МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дууслаа. Хурлын дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө. Тэрээр "Ерөнхий сайд Удирдах зөвлөлд хэд хэдэн зарчмын асуудал танилцуулсан. Нэгд, олон улсын нөхцөл байдал, манай эдийн засгийн нөхцөл байдлыг ярьж парламентад суудалтай намуудтайгаа хамтрах ёстой гэсэн. Тиймээс АН-аас бусад парламентад суудалтай намуудтай хамтарсан Засгийн газар байгуулж болно гэсэн чиглэлийг Ерөнхий сайдад өгсөн. Хоёрт, Ерөнхий сайд Засгийн газраа байгуулахдаа бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулахгүй. Энэ нь цаг хугацаа, эдийн засгийн нөхцөл байдалд тааруулсан шийдвэр. Харин төсвийн тодотгол хийхэд бүтцийн өөрчлөлт хийгээд явна. Тодруулбал, Үндэсний хороод толгойлж байсан сайд нарын орон тоог хасна. МАН-ын УЗ Ерөнхий сайдын саналыг дэмжсэн. Өмнөх Засгийн газарт манай намаас томилсон сайд нарын 40 хувийг шинэчилж орж ирж байгаа. Санал тавьсан гурван намаас хариу ирсэн. Одоо Ерөнхийлөгчтэй зөвшилцөх хуулийн зохицуулалттай. Ерөнхийлөгч 7 хоногийн дотор хариу өгнө. Ингээд Ерөнхий сайд Засгийн газрын сайд нараа УИХ-д танилцуулна. Удирдах зөвлөл дээр Ерөнхий сайдыг асуудлаа шуурхай шийдэж, Засгийн газраа бүрдүүлэх чиглэл өгсөн" гэлээ.