Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

11A суудал онгоцны хамгийн аюулгүй суудал мөн үү

11A суудал онгоцны хамгийн аюулгүй суудал мөн үү
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 17
Air India компанийн онгоц осолдож, зорчигчдын дийлэнх нь амиа алдсан ч нэг зорчигч нисэх онгоцны онцгой гарцаар гарч амьд үлдсэн нь түүний сууж байсан 11A суудал хамгийн аюулгүй суудал байсан байж болзошгүй гэх таамаглалд хүргэжээ.
Түүнчлэн 30 жилийн өмнөх өөр нэгэн онгоцны ослоос амьд гарсан зорчигч мөн 11A суудалд сууж байсан нь энэ таамаглалыг улам өдөөжээ. 47 настай Лойчусак 1998 онд Тайландын өмнөд хэсгийн Сүрат Тани хотод газардах оролдлого хийх үед осолдсон Thai Airways-ийн TG261 дугаартай нислэгт зорчиж байжээ. Онгоц Бангкокоос хөөрсөн боловч газардах үеэр агаарт тогтворгүй болж, хяналтаа алдсан бөгөөд ослын улмаас 146 зорчигчийн 101 нь амь үрэгдсэн байна. Тэрээр амьд үлдсэн цөөн зорчигчдын нэг байсан бөгөөд 11A суудалд сууж байжээ.
undefined
Гэвч агаарын тээврийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, аюулгүй суудлыг нэг утгаар тодорхойлох боломжгүй. Учир нь онгоц бүрийн суудлын зохион байгуулалт өөр өөр байдаг ба амьд үлдэх эсэх нь олон хүчин зүйлсийн нийлбэрээс хамаардаг.
“Агаарын осол бүр өөр. Суудлын байршлаас шалтгаалан хэн амьд үлдэнэ гэдгийг урьдчилан таамаглах боломжгүй" хэмээн АНУ-д төвтэй ашгийн бус Flight Safety Foundation байгууллагын захирал Митчел Фокс мэдэгдэв.
Энэтхэгийн Ахмедабад хотод болсон ослоос амьд гарсан цорын ганц зорчигч Вишвашкумар Рамеш Лондон руу хөөрч байсан Boeing 787 Dreamliner онгоц сүйрэх үед онцгой байдлын гарцад ойр 11A суудалд сууж явсан нь түүнд амьд гарах боломж олгосон гэж дурсан ярьжээ.
Ослын үед гарцны хажууд суух нь амьд үлдэх боломжийг нэмэгдүүлдэг. Гэвч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар 11A гэх тодорхой дугаартай суудал бүх онгоцонд хамгийн аюулгүй байдаггүй. Учир нь онгоцны суудал бүр өөр зохион байгуулалттай.
“Энэ тохиолдолд зорчигч ослын гарцны яг дэргэд суусан байсан нь тухайн өдөр хамгийн аюулгүй суудал болгосон хэрэг” хэмээн Австралийн Сиднейд төвтэй AvLaw Aviation Consulting компанийн дарга Рон Бартш онцолжээ.
Суудлын байрлал ба амьд гарах магадлал
Popular Mechanics сэтгүүл 1971 оноос хойших ослуудыг судалж, 2007 онд нийтэлсэн судалгаанд дурдсанаар онгоцны хойд хэсэгт сууж байсан зорчигчдын амьд үлдэх магадлал илүү өндөр гарчээ. Зарим мэргэжилтэн далавчны хэсэг харьцангуй тогтвортой гэж үздэг.
Рамеш Кумарын суусан гарцны хажуугийн суудал нь түүнийг хамгийн түрүүнд гарч зугтах боломж олгосон. Гэхдээ ослын дараа зарим гарц ажиллахгүй байж болзошгүй. Энэ тохиолдолд онгоц барилгын хана мөргөсөн нь гарцыг нэг талаас нь хаажээ.
Аюулгүйн заавар сонсохын ач холбогдол
Онгоц хөөрөхийн өмнөх аюулгүйн зааварчилгааг анхааралтай сонсох нь амьд үлдэх магадлалыг нэмэгдүүлдэг гэж мэргэжилтнүүд онцолж байна. Хэдийгээр олон хүн үүнийг үл тоомсорлодог ч үнэндээ хамгийн үр дүнтэй арга юм.
2024 оны нэгдүгээр сард Японы агаарын тээврийн онгоц хөөрөх үеэрээ Ханэда нисэх буудал дээр эргийн хамгаалалтын онгоцтой мөргөлдсөн. Бага оврын онгоцны зургаан багийн гишүүний тав нь амиа алдсан бол 379 зорчигч, багийн бүх гишүүн амьд үлдсэн нь онгоцны багийн зааврыг чанд мөрдсөнтэй холбоотой байв. Тухайлбал, ачаагаа орхиод онгоцноос явахыг уриалсан зааврыг дагаж мөрдсөн нь гол хүчин зүйл болжээ.
Аюулгүйн зааварт ерөнхийдөө дараах зүйлсийг хамруулдаг:
  • Суудлын бүсийг зөв, бат бөх бүслэх арга
  • Ослын үед биеэ хэрхэн авч явах (brace position)
  • Онгоцноос гарах замаа урьдчилан төлөвлөх
Түүнчлэн суудал тань хамгийн ойр гарц хүртэл хэдэн эгнээ байгааг тоолж тогтоох нь чухал. Учир нь онгоцны бүхээг утаагаар дүүрсэн үед харагдах орчин хязгаарлагддаг.
Орчин үеийн онгоцны аюулгүй байдлын дэвшил
Air India-гийн осол шиг эмгэнэлт үйл явдал гарсаар байгаа ч орчин үеийн онгоцны бүтэц, тоног төхөөрөмжийн аюулгүйн түвшин эрс сайжирсан гэж Митчел Фокс хэлжээ.
Тэдгээр шинэчлэлтүүдэд:
  • Шалан дээрх гэрэлтүүлэг
  • Галын илрүүлэгч, унтраагч
  • Дэлбэрэлтэд тэсвэртэй, шатахгүй дотоод материал
  • Онцгой байдлын гарц руу хурдан хүрэх боломж зэрэг багтаж байгаа аж.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн