Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Трампын засаг захиргаа нэмэлтээр 36 улсыг аяллын хоригт оруулж магадгүй

Трампын засаг захиргаа нэмэлтээр 36 улсыг аяллын хоригт оруулж магадгүй
Нийтэлсэн 11 минутын өмнө
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа АНУ-д нэвтрэхийг хориглох улсуудын жагсаалтад 36 улсыг нэмж оруулахаар судалж байгааг Төрийн департаментийн дотоод цахилгаанаас иш татан хэвлэлүүд мэдээллээ.
Трамп энэ сарын эхээр 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох зарлигт гарын үсэг зурсан. Тэрээр энэ алхам нь "гадаадын террористууд" болон бусад үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хүчин зүйлсээс АНУ-ыг хамгаалахад чиглэж байна гэж тайлбарласан юм.
Энэхүү шийдвэр нь түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацааны эхэнд эхлүүлсэн цагаачлалын хатуу бодлогын нэг хэсэг бөгөөд үүнд Венесуэлийн зуу гаруй иргэнийг гэмт бүлэглэлд хамааралтай хэмээн сэжиглэн Эль Сальвадорт буцаах, зарим гадаад оюутныг АНУ-ын их дээд сургуульд элсэхийг хориглох, бусдыг албадан гаргах зэрэг арга хэмжээ багтаж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн гарын үсэгтэй дотоод дипломат цахилгаанд тусгаснаар, тус департамент дээрх орнуудын талаар хэд хэдэн санаа зовоосон асуудлыг дурдсан бөгөөд эдгээр асуудлыг 60 хоногийн дотор засахыг шаардаж байгаа аж.
Цахилгаанд “Хэрэв 36 улс Төрийн департаментын тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг 60 хоногийн хугацаанд хангаж чадахгүй бол бүрэн эсвэл хэсэгчлэн нэвтрэхийг хориглохоор санал болгож магадгүй” гэжээ.
Баримтад дурдсанаар, зарим улсад найдвартай иргэний үнэмлэх олгох чадвартай, хамтран ажилладаг засгийн газар байхгүй, мөн тэдгээрийн паспортын аюулгүй байдал эргэлзээтэй байна гэжээ. Мөн зарим улс иргэдээ АНУ-аас албадан гаргах ажиллагаанд хангалттай хамтрахгүй байгаа ба визийн хугацааг хэтрүүлэн оршин суух тохиолдол их байгааг тэмдэглэжээ.
Хоригт орох магадлалтай 36 орон:
Ангол, Антигуа ба Барбуда, Бенин, Бутан, Буркина Фасо, Кабо Верде, Камбож, Камерун, Кот-д’Ивуар, Ардчилсан Конго, Жибути, Доминика, Этиоп, Египет, Габон, Гамби, Гана, Киргизстан, Либери, Малави, Мавритани, Нигер, Нигери, Сент Киттс ба Невис, Сент Люсиа, Сан-Томе ба Принсипи, Сенегал, Өмнөд Судан, Сири, Танзани, Тонга, Тувалу, Уганда, Вануату, Замби, Зимбабве.
Өмнө нь хоригт орсон улсууд:
Афганистан, Мьянмар, Чад, Конго Бүгд Найрамдах Улс, Экваторын Гвиней, Эритрей, Гаити, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен.
Хэсэгчлэн хоригт орсон 7 улс:
Бурунди, Куба, Лаос, Сьерра Леоне, Того, Туркменстан, Венесуэл.
Трамп анх ерөнхийлөгч болсныхоо дараа олонхи нь лалын шашинтай 7 орны иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон бөгөөд энэхүү бодлого нь хэд хэдэн хувилбараар шинэчлэгдсэний эцэст 2018 онд Дээд шүүхээр баталгаажиж байв.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн