Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Израиль–Ираны мөргөлдөөн гүнзгийрч, олон улсын санаа зовнил нэмэгдэж байна

Израиль–Ираны мөргөлдөөн гүнзгийрч, олон улсын санаа зовнил нэмэгдэж байна
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 17
Израиль, Ираны хоорондох шууд зэвсэгт мөргөлдөөн тав дахь өдрөө үргэлжилж, хоёр улсын хооронд үүссэн нөхцөл байдал улам хурцдах шинжтэй болж байна.
Даваа гарагт Иран улс Израилийн Тель-Авив болон боомт хот Хайфа руу пуужингаар цохилт өгснөөр багадаа 24 энгийн иргэний аминд хүрч, хэдэн арван хүн шархаджээ. Хариуд нь Израиль Ираны томоохон байгууламжууд руу агаараас цохилт өгч, цөмийн болон тагнуулын байгууллагын хэд хэдэн удирдагчийг устгасан байна. Ираны зүгээс 224 хүн амь үрэгдсэн бөгөөд 90 хувь нь энгийн иргэн байсан гэж мэдээлжээ.
Ираны парламент Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнээс (NPT) гарах тухай хуулийн төсөл боловсруулж байгаагаа зарласан ч гүйцэтгэх засаглалын зүгээс одоогоор зөвхөн төсөл төдий гэдгийг онцоллоо. Хэрэв батлагдвал Ираны цөмийн хөтөлбөрийн талаар барууны орнуудын болгоомжлолыг улам нэмэгдүүлж болзошгүй.
undefined
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “цөмийн болон пуужингийн аюулыг устгах” нь тэдний зорилго гэж мэдэгдсэн. Иран харин цөмийн хөтөлбөрөө зөвхөн энхийн зорилготой гэж мэдэгддэг ч НҮБ-ын Цөмийн хяналтын агентлаг өнгөрсөн долоо хоногт Ираныг NPT-ийн үүргээ зөрчсөн хэмээн буруутгасан байна.
Дайралтуудын хохирол
Ираны довтолгооны улмаас Тель-Авивт орон сууц, зочид буудал, хүнсний зах орчмоор олон байгууламж сүйдэж, Хайфад аврах ажиллагаа үргэлжилж байна. Израиль 100 гаруй хүн шархадсан гэж мэдээлжээ.
Израиль хариуд нь Ираны төрийн мэдээллийн агентлагийн төв байр болон ураны баяжуулах Натансын байгууламж руу цохилт өгч, цахилгаан тасарснаас 15,000 гаруй центрифуг эвдэрч, ажиллагаагүй болсон гэж үзэж байна.
Олон улсын нөхцөл байдал
Израиль–Ираны энэ мөргөлдөөн нь бүс нутгийн тогтворгүй байдлыг улам хүндрүүлж, газрын тосны үнийн савлагаа, санхүүгийн зах зээлд нөлөөлж эхэлсэн ч шууд нефтийн үйлдвэрлэлд нөлөөлсөнгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп G7-ийн уулзалтын үеэр Ираныг “уян хатан байж хэлэлцээ хийх” санал тавьсан бөгөөд хэлэлцээр хийх найдвар байгаа гэжээ.
Ираны талаас Израиль гал зогсоохгүй бол “хариу арга хэмжээ үргэлжилнэ” гэж мэдэгдэж, Оман, Катар, Саудын Арабын зуучлалаар Трампыг оролцуулан Израильд нөлөөлөхийг хичээж байна. Гэсэн ч Израиль “цөмийн болон пуужингийн аюулыг зогсоох” зорилгоосоо ухрахгүй хэмээн мэдэгдэж, хэлэлцээг 60 хоногийн хугацаанд боломжтой гэж нээлттэй орхижээ.
Энгийн иргэд хүнд байдалд байна
Мөргөлдөөнд хамгийн ихээр өртөж буй хүмүүс бол энгийн иргэд. Израилийн Сангийн яамны мэдээлснээр 3,000 гаруй хүн орон гэрээ орхин нүүж, 24 барилгыг нураахаар болжээ. Иранд ч мөн хотоос дайжих гэсэн хүмүүс шатахуун түгээгүүрийн газар, ATM дээр урт дараалал үүсгэж, хямрал улам бүр гүнзгийрч байна.
Хүмүүс аюулгүй байдлын талаар тодорхойгүй байдалд орж, “энэ нөхцөл байдал удаан үргэлжилж магадгүй, бүр дордож ч болзошгүй” гэсэн айдастайгаар амьдарч байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн