Шинэ Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар Алт-3 хөтөлбөрт анхаарч, Төв банкны алтны нөөцийг нэмэгдүүлнэ УИХ-ын индер дээрээс мэдэгдсэн. Монгол Улсын алт тушаалт болон Алт-3 хөтөлбөрийн талаар Монголбанкны эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяатай ярилцлаа.
–Алт-3 хөтөлбөртэй холбоотойгоор Монголбанк ямар үүрэг оролцоотой ажиллаж байна вэ?
–Алт-3 хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд алт олборлох асуудал зайлшгүй яригдана. Энэ нь Засгийн газрын шийдвэр, зохицуулалттай холбоотой. Монголбанкны хувьд олборлож буй орд нь шороон уу, үндсэн үү гэдгийг шийдэх үүрэггүй. Алт олборлолтыг эдийн засгийн үр өгөөжтэй гэж үздэг тул Төв банк дэмжиж ажиллахад бэлэн байгаа. Арилжааны банкуудад алт олборлогч компани, харилцагч байвал хамтарч ажиллах боломжтой. Монголбанк алтаа Швейцарт цэвэршүүлдэг. Тус улсын цэвэршүүлэх компанийн төлөөлөл жил бүр Монголд ирж, олборлолтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцдаг. Тэд олон улсын стандарттай харьцуулж үзэхийн зэрэгцээ хүүхдийн хөдөлмөр ашигласан эсэх, байгаль орчинд сөрөг бодис хэрэглэж байгаа эсэхийг хянадаг. Манай улс хууль, стандартын хувьд олон улсын шаардлагыг хангаж байгаа цөөн улсын нэг. Иймээс байгальд ээлтэй, хариуцлагатай олборлосон алтыг олон улсын зах зээлд илүү өндөр үнээр борлуулах, тэр зөрүүг нийгмийн хариуцлагын хүрээнд ашиглах боломжтой. Өнгөрсөн долоо хоногт гадаадын төлөөлөгчид ирж, олборлогчдын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаад буцсан.
–Алт-3 хөтөлбөрийн хүрээнд Монголбанк ямар ажлууд дээр анхаарч ажиллаж байна вэ?
–Энэ хөтөлбөрийн хүрээнд хоёр гол чиглэл бий. Нэгдүгээрт, Монгол Улсад алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхээр тусгасан. Хоёрдугаарт, алт олборлолтыг нэмэгдүүлэх зорилготой. Алт олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд аж ахуйн нэгжүүдтэй хамтран санхүүжилтийн асуудлыг Монголбанктай зөвшилцөж шийдвэрлэх тухай заалт хөтөлбөрт тусгагдсан.
Гэхдээ өнөөдрийн байдлаар Монголбанк тодорхой хэмжээний санхүүжилт аль нэг аж ахуйн нэгжид олгоно гэсэн шийдвэр гаргаагүй байна. Өмнө нь манай байгууллага алт олборлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгож байсан. Тэр үед алтны олборлолт, мөн Монголбанкны худалдан авалт нэмэгдсэн юм.
Хэрвээ эцсийн байдлаар Алт-3 хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр Засгийн газраас гарвал Монголбанк хамтран ажиллахад бэлэн. Өмнөх туршлагаас дурдвал, нийт 500 орчим тэрбум төгрөгийн зээл олгож байсан бөгөөд жил гаруйн хугацаанд олон аж ахуйн нэгж хамрагдаж, олборлолт мэдэгдэхүйц нэмэгдсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд алтны худалдан авалт буурсан үзүүлэлттэй байгаа. Гэвч нөгөө талд дэлхийн зах зээлд алтны үнэ өсч байна.
-Монголбанкны алт худалдан авалт эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ?
–Монголбанк алт буюу үнэт металл худалдан авснаар гадаад валютын нөөцөө нэмэгдүүлдэг. Жил бүр энэ замаар 900 орчим сая ам.долларын валютын нөөц бүрдүүлж байгаа. 2024 онд бид хамгийн багадаа өмнөх оныхоо түвшин буюу 17 тоннд хүрнэ гэж тооцож байна.
Энэ жилээс Уул уурхайн яам болон бусад холбогдох байгууллагууд алт олборлолтыг дэмжих бодлого, хөтөлбөрүүд зарласан учраас олборлолт нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн таван жилийн дунджаар Монголбанк жилд ойролцоогоор 20 тонн алт худалдан авч байсан. Харин хамгийн өндөр үзүүлэлт нь 23 тонн байсан. Энэ жилийн хувьд мөн 20 тонн хүрэх боломжтой гэж харж байна.
–Монголын эдийн засагт алт олборлолт хэр их нөлөөтэй байдаг вэ?
–Алт бол Монгол Улсын эдийн засгийн хувьд стратегийн чухал бүтээгдэхүүн юм. Алтны олборлолт, худалдан авалт нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулдаг. Жишээлбэл, Монголбанк арилжааны банкуудаар дамжуулан сорьцлогдсон алтыг тухайн өдрийн зарласан ханшаар худалдан авдаг. Энэ үйл явц нь Ашигт малтмал, эрдэнэсийн сангийн тухай хуулийн дагуу явагддаг.
Алт-1, Алт-2, одоо Алт-3 гэх мэт хөтөлбөрүүдийн зорилго нь зөвхөн үйл ажиллагааг эрчимжүүлэх бус, алтны салбарт тогтвортой, ил тод орчинг бүрдүүлэхэд чиглэж байгаа. Ингэснээр олборлогч аж ахуйн нэгжүүд байнгын үйл ажиллагаа явуулах нөхцөлтэй болж байна. Тухайлбал, Монголбанк Швейцарын үнэт металл цэвэршүүлэгч байгууллагатай хамтарч ажилладаг. Саяхан бичил уурхайчдын олборлосон алтыг олон улсын үнэт эдлэлийн зах зээлд гаргах, улмаар тухайн компанид нь тодорхой урамшуулал олгож, үйл ажиллагаанд нь хөрөнгө оруулах чиглэл бүхий санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ нь бичил уурхайчдын хөдөлмөрийг үнэлж, эдийн засагт бодит үр өгөөж бий болгох боломжийг нэмэгдүүлж байна. Монголбанкны зүгээс алт олборлолтыг нэмэгдүүлэх, дэмжих, ил тод болгох, олон улсын стандарттай нийцүүлэх бүхий л чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.
–Алт-3 хөтөлбөрийн хүрээнд алтны олборлолт, цэвэршүүлэх үйлдвэрийн асуудал яригдаж байна. Энэ талаар Монголбанк ямар байр суурьтай байгаа вэ?
–Алт-3 хөтөлбөрийн гол зорилго нь алт олборлолтыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа. Одоогийн байдлаар алт олборлож буй гол оролцогчид нь аж ахуй нэгжүүд, бичил уурхайчид, жижиг үйлдвэрүүд юм. Эдгээр бизнесүүд дөнгөж хөрөнгө оруулалтаа хийж, үйл ажиллагаагаа эхлүүлж байхад байгаль орчны зөрчил гэх зэрэг шалтгаанаар тасалдуулбал эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Тиймээс төрийн бодлого, шийдвэрүүд тогтвортой, урт хугацааны чиг баримжаатай байх нь маш чухал.
Хоёрдугаарт, зөвхөн алт олборлогчид гэлтгүй, бизнес эрхэлж буй бүх аж ахуй нэгжид зориулсан санхүүгийн нөхцөл, татварын бодлого оновчтой байх хэрэгтэй. Богино хугацаанд бага хүүтэй зээл гэхээс илүүтэй, тогтвортой, ухаалаг хөрөнгө оруулалтыг дэмжих санхүүжилт, татварын таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай. Олон улсын жишгээр бичил уурхайчдыг татварын бодлогоор дэмждэг практик байдаг.
