Open iToim app
Технологи | 2 мин уншина

Сэм Алтман: "Meta" манай компанийн ажилтнуудад 100 сая долларын урамшуулал санал болгож байгаа

Сэм Алтман: "Meta" манай компанийн ажилтнуудад 100 сая долларын урамшуулал санал болгож байгаа
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 18
OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтманын хэлснээр Meta (хуучнаар Facebook) компани тус компанийн чадварлаг ажилтнуудыг өөртөө татахын тулд 100 сая ам.долларын урамшуулал санал болгож байгаа аж.
Марк Зукербергийн гүйцэтгэх захирлаар ажилладаг Meta компанийн зүгээс OpenAI-ийн инженерүүдийг ажилд авах оролдлого хийж байгаа нь хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэх мэргэжилтнүүдийг олж авахын төлөөх өрсөлдөөн хэр их ширүүссэнийг харуулж байна. Энэ нь тус компани OpenAI, Google зэрэг өрсөлдөгчдөд гүйцэгдэхгүйн тулд “супер оюун ухаан”-ы шинэ хэлтсээ байгуулж эхэлсэнтэй холбоотой.
Сэм Алтман “Meta манай багийн олон хүнд маш өндөр цалин, жишээ нь 100 сая ам.долларын урамшуулал, түүнээс ч илүү жилийн нөхөн олговор санал болгож эхэлсэн. Гэхдээ одоогоор манай шилдэг ажилтнуудын хэн нь ч үүнийг хүлээж аваагүй байгаа” хэмээн ахынхаа хөтөлдөг “Uncapped” подкастын үеэр ярьжээ. Мөн тэрээр “Meta биднийг өөрсдийнх нь хамгийн том өрсөлдөгч гэж үздэг гэж би сонссон” хэмээн хэлжээ.
Түүний энэ мэдэгдэл Meta компани өгөгдөл ангилах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Scale AI стартапт 14.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, тус компанийн гүйцэтгэх захирал Александр Вангыг өөрийн “супер оюун ухаан”-ы багийг удирдуулахаар ажилд авсны дараахан гарч иржээ.
Нээлттэй эх сурвалж бүхий AI загвар хөгжүүлэлтийн салбарт нэгэн үе тэргүүлж байсан Meta нь сүүлийн үед ажилтнуудын шилжилт хөдөлгөөнд өртөж, Google, Хятадын DeepSeek болон OpenAI зэрэг өрсөлдөгчдөд дүйцэхүйц шинэ AI загваруудынхаа нээлтийг хойшлуулаад байгаа билээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн