Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Шинэ орон сууцны үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 37.3 хувиар өсжээ

Шинэ орон сууцны үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 37.3 хувиар өсжээ
Нийтэлсэн 4 минутын өмнө
Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан 2025 оны тавдугаар сарын орон сууцны үнийн индексийн мэдээллээр орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар тус тус өсжээ.
Насжилтаар нь авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13 хувиар, өмнөх сарынхаас 1.0 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өссөн байна. 
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.55 сая төгрөг байгаа бол Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.49 сая төгрөгт хүрчээ. Шинэ орон сууцны үнэ Сүхбаатар дүүрэгт 37.3 хувиар буюу 1.49 сая төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр өсөлттэй байхад, Баянгол дүүрэгт 3.0 хувиар буюу 124.9 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага үзүүлэлт юм. 
Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.57 сая төгрөг болж, мөн Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.57 сая төгрөгт хүрсэн байна. Хуучин орон сууцны үнэ Чингэлтэй дүүрэгт 22.7 хувиар буюу 998 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр, харин Сонгинохайрхан дүүрэгт 11.4 хувиар буюу 311.1 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага өсөлттэй байгаа юм.
Үүний зэрэгцээ нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор энэ онд Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Төслийг хэрэгжүүлснээр нийт 5000 орчим янданг буулгаж, иргэдийг тав тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах боломжтой болж байгаа юм. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн