Дани улсын парламент 2040 он гэхэд тэтгэврийн насыг 70 болгох хуулийг баталснаар Европ дахь хамгийн өндөр тэтгэврийн настай улс боллоо.2006 оноос хойш Дани улс тэтгэврийн насыг дундаж наслалттай уялдуулж, таван жил тутамд дахин тооцоолж ирсэн. Одоогоор тэтгэврийн нас 67 бөгөөд 2030 онд 68, 2035 онд 69 болохоор тогтоод байгаа аж.Тэтгэврийн нас 70 болох журам 1970 оны арванхоёрдугаар сарын 31-ний дараа төрсөн бүх хүмүүст хамаарах юм. Энэхүү шинэ хуулийг парламентын гишүүдийн 81 нь дэмжиж, 21 нь эсрэг санал өгчээ.47 настай дээврийн ажилтан Томмас Женсен энэ өөрчлөлтийг “шийтгэлтэй адил” гэж Данийн хэвлэлд ярьжээ. Тэрээр “Бид ажиллаад л байна, ажиллаад л байна. Гэхдээ ингэж үргэлжлүүлээд байж болохгүй шүү дээ” гэв. Мөн оффисын ажил хийдэг хүмүүсийн хувьд байдал өөр байж болох ч, хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг ажилчдын хувьд энэ нь бие махбодын хувьд хүнд сорилт болохыг онцолсон байна. “Би амьдралынхаа туршид татвараа төлсөн. Гэр бүл, ач зээтэйгээ хамт байх цаг хугацаа ч бас хэрэгтэй” гэж Женсен DK хэвлэлд ярьжээ.Тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн үйлдвэрчний эвлэлүүдийн эсэргүүцлийн жагсаал сүүлийн хэдэн долоо хоногт Копенхаген хотод болсон байна.Баталсан санал хураалтаас өмнө Данийн үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Йеспер Эттруп Расмуссен уг санаачилгыг "туйлын шударга бус" гэж мэдэгдсэн. “Дани эрүүл эдийн засагтай ч ЕХ-ны хамгийн өндөр тэтгэврийн настай орон” гэж тэр хэлжээ.Европ даяар тэтгэврийн нас харилцан адилгүй байдаг. Сүүлийн жилүүдэд олон Засгийн газар дундаж наслалт уртсаж байгаатай уялдуулан, төсвийн алдагдлыг бууруулах үүднээс тэтгэврийн насыг нэмэгдүүлж иржээ. Шведэд хүмүүс хамгийн эртдээ 63 наснаас тэтгэвэр авах боломжтой.Италид тэтгэврийн стандарт нас 67 бөгөөд Данийн адил дундаж наслалтаас хамааран 2026 онд нэмэгдэж болзошгүй.Их Британид 1954 оны аравдугаар сарын 6-наас 1960 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд төрсөн хүмүүс 66 наснаасаа тэтгэвэр авдаг. Харин энэ өдрөөс хойш төрсөн хүмүүсийн хувьд тэтгэврийн нас аажмаар нэмэгдэхээр байгаа.Франц улсад 2023 онд батлагдсан хуулиар тэтгэврийн насыг 62-оос 64 болгосон боловч маш их эсэргүүцэл, үймээн самуун дагуулсан юм. Ерөнхийлөгч Эммануэль Макрон уг хуулийг парламентын санал хураалтаар бус, шууд хэрэгжүүлж байв.