын "Өсөх зоос" компанийн мэдээллийг улсын бүртгэлээс устгажээ. Ямар шалтгаантайг мэдэхгүй, энэ мэдээлэл олдоогүй. Улсын бүртгэлийн байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлага ийм байдалд л байна" хэмээн хэлж байсан юм.
Монголын баялгийг ухаж олсон мөнгөөрөө охиноо УИХ-ын гишүүн, сайд болгосон Ч.Чинбат стратегийн орд газрын лицензээ төрд өгөх үү. Эсвэл хамгаалуулахаар Засгийн газрын гишүүн болгосон уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.