Баялгийн сангийн тухай хуулиар ашигт малтмалын ордын 34, 51 хувийг Баялгийн санд төвлөрүүлэхээр заасан. Үүний дагуу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилон ашигт малтмалын орд газар эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийж байсан. Зарим аж ахуй нэгжүүдэд хэлэлцээр хийх албан бичиг хүргүүлээд байсан аж.
Тэгвэл Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хамаарал бүхий МАК компанийн эзэмшдэг Нарийнсухайт ордын тодорхой хувийг Баялгийн санд төвлөрүүлэх санал хүргүүлсэн ч хэлэлцээр хийхгүй гэсэн хариуг Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчид хүргүүлжээ. МАК компанийн ерөнхийлөгч Н.Цэлмүүний гарын үсэгтэй албан бичигт "МАК компани 2000, 2001 онд Гашуунсухайтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн бөгөөд 2008 оноос таван жилийн давтамжтай ТЭЗҮ-ийг шинэчилж ирсэн. Мөн улсын төсвийн хөрөнгөөр хийсэн эрэл, үнэлгээний ажлын зардал 119658 ам.долларыг улсын төсөвт буцаан төлсөн. Нарийнсухайт ордод үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 2.8 их наяд төгрөг татвар, төлбөр, хураамж төлсөн нь ашигт малтмалын борлуулалтын орлогын 55 хувийг эзэлдэг. Хэлэлцээр хийх хууль эрх зүйн үндэслэлгүй" гэжээ.
Нарийнсухайтын нүүрсний орд нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байршилтай. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын хоёрдугаарт бичигддэг том орд. Ордын хайгуулыг улсын төсвөөр 1990-1991 онд гүйцэтгэж, тухайн үеийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр хэлэлцэж, нөөцийг нь баталсан байдаг. Тус орд Хүрэн толгой, Овоот толгой, Хүрэншанд, Нарийнсухайт гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг байна.
Нүүрсний сонсголын үеэрх мэдээлэлд дурдагдсанаар Нарийнсухайтын нүүрсний ордод,
“Хүрэнтолгой коал майнинг” ХХК-1,
Адилцаг ХХК-1 тусгай зөвшөөрөл тус тус эзэмшдэг.
Уг нь Баялгийн сангийн тухай хуулиар улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж илрүүлсэн орд газрын 51 хувийг баялгийн санд төвлөрүүлнэ гэж заасан ч Н.Номтойбаяр гишүүний хамаарал бүхий МАК компани өгөхгүй гэдгээ илэрхийлжээ. Гэтэл Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний эвслийг Засгийн газар хамтран байгуулахаар урьсан. Өнөөдөр Үндэсний эвслийнхэн хуралдаж Засгийн газарт орох, үгүйгээ шийднэ гэж байгаа ч Н.Номтойбаярыг Шадар сайдаар томилох тохироо хэдийнээ хийсэн гэх. Ашиг сонирхлын зөрчилтэй сайд томилогдвол Баялгийн санг бүрдүүлэх, хувийн хэвшилд байгаа ашигт малтмалын ордуудын тодорхой хувийг Баялгийн санд авах ажил урагшлахгүй. Төр залгамж чанартай байх ёстой. Засгийн газар солигдсон ч өмнөх Засгийн газрынхаа хэрэгжүүлж байсан ч сайн ажлуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь чухал. Гэтэл Г.Занданшатар ашиг сонирхлын зөрчилтэй сайд нараар танхимаа бүрдүүлбэл ард иргэдийнхээ хүлээлтэд хүрч чадахгүй.