Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM Mongolia) байгууллагаас хилийн чанад дахь монголчууд ба тэдний илгээсэн мөнгөн гуйвуулгын талаарх судалгааны дүнг танилцууллаа.
"Монгол Улсын иргэдийн гадаадад шилжих хөдөлгөөн ба гадаадад хувийн шилжүүлэг, тэдгээрийн үр нөлөө" хэмээх 2024 оны судалгааны дүнгээр Монгол Улсын нийт өрхийн 6.1 хувь буюу 57,896 өрх гадаадад өрхийн нэг болон түүнээс дээш тооны гишүүнээ илгээсэн байна. Өөрөөр хэлбэл, эдгээр өрх бүрээс нэг, эсхүл түүнээс олон тооны гишүүн гадаад улсад зургаа болон түүнээс дээш сараар оршин суухаар явжээ.
Гадаадад ажил хөдөлмөр эрхлэн амьдарч буй монгол иргэдийг оршин суугаа улсаар нь авч үзвэл хамгийн олон иргэн шилжин суурьшсан орнууд нь Бүгд Найрамдах Солонгос Улс(БНСУ), Америкийн Нэгдсэн Улс(АНУ), Япон Улс (9.9 хувь), Бүгд Найрамдах Чех Улс (БНЧУ), Шведийн Вант Улс (ШВУ) байна. Иргэдийн оршин сууж буй улсуудыг бүсчлэн харвал Ази тивийн орнууд руу хамгийн олон, түүнчлэн Европ тив, тэр дотроо Шенгений бүсийн орнууд руу Монгол Улсын иргэдийн шилжин суурьших байдал элбэг байна.
Харин гадаад улсад очсон зорилгуудыг өндөр жин эзлэх байдлаар нь эрэмбэлбэл хувиараа ажиллах, Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуух хөдөлмөрийн гэрээгээр ажиллах, албан томилолтоор ажиллах зэрэг эдийн засгийн холбогдолтой зорилго (44.3 хувь) бусдаас давамгайлж байна. Түүний дараа, боловсролтой холбоотой зорилго 35.9 хувьтайгаар жагсаж байна.
Мөн гадаад улсад ажиллаж, суралцаж буй иргэд эх орондоо байгаа ар гэртээ хэр хэмжээний мөнгө гуйвуулсныг дээрх судалгааны явцад тодорхойлсон байна.
Ингэхдээ судалгааны мэдээлэл цуглуулалтаас өмнөх 12 сарын хугацаанд Монгол Улс дахь шилжих хөдөлгөөний илгээгч өрхүүд болон хүн амд 124.2 тэрбум төгрөгийн мөнгөн гуйвуулга, 24.8 тэрбум төгрөгтэй дүйцэх эд зүйлсийн илгээмж, нийт дүнгээрээ 149 тэрбум төгрөгийн шилжүүлэг гадаадад шилжсэн иргэдээс орж ирсэн гэсэн тооцоо гарчээ.
Нэгж өрхөд ногдох дүнг тооцож харвал, шилжүүлэг хүлээн авсан нэг өрхөд жилд дунджаар 6,587,658 төгрөг, тэдгээр өрхөд амьдарч буй нэг хүнд жилд дунджаар 2,100,792 төгрөгийн орлого, эд зүйлс гадаад улсад оршин суугаа шилжигчдээс өрхийн эдийн засгийг дэмжин орж ирсэн гэж дүгнэжээ.
Гадаадаас өрхдөө мөнгөн гуйвуулга илгээсэн 35,135 тохиолдлын 82.3 хувь нь хүлээн авагч өрхийн өдөр тутмын хэрэгцээгээ хангахад дэм болон зарцуулагдсанаас гадна давхардсан тоогоор
47.3 хувь нь эрүүл мэнд, боловсрол зэрэг хүмүүн капиталд хөрөнгө оруулахад,
11.1 хувь нь өрхийн өр зээлийг барагдуулахад,
Эх сурвалж: Монгол Улсын иргэдийн гадаадад шилжих хөдөлгөөн ба гадаадад хувийн шилжүүлэг, тэдгээрийн үр нөлөө /Өрхөд суурилсан судалгааны тайлан/