Израиль улс Иранд цохилт өгснөө зарласны дараа Ойрх Дорнодын хурцадмал байдал улам даамжирч, дэлхийн газрын тосны үнэ огцом өслөө.
Брент төрлийн газрын тосны үнэ 10 гаруй хувиар өсч, нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн ч дараа нь бага зэрэг буурсан байна. Худалдаачид Иран, Израилийн хооронд дайн дэгдвэл дэлхийн эрчим хүчний чухал бүс нутгаас нийлүүлэгдэх нефтийн урсгал тасалдах вий гэсэн болгоомжлолтой байгаа аж.
Газрын тосны үнэ өсөх нь автомашины шатахуунаас авахуулаад супермаркетын хүнсний үнэд хүртэл нөлөөлдөг.
Үнэ анх огцом өссөн ч дараа нь арай буурч, Брент газрын тосны үнэ баррель нь 74.23 ам.доллар болж, пүрэв гарагийн хаалтын үнээс 7 хувиар өндөр түвшинд дууссан байна.
Гэсэн ч энэ өсөлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 хувиар бага хэвээр байгