Бага насандаа Бээжингийн хаврын шороон шуургад өртөж өссөн Ши Жиньпинд цөлжилт бол зүгээр нэг байгалийн үзэгдэл бус, өөрчлөлт хийх шаардлагатай асуудал байжээ. Энэ туршлага нь түүнийг экологийн хамгаалалд тууштай зүтгэхэд хүргэсэн байна.
Өнөөдөр тэрээр Хятадын төрийн тэргүүн, Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн төв комиссын даргын хувиар цөлжилтийн эсрэг бодлогыг тэргүүлэх чиглэл болгожээ. Тийнхүү улсынхаа хамгийн их өртсөн бүс нутгуудаар хувиараа очиж, нөхцөл байдлыг биечлэн судалдаг аж. Тэрээр энэ тэмцлийг "уулын оргил руу хад зөөж буйтай адил" хэмээн зүйрлэж, тасралтгүй хүчин чармайлт шаарддаг гэж онцолдог.
Хятадын газар нутгийн зургааны нэг нь элсэн цөлөөр бүрхэгдсэн хэвээр байгаа ч, олон арван жилийн хүчин чармайлтын үр дүнд ахиц дэвшил гарсаар байна.
Нэгдсэн үзэл баримтлал, бүтцийн шинэчлэл
Ши Жиньпин 2013 онд “уул, гол, ой, нуур, тариалан, бэлчээр, цөл” зэргийг нэгэн бүхэл экосистем гэж үзэх үзэл санааг дэвшүүлж, 2018 онд Үндэсний ой, бэлчээрийн газрыг байгуулсан. Энэхүү бүтэц нь экологийн удирдлагыг төвлөрүүлж, уялдаа холбоотой хэрэгжүүлэх чухал алхам болсон.
1978 онд эхэлсэн “Гурван Хойд бүсийн хамгаалалтын ой” хөтөлбөр нь дэлхийн хамгийн том ойжуулалтын төсөл бөгөөд одоо ч үргэлжилж байна. 2023 онд Ши Жиньпиний санаачилгаар Ниншя, Өвөр Монгол зэрэг таван бүс нутаг хил дамнасан цөлжилтийн эсрэг хамтарсан гэрээ байгуулсан нь төслийн үр дүнг нэмэгдүүлэх түлхэц болжээ.
Мөн Ши экологийн эрх зүйн шинэчлэлийг дэмжиж, цөл, нуур, голыг хамгаалах эрх зүйн суурь бүрдүүлэх эхний иж бүрэн хуулийн төслийг 2024 онд боловсруулсан байна.
Сүүлийн 10 жилд Бээжин хотын агаарын чанар мэдэгдэхүйц сайжирч, сайн өдрүүдийн тоо 114-өөр нэмэгдэн 290-д хүрчээ. Цөлжилтийн нөлөөгөөр бүрхэгдсэн газар 13 жилийн хугацаанд Швейцар улсын дайтай хэмжээтэй буюу 433 сая га-гаар буурсан байна. Хятад нь газрын доройтлын “тэг өсөлт” үзүүлсэн дэлхийн анхны улс болжээ.
Амьдралын чанар, эдийн засгийн боломж
Ши зөвхөн байгаль хамгаалахаас гадна тухайн бүсийн иргэдийн амьдралын чанарт анхаарч, орон нутгийн иргэдэд эдийн засгийн боломжийг бий болгохыг уриалжээ. Тухайлбал, Ниншягийн Шапотоу-д цөлжилттэй тэмцэхээс гадна аялал жуулчлал, гожи жимс тариалалт, нарны эрчим хүчний салбар хөгжиж байгаа аж.
Олон улсын хамтын ажиллагаа
Цөлжилт дэлхий даяар нэг секунд тутамд дөрвөн хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний газар нутгийг хамарч байна. Ши Жиньпин “хамтын ирээдүй бүхий дэлхийн хамтын нийгэмлэг” байгуулах үзэл санааны дор Хятад улс олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монголын “Нэг тэрбум мод” хөтөлбөрт тусламж үзүүлж, Африкийн “Ногоон их ханан хөшиг” санаачлагыг дэмжсэн.
Ши Жиньпин “Хятад цөлжилтийн эсрэг тэмцэлд идэвхтэй оролцож, хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэн, туршлага, мэдээллээ хуваалцах болно” хэмээн онцолсон байна.