Ахмадын эрхийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзултай ярилцлаа.
-Ахмад настнуудын эрх хэрхэн зөрчигдөж байна вэ. Асрамжийн газрын нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Сүүлийн жилүүдэд төрөөс ахмад настнуудын амьдрал, эрхийн асуудалд тодорхой анхаарал хандуулж, хэд хэдэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнд тэтгэврийн шинэчлэлийн бодлого, ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл насжилтыг бий болгох зорилготой хөтөлбөрүүд багтаж байгаа юм. Гэсэн хэдий ч ахмад настнуудын эрх зөрчигдөж буй асуудлууд бүрэн шийдэгдээгүй бөгөөд хүний эрхийн талаарх гомдол, асуудлууд тасралтгүй ирсээр байна.
Ахмадуудын зүгээс хамгийн их хөндөгддөг сэдэв бол тэтгэврийн хэмжээ, тэтгэврийн зөрүүгийн асуудал юм. Тэтгэвэр нэмэгдэж байгаа ч инфляцын өсөлттэй уялдан бодитоор амьжиргааг дэмжих хэмжээнд хүрэхгүй байгаа тухай гомдол нийтлэг байдаг. Мөн ижил хугацаанд ажилласан ч тэтгэврийн хэмжээ харилцан адилгүй байгаа нь ахмад настнуудын дунд шударга бус байдал үүсгэж байна. Түүнчлэн ахмад настнууд ялгаварлан гадуурхалттай тулгарч байгаа гомдлууд Хүний эрхийн үндэсний комисст тогтмол ирдэг. Тухайлбал, төрийн болон нийгмийн үйлчилгээг авахад тэднийг үл тоомсорлох, дуу хоолойг нь сонсохгүй байх хандлага түгээмэл ажиглагддаг. Ахмадуудыг үеэ өнгөрөөсөн, тэтгэврийн хүмүүс гэх мэт хандлага нийгэмд тогтсон нь тэдний нэр төр, оролцооны эрхэд сөргөөр нөлөөлж байгаа юм. Ахмад настнуудын нийгмийн амьдралд оролцох эрх хангалттай хэрэгжихгүй байна. Үүнд хүрээлэн буй орчны хүртээмжийн асуудал ихээхэн саад болж байгаа. Барилга байгууламж, дэд бүтцийн төлөвлөлт нь ахмад настны хэрэгцээнд нийцээгүй, аюулгүй байдал хангагдаагүй байдаг. Жишээлбэл, өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсэх нь ахмадуудын унаж бэртэх, улмаар хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.
Ахмад настны асрамжийн газруудын нөхцөл байдал ч мөн адил санаа зовоосон асуудлын нэг. Зарим асрамжийн газарт хүрэлцээ дутмаг, хүний нөөцийн чадавх сул, үйлчилгээний чанар муу байдаг. Зарим газарт ахмад настнууд халамж, анхаарал хомс нөхцөлд амьдарч байгаа нь тэдний сэтгэл зүй, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Өнөөдөр ахмад настны эрхийн талаар ярихад зөвхөн тэтгэврийн асуудал л онцлогдож байгаа ч тэдний оролцоо, нэр хүнд, сэтгэл зүйн болон бие махбодийн аюулгүй байдал зэрэг олон талт асуудлууд орхигдсоор байна.
Дэлхий дахинд хүн амын насжилт эрчимтэй явагдаж байгаа. Манай улсын хувьд ч энэ үзэгдэл тодорхой байна. Судалгаагаар 2050 он гэхэд Монгол Улсад таван хүн тутмын нэг нь ахмад настан байх төлөвтэй байна. Тиймээс насжилтын асуудлыг зөвхөн нийгмийн халамжийн хүрээнд биш, хүний эрхийн өнцгөөс харж, цогц байдлаар авч үзэх шаардлага гарсан. Ахмад хүн бүр өөрийн амьдралын түүх, туршлага, хэрэгцээ шаардлагатай, нийгмийн тусгал болсон хувь хүн юм. Гэвч өнөөгийн нийгэмд үе хоорондын ойлголцол суларч, ахмад үе болон залуу үеийн хоорондын уялдаа холбоо, харилцан дэмжих хандлага багасч байгааг анхаарах шаардлагатай.
-Ахмад настнууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад ямар хүндрэл, саад бэрхшээл тулгарч байна вэ?
-Ахмад настнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт өнөөдөр хангалтгүй байсаар байна. Тэд тусламж үйлчилгээ авахад олон төрлийн хүндрэлтэй тулгарч байгаа нь тэдний эрүүл мэнд, амьдралын чанар болон насжилтад сөргөөр нөлөөлж байгаа юм.
Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээ авахад урт оочир дараалал үүсдэг нь ахмад настнуудын хувьд биеийн ачаалал даах чадвар сул байдагтай холбоотойгоор хүндээр тусдаг. Мөн шаардлагатай эм, эмчилгээний үнэ өндөр байдаг нь олон ахмад настнуудын хувьд тогтмол орлого багатай, санхүүгийн боломж хязгаарлагдмал тул эмээ цаг тухайд нь авч хэрэглэх, эмчилгээ хийлгэх нөхцөл хүндрэлтэй байна. Түүнчлэн эрүүл мэндийн үзлэг, оношилгооны төлбөр өндөр байгаа нь орлого багатай ахмадуудын хувьд үйлчилгээ авах боломжийг улам хязгаарладаг. Үүнээс үүдэн зарим ахмад эрүүл мэндийн асуудлаа удаан хугацаанд тоолгүй явсаар өвчнөө хүндрүүлэх, улмаар амь нас, амьдралын чанартаа эрсдэл учруулах нөхцөлд ордог.
Эдгээр бэрхшээлүүд нь зөвхөн хувь хүний асуудал бус, эрүүл мэндийн тогтолцооны хүрээнд шийдвэрлэх шаардлагатай бүтцийн шалтгаантай юм. Үүнд эрүүл мэндийн байгууллагын хууль, зохион байгуулалт, бүтэц, санхүүжилтийн тогтолцоо, эмч ажилчдын цалин хөлсний асуудал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал, эмч нарын ачаалал их, цалин хөлс бага байгаагаас үйлчилгээний чанар буурах, хувь хүнд чиглэсэн тусламж хүрэлцэхгүй байх зэрэг асуудал бий. Иймд ахмад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахын тулд салбарын тогтолцоог цогцоор нь шинэчлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээ шаардлагатай байгаа юм.
-Үр хүүхэд нь эцэг эхийнхээ тэтгэврийн мөнгийг авах асуудал олширсон. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисст гомлол ирдэг үү?
-Сүүлийн жилүүдэд үр хүүхэд нь эцэг эхийнхээ тэтгэврийн мөнгийг дур мэдэн ашиглах, барьцаанд тавьж зээл авах зэрэг асуудал нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь ахмад настнууд эдийн засгийн хүчирхийлэлд өртөх нэг хэлбэр болж байгаа юм.
Судалгаанд оролцсон ахмадуудын дөрвөн ахмад тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байсан.
Үр хүүхэд нь ахмад настны тэтгэврийг зөвшөөрөлгүйгээр ашиглах, эд хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах тохиолдлууд түгээмэл байгаа нь эдийн засгийн хүчирхийллийн жишээ юм. Энэхүү асуудлыг Хүний эрхийн Үндэсний комисс 2023 онд УИХ-аар хэлэлцүүлж, ахмад настнуудын эрх зөрчигдөж буй байдал, ялгаварлан гадуурхалт болон хүчирхийллийн асуудлыг онцлон хөндсөн. Үүний үр дүнд ахмад настанд чиглэсэн эдийн засгийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил, гэмт хэргийн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг Зөрчлийн болон Эрүүгийн хуульд тусган өөрчлөлт оруулсан юм. Мөн Хүний эрхийн Үндэсний комисс жил бүр УИХ-д ахмад настнуудын эрхийн хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлын талаар тайлан, илтгэл өргөн барьдаг. Энэ илтгэл нь хүний эрхийн бодлого боловсруулах, эрх зөрчлийг таслан зогсоох чухал баримт бичиг болдог.
-Судалгаанд оролцсон ахмад настнуудын дөрвөн хүн тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж байна. Та энэ талаар бодит жишээ хэлж өгч болох уу?
-Ахмад настнууд зөвхөн бие махбодын хүчирхийлэл төдийгүй эдийн засаг, сэтгэл санаа, үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд ч өртөж байна. Жишээлбэл, ахмад настныг гэртээ орхиод, үр хүүхэд нь ажилтай гэх шалтгаанаар олон хоногоор тоохгүй байх, өдөр тутмын асаргаа, анхаарал халамж үзүүлэхгүй байх зэрэг нь үл хайхрах хүчирхийллийн нэг хэлбэрт тооцогддог. Энэ төрлийн хүчирхийлэл сүүлийн үед ихэссэн нь ахмадуудын ганцаардлын асуудлыг улам хүндрүүлж байна.
Судалгаа авах үеэр гэр хороололд амьдардаг нэг ахмад настантай уулзсан. Тэрээр дөрвөн ханатай хашаан дотроо өдөржин ганцаараа байдаг, үр хүүхэд нь хааяа нэг эргэж тойрдог тухай ярьсан. Судалгаанд оролцсон ахмадуудын 60 гаруй хувь нь ганцаардлын асуудалтай байсан юм. Мөн хань ижлээ эрт алдаж, ганцаар амьдарч буй ахмадын сэтгэл зүйн байдал маш эмзэг, эмчилгээ, дэмжлэг шаардлагатай болдог.
Жишээ нь, Дорноговь аймагт явуулсан хяналт шалгалтын үеэр нэг ахмад настныг асрамжийн газарт хүлээн аваагүйгээс болж өвөл хүнд нөхцөлд амьдарч, гарынхаа арван хурууг хөлдөөсөн байсан. Энэ хэргийг Хүний эрхийн Үндэсний комисс анхааралдаа авч, нарийн судалгаа хийсний үндсэн дээр тухайн ахмад настныг асрамжийн газарт байршуулах арга хэмжээг авсан.
Ахмад настнуудыг асрамжийн газарт хүлээн авахдаа тодорхой хууль, журам мөрддөг. Бага зэргийн сэтгэцийн өөрчлөлттэй ахмад настнуудыг асрамжийн газар хүлээн авдаггүй байна. Үүнээс шалтгаалан олон ахмад нийгмийн ажилтнуудад хүндрэл учруулдаг.