Солонгос-Монголын хамтарсан анхны албан ёсны энтертайнмент байгууллага болох Evandis компанийн урилгаар дэлхийн алдартай уран бүтээлчид Монгол Улсад хүрэлцэн ирэхээр болсон. 2025 оны зургаадугаар сарын 21-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох “Super Concert 2025” тоглолтод БНСУ-ын алдарт BIG BANG хамтлагийн гишүүн DONG YOUNG BAE буюу TAEYANG, мөн чадварлаг дуучин AMY LEE буюу AILEE нар хүрэлцэн ирж, Монгол дахь шүтэн бишрэгчидтэйгээ биечлэн уулзаж, уран бүтээлээ толилуулах гэж байна. Энэхүү тоглолтын талаар зохион байгуулагч Evandis entertainment компаниас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Evandis энтертайнментаас энэхүү тоглолтыг 2025 оны хамгийн том K-POP үйл явдал болгон зохион байгуулж байна. Монгол уран бүтээлчдээс Morningstar, Tsetse, FOUX, DIOD, AM-C зэрэг уран бүтээлчид энэхүү тоглолтод оролцох юм. Аюулгүй байдлыг хангах үүднээс тоглолтын үеэр 550 гаруй хамгаалалтын ажилтан ажиллах бөгөөд үзэгчдэд зориулсан эерэг уриалга, зөвлөмж бүхий мэдээллийг хүргэхээр бэлтгэжээ.

Evandis entertainment компанийн Гүйцэтгэх захирал John Ko: Evandis компанийн зүгээс K-pop салбарт олон улсын түвшинд нэр хүндтэй уран бүтээлчдийг Монголд урьж, Солонгос болон дэлхий нийтэд Монгол Улсыг сурталчлах зорилготой ажиллаж байна. Манай компани БНСУ-аас нийт 10 уран бүтээлчийг Монголд авчирсан. Артистуудыг Солонгосоос урьж ирэхдээ Монголыг эх орон шигээ санаж, ажилладаг. Хөгжим бол хэл хамаарахгүйгээр дэлхий нийтээрээ ойлголцож чаддаг нийтлэг хэл юм. Солонгос уран бүтээлчдийг Монголд авчрах санаа ч мөн ийм үзэл санаанаас үүдэлтэй. Зөвхөн санхүүжилт байлаа гээд энэ хэмжээний оддыг авчрах боломжгүй. Монголыг дэлхийд таниулахын тулд бид маш олон уулзалт хийж, урт хугацаанд тууштай ажилласан. Солонгосын олон агентлагтай үр дүнтэй уулзалт хийж, ажилласны дүнд хүссэн зорилгодоо хүрч, суулгасан үрийнхээ үр шимийг хүртэх цаг иржээ.
Энэ тоглолтод оролцох дуучин Ailee-гийн нөхөр, жүжигчин Choi Sihun Монголд хамт ирэхээр болсон. Taeyang болон Ailee зэрэг дэлхийн хэмжээний супер одууд Монголд хүрэлцэн ирнэ гэдэг нь түүхэн үйл явдал гэж бид үзэж байна. Энэ бол K-pop салбар Монголд анхаарлаа хандуулж эхэлсний илрэл юм. Цаашдаа ямар уран бүтээлчдийг авчрах талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй ч Evandis компанийн хувьд чанар, стандартаа бууруулахгүйгээр, улам өндөр түвшинд хүргэх зорилттой ажиллах болно.
Супер одууд хэзээ дахин ирэх нь тодорхойгүй тул бид энэ удаа Монголын байгаль, соёл уламжлалыг тэдэнд таниулах үүднээс Тэрэлж рүү дагуулан явж, морь унуулах зэрэг төлөвлөгөөтэй байна. Энэ бүхнийг бүрэн хэрэгжүүлж чадах эсэх нь одоогоор тодорхойгүй ч бидний зүгээс Монгол Улсыг дэлхийд сурталчлахын төлөө тууштай зорьж байна.
Хамгаалалтын хувьд бид өмнөх тоглолтуудад үүссэн хүндрэлүүдийг судалж, энэ удаагийн тоглолтыг хоёр дахин нарийвчилсан, төлөвлөгөөтэй хамгаалалтын баг бүрдүүлэн зохион байгуулж байна. Аюулгүй байдлыг зөвхөн супер одуудын бус, шүтэн бишрэгчдийн ч хувьд хамгийн өндөр түвшинд хангах нь бидний гол зорилго юм. Тоглолтын тасалбарууд нь энгийн, хосын, шүтэн бишрэгчийн, VIP зэрэг ангилалтай.
“Super Concert 2025” тоглолт нь зүгээр нэг уран бүтээл сонсох биш, харин олон улсад үнэлэгдсэн уран бүтээлчдийн өндөр түвшний тайзны шоуг мэдрэх, дурсамж дүүрэн өдөр өнгөрүүлэх гайхалтай боломж юм.