The Mongolz баг Counter Strike-2 (CS2) тоглоомын энэ оны ДАШТ буюу “BLAST.tv Austin Major 2025” тэмцээний “Stage 3” шатны сүүлийн тоглолтондоо “G2 Esports” багийн эсрэг 2-0 харьцаатай хожсоноор Playoffs буюу шөвгийн наймд шалгарлаа. Энэхүү тоглолтод “The Mongolz” өөрсдийн сонгосон “Ancient map” дээр 13:6 харьцаагаар ялалт байгуулсан. Харин эсрэг багийн сонголт “Dust II map” дээр таван нэмэлт цаг гаргасны эцэст 28:25 харьцаатай буулгаж авсан юм.
Тоглолтын хоёр дахь map “Dust II” дээр “The Mongolz” багийн тамирчин “Senzu” буюу М.Азбаяр 56 "kill" хийснээр Major тэмцээний түүхэнд нэг "map" дээр хамгийн олон "kill" хийсэн тоглогч болжээ. Тус map дээр "The Mongolz"багаараа 194 "kill" хийсэн нь мөн Major тэмцээний түүхэнд рекорд болон үлдсэн байна.
“The Mongolz” тус тэмцээнд АНУ-ын “Team Liquid”, Хятадын “Lynn Vision” багийг хожсон бол Бразилын “Furia”, Европын “Faze Clan” багуудад хожигдож, 2-2 амжилттайгаар “G2 Esports” багийн эсрэг нүүр тулсан юм.
Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай “BLAST.tv Austin Major 2025” тэмцээнд нийт 32 баг гурван шатанд хуваагдан, тойргийн журмаар өрсөлдөж байна. Тус тэмцээний шөвгийн найман багын тоглолтууд энэ долоо хоногийн пүрэв гарагт эхэлнэ.