Цэвэршүүлэх үйлдвэрийн тухайд бол их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан, стратегийн чухал шийдвэр гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар Монголбанк алт цэвэршүүлэхдээ нэг унц тутамд 1.8–2 ам.долларын зардлаар, даатгал, тээвэртэй нь багтаан Швейцарт боловсруулж байна. Харин өмнө нь яригдаж байсан дотоодын цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл дээр нэг унц алт цэвэршүүлэх зардал 10 ам.доллар давж байсан. Энэ нь одоогийн эдийн засгийн нөхцөлд илт өндөр өртөгтэй сонголт тул Монголбанк тухайн үедээ судалгаа хийж, ийм нөхцөлтэй үйлдвэрийг дэмжих боломжгүй гэж үзсэн. Иймээс бид алт цэвэршүүлэх үйлдвэрийг хэзээ, ямар загвараар, ямар эдийн засгийн тооцоотой барих талаар тусад нь нарийн судалж, урт хугацааны тогтвортой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Цаашид бичил уурхайчид болон жижиг аж ахуй нэгжүүдээ яаж бодитой дэмжих вэ гэдэг асуудал ч энэхүү хөтөлбөрийн хүрээнд хамтдаа явах ёстой.
–Алтны олборлолт, худалдан авалтын өнөөгийн нөхцөл байдал болон бичил уурхайчдын оролцооны тухайд та ямар байр суурьтай байна вэ?
–Сүүлийн жилүүдэд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч, алтны арилжаа эрхэлж байсан аж ахуй нэгжүүдийн бизнесийн нөхцөл байдал доройтсон. Үүн дээр нэмээд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ашиглаж байсан шороон ордуудын нөөц багасаж, дуусах тийшээ хандаж байгаа нь жижиг олборлогчдын үйл ажиллагааг мэдэгдэхүйц бууруулж байна. Үүний үр дүнд Монголбанканд иргэдээс тушаагдаж буй алтны хэмжээ огцом буурсан. Харин аж ахуй нэгжүүдээс тушааж байгаа алтны хэмжээ харьцангуй тогтвортой байгаа ч, нийт хэмжээний бууралтад тодорхой нөлөө үзүүлж байгаа.
Энэ бүхэн нь манай улсын алтны салбарт тогтвортой бодлого, хууль, журам хэрэгтэй байгааг тод томруун харуулж байна. Тухайлбал, Монгол Улсад хэрэгжүүлсэн мөнгөн ус ашигладаггүй алт олборлох төсөл нь анх сайн зорилготой байсан ч бодит байдал дээр амжилттай хэрэгжиж чадаагүй. Сэлэнгэ аймагт хоёр боловсруулах үйлдвэр байгуулагдсан боловч одоог хүртэл үйл ажиллагаа нь жигдэрч чадаагүй. Үүний гол шалтгаан нь жижиг, бичил уурхайчдыг дэмжих бодлого тогтворгүй, олон удаа цуцлагдаж, дахин сэргээгддэг явдал. Энэ завсар 2–3 жилийн хугацаа алдагдаж, бичил уурхайчид үйл ажиллагаагаа зогсооход хүрдэг.
Тиймээс бид бодлогоо тасралтгүй, тогтвортой байлгах шаардлагатай. Алтны олборлолт, худалдан авалтын үйл ажиллагаа нь ганц салбарын асуудал биш. Энэ нь өрхийн орлого, худалдан авалт, улмаар эдийн засгийн идэвхжилд шууд нөлөө үзүүлдэг. Бид бичил уурхайчид болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээ тууштай дэмжих юм бол өрхийн орлого нэмэгдэнэ, хэрэглээ өснө, ингэснээр улс орны эдийн засагт эерэг, бодит нөлөө үзүүлнэ.
–Алтны хэрэглээний чиг хандлага дэлхий нийтэд хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ. Мөн Монголбанк энэ өөрчлөлтөд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байна вэ?
–Олон улсын хэмжээнд алт хамгийн ихээр хэрэглэгддэг салбар бол үнэт эдлэлийн зах зээл юм. Үүнээс гадна алт нь банк, санхүүгийн байгууллагуудад хөрөнгө оруулалт хэлбэрээр байрших, технологийн салбарт ашиглагдах, мөн үнэт эдлэлийн зориулалтаар хэрэглэгдэх зэргээр дөрвөн үндсэн чиглэлд хуваагддаг. Сүүлийн үед Хятад улсад нэг граммын хэмжээтэй бэлэг дурсгалын зориулалттай алтыг их хэмжээгээр худалдаанд гаргаж эхэлсэн. Энэ нь алтны үнэ тогтмол өссөөр байгаатай холбоотой. Хүмүүс алтыг зөвхөн хадгаламж биш, бэлэг болгон өгдөг, өдөр тутмын эргэлтэд оруулах хандлага нэмэгдэж байгаа юм.
Монголбанкны алт худалдан авалтын хэмжээ өмнөх жилүүдтэй харьцуулахад бага зэрэг буурсан ч, олон улсын зах зээлд алтны үнэ өссөнтэй холбоотойгоор гадаад валютын нөөцөд үзүүлэх эерэг нөлөө нь хэвээр хадгалагдаж байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголбанк өөрийн худалдан авсан алтыг гадаадад хадгалуулахын оронд дотооддоо, Монголбанк дотроо биетээр хадгалах шийдвэр гаргасан. Энэ нь алтны стратегийн нөөцийн хувьд илүү оновчтой арга хэмжээ болсон. Мөн ирэх сараас эхлэн Монголбанк анх удаа олон нийтэд зориулсан бэлэг дурсгалын зориулалттай алтан гулдмайн бүтээгдэхүүн худалдаанд гаргах гэж байна. Тухайлбал, 1 грамм, 3 грамм, 5 граммын алтан гулдмайг худалдан авах боломжтой болох бөгөөд нэг грамм алтны үнэ 400 мянган төгрөг орчим байх төлөвтэй. Ийнхүү хүмүүс алт худалдан авч, хөрөнгө оруулалт төдийгүй ойр дотныхондоо үнэ цэнтэй бэлэг болгон өгөх боломжтой болж байгаа нь алтны зах зээлд шинэ төрлийн соёл, хэрэглээ үүсгэх алхам юм.
–Алт-1, 2 хөтөлбөр манай улсад хэр үр өгөөжтэй хэрэгжсэн бэ?
–Энэ асуудал нь олон талтай учир шууд нэг талаас нь үнэлэхэд төвөгтэй. Жишээлбэл, алт олборлох зөвшөөрөл олгох эрх нь Монголбанктай холбоогүй, хайгуул судалгаа хийх үйл ажиллагаа мөн Төв банкны үүрэг биш. Сорьцлох, шинжлэх үйл явц ч Төв банкны хариуцлага биш бөгөөд энэ ажлыг гадаад, тэр дундаа Швейцарийн компаниуд гүйцэтгэдэг. Монголбанк нь алт олборлож, сорьцлоод дууссан бүтээгдэхүүнийг хамгийн сүүлийн шатанд худалдаж авдаг байгууллага юм.
Гэсэн хэдий ч Монголбанк алт олборлолтын салбарт анхаарал хандуулж, дэмжиж ажиллах байр суурьтай байгаа нь эерэг нөлөөтэй гэж хэлж болно. Харин Алт-3 хөтөлбөрийн хэрэгжилт, түүнээс гарах үр дүн, мөн салбарын бусад төрийн байгууллагуудын үүрэг, оролцоо зэрэг нь зөв явж байгаа эсэхийг анхаарч, цаг алдахгүй байх тал дээр төр, засгийн холбогдох хүмүүсийн хамтын ажиллагаа, хариуцлагатай байдал маш чухал юм.