Шинэ судалгаагаар бохь зажлах үед хэдэн зуун бичил хуванцар хүний ам руу шууд ордог болохыг тогтоожээ. Судлаачид энэ нь зөвхөн бохины хор хөнөөлийг төдийгүй байгаль орчны бохирдолд ч нөлөө үзүүлж байгааг анхааруулж байна.
Сүүлийн жилүүдэд бичил хуванцар (microplastics) гэх жижиг хуванцар хэсгүүд дэлхийн хаа сайгүй илэрч байна. Түүнчлэн хүний биед ч орж байгаа нь тогтоогдсон бөгөөд уушги, цус, тархинд хүртэл олдож байгааг олон улсын эрдэмтэд анхааруулсаар байна.
Калифорнийн их сургуулийн (UCLA) судлаачид хийсэн туршилтдаа, 10 төрлийн бохины тус бүрээс 7 ширхгийг зажилж, дараа нь шүлснээс нь шинжилгээ авчээ. Үр дүнд нь 1 грамм бохь дунджаар 100 ширхэг бичил хуванцар ялгаруулж байгааг тогтоосон бөгөөд зарим тохиолдолд 600 хүрч байжээ. Хүн жилд дунджаар 180 ширхэг бохь зажилдаг гэж үзвэл, ойролцоогоор 30,000 бичил хуванцар залгиж байна гэсэн үг.
Гэсэн ч судалгааг удирдсан профессор Санджай Моханти “энэ бол хүмүүсийг айлгах гэсэн оролдлого биш” хэмээгээд, бичил хуванцрын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө бүрэн нотлогдоогүй гэж хэлжээ. Харин бичил хуванцрыг хүний биед орж буй өөр нэг замыг л харуулж байгаа аж.
Бохины орц — резин биш, хуванцар?
Бидний өдөр тутам хэрэглэдэг бохины ихэнх нь нефтийн гаралтай, хуванцар бүтэцтэй синтетик полимер агуулдаг бөгөөд зажлуур чанарыг нь үүгээр бий болгодог байна. Гэсэн ч бохины савлагаанд “хуванцар” гэж бичдэггүй, харин ердөө “бохь суурьтай” гэж л тэмдэглэдэг.
Судалгаанд оролцогч Лиза Лоу байгалийн болон хиймэл 10 төрлийн бохийг туршихад аль аль нь бичил хуванцраар дүүрэн байжээ.
Британийн Портсмутын их сургуулийн эрдэмтэн Дэвид Жонс “бохинд автомашины дугуй, хуванцар уут, савтай ижил бүтэцтэй бодис ордог гэдгийг мэдээд хүмүүс гайхах нь бий” гэж хэлжээ.
АНУ-ын Чихрийн Үйлдвэрлэгчдийн Холбоо уг судалгаанд хариу мэдэгдэл гаргахдаа “Бохь 100 гаруй жилийн турш аюулгүй хэрэглэгдэж ирсэн. Орц найрлага нь АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаагаар баталгаажсан” хэмээн онцолжээ.
Хэдийгээр бичил хуванцрын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө бүрэн тогтоогдоогүй ч, бидний хэрэглээний ямар ч жижиг зүйлийн цаана том эрсдэл нуугдаж байж болохыг харуулж байгаа юм гэж судлаачид анхааруулж байна.