Дэлхийн хамгийн олон жуулчин хүлээн авдаг Луврын музей дайны хөлд ч, терроризмын аюулд ч, цар тахлын үеэр ч тэсэж үлдэж байсан. Гэвч энэ даваа гарагт ажилтнууд нь ажил хаясны улмаас үйл ажиллагаагаа зогсоожээ.
Венец, Акрополис зэрэг аялал жуулчлалын халуун цэгүүд хэт олноор ирж буй жуулчдын урсгалыг хязгаарлах гэж хичээж буй энэ үед Луврын музей ч ачааллаа даахаа больж, жуулчлал хэтэрсэн үзэгдлийн бэлгэ тэмдэг болон хувирч байна.
Даваа гарагт Луврын музейн танхимын ажилтнууд, тасалбар борлуулагчид, хамгаалалтын албаныхан хэт олширсон жуулчдын урсгал, хүний нөөцийн дутагдлын эсрэг эсэргүүцлээ илэрхийлж, ажлын байрандаа очихоос татгалзсан нь мянга мянган жуулчдыг музейд орж чадалгүй гадаа хүлээн суухад хүргэжээ.
Энэ бүхний төвд алдарт "Мона Лиза" бий. Өдөрт дунджаар 20,000 хүн зөвхөн Леонардо да Винчигийн энэхүү зурагтай селфи даруулахын тулд музейн хамгийн том танхим болох Salle des États-д чихцэлдэн орж ирдэг.
Өнгөрсөн онд Луврын музей 8.7 сая зочин хүлээн авсан нь анх төлөвлөсөн багтаамжаасаа хоёр дахин их тоо аж. Өдөрт 30,000 зочин хүлээн авах хязгаартай ч ажилтнуудын хэлснээр энэ нь өдөр тутмын тэвчээрийн шалгуур болж хувирсан байна. Амрах газар хомс, ариун цэврийн өрөө цөөн, зундаа халуун бүгчим орчинд ажиллахад бэрх болдог гэжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Луврын музейн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилготой 10 жилийн томоохон төлөвлөгөөг саяхан танилцуулсан. Уг төлөвлөгөө нь усны нэвчилт, аюултай хэлбэлзэлтэй температур, хуучирсан дэд бүтэц, хэт их хүн урсгал зэрэг асуудлыг шийдэх зорилготой аж.
Гэвч газар дээр нь ажиллаж буй музейн ажилтнуудад энэхүү ирээдүй хол мэт санагдаж байна. “Бид зургаан жил хүлээж чадахгүй” хэмээн үзэсгэлэнгийн танхимын ажилтан, зочин үйлчилгээг хариуцагч Сара Сефиан ярьжээ. Тэрээр “Энд зөвхөн урлагийн бүтээлүүдийн тухай асуудал яригдаж байгаа юм биш, тэднийг хамгаалж байгаа хүмүүсийн тухай асуудал” хэмээн ярьсан байна.