Монгол Улсад эдийн засгийн нөхцөл байдлаас эхлээд тулгамдсан маш олон асуудал байна. Асуудлууд өдөр ирэх тусам гүнзгийрч хямралын нөхцөл байдалд хүрээд байгаа учир Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад бодлого шаардлага хүргүүлэхээ мэдээллээ. Мөн шинээр томилогдсон Ерөнхий сайд цаг алдалгүй бүтэц, бүрэлдэхүүнээ яаралтай УИХ-д өргөн мэдүүлж бодлогын асуудлуудыг цэгцлэхийг шаардаж байгаа аж.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Шинээр томилогдсон Ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүлж байна.
Иргэдийн ахуй амьдрал, хэрэглээний барааны үнэ, бодит орлоготой холбоотой шаардлагуудыг Монгол Улсын Ерөнхий сайдад тавьж байна.
Эрчим хүчний салбарт үүсээд байгаа нөхцөл байдлын талаарх тодорхой шаардлагуудыг тавьж байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Шинээр томилогдсон Ерөнхий сайд Г.Занданшатар баасан гарагийн өглөө Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өргөн барина гэсэн амлалтыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өгсөн. Улмаар өнөөдөр өглөөнөөс буюу даваа гарагаас төсвийн тодотголоо өргөн барих ажилдаа орно гэсэн. Гэвч МАН-ын бүлэг хуралдаагүй, Засгийн газрын бүтцээ өргөн мэдүүлээгүй байна. Монгол Улсад авлига, засаглалын асуудал хамгийн их тулгамдаад байна. Энэ бол бүх асуудлын үндэс суурь болсон. Авлигын эх үндэс нь эдийн засаг дахь төрийн оролцоо хэт өндөр байгаа нь гэж үзэж байна. Тэгэхээр эхний ээлжид шинэ Ерөнхий сайд яам болон сайд нарын тоог 50 хувиар, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын тоог 20 хувиар бууруулах шаардлагатай. Төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх нөхцөлийг хадгалж ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох нөхцөлийг тавьж байна.
Хоёрдугаарт, төрийн өмчит ААН-үүдийг олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох, орон тоог хоёр дахин бууруулж үр өгөөж, бүтээмжийг эрс нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байгаа. Түүнчлэн, төрийн хэмнэлтийг хэрэгжүүлэх замаар хүнд суртал, хяналт, шалгалт, татварын дарамтаас бизнес эрхлэгчдээ чөлөөлж хувийн өмч болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах шаардлагатай. Хувийн хэвшилд ногдох татварын дарамтыг 20 хувиар бууруулах, 2025 онд 20 мянган ажлын байр шинээр бий болгох шаардлагыг тавьж байна.
Мөн 2025 оны улсын нэгдсэн төсвийг тодотгож урсгал зардлыг 20 хувиар танах, худалдан авалт, хөрөнгө оруулалтын бодлогоор үндэсний ААН-үүдийг дэмжих буюу тендерийг зөвхөн үндэсний компаниудын дунд зарлах нь зүйтэй. Мега гэгдэх төслүүдийг эдийн засгийн үр өгөөжийн хувьд эрэмбэлэн ашиггүйг нь хасах шаардлагыг тавьж байна.
Эрчим хүчний хямрал бодитоор нүүрлээд байна. Дулаан III цахилгаан станцад гарсан ослын улмаас 2025-2026 оны өвөл дутагдах эрсдэлээс урьдчилан сэргийлж салбарын реформыг бодитоор хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэснээр эрчим хүчний хараат байдлыг бүрэн халах гэх зэрэг Монгол Улсын хувьд нэн тулгамдсан асуудлуудыг даруй шийдвэрлэх хэрэгтэй. Түүнчлэн, бодлогыг УИХ-д оруулж ирэх, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хэмжээнд эдгээр асуудлуудыг тусгаж, хэлэцэх шаардлагыг УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс хүргүүллээ.