Улаанбаатар хотын автомашинд ногдуулах татварын нэмэгдлийг цуцлах өргөдөлд 33 мянган иргэн гарын үсэг зурснаар, УИХ-аас өнгөрсөн сард ажлын хэсэг гаргасан. Тус ажлын хэсгийн хуралдаанаар иргэдэд мэдээлэхгүйгээр автомашины татварыг нэмсэн нь буруу гэж дүгнээд байна.
Төсвийн байнгын хорооны ээлжит хуралдаан өнгөрсөн долоо хоногт /2025.06.10/ болсон. Энэхүү хуралдаанаар Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт"-ийг хэлэлцэж, дашин хуралдахаар хойшлуулсан. Тодруулбал, УИХ-ын Тамгын газраас тодруулж үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн автозамын сүлжээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолоор дөрвөн төрлийн автотээврийн хэрэгслийн жилд төлөх татварын хэмжээг 2010 оныхоос гурав дахин нэмсэн. Энэ бол бага дүн биш. Тиймээс холбогдох ажлын хэсгээс НИТХ-ын татвар нэмэгдүүлэх, хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа тооцоо судалгаа дутуу, олон нийтийн санал асуулга авах асуудалд процессын алдаа гаргасан байх магадлалтай тул нутгийн өөрөө удирдах байгууллага гаргасан шийдвэрээ эргэн харж, засаж сайжруулах, цаашид гадагшаа чиглэсэн хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа иргэд, олон нийт, бүх талуудын оролцоог хангасан хэлэлцүүлгийг өргөн хүрээнд явуулж, гарсан үр дүнд тулгуурлан шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж дүгнээд байгаа юм.
Иргэд автомашины хөдөлгүүрийн багтаамжаасаа хамаарч 36000-300000 төгрөгийг жил бүр бүр тээврийн хэрэгслийн албан татварт төлдөг байсан. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 1-ээс тээврийн хэрэгслийн албан татвар гурван дахин нэмэгдсэнээр жишээлбэл 1500см3 хөдөлгүүрийн багтаамжтай жижиг оврын автомашины албан татвар 36 мянгаас 108 мянган төгрөг болсон юм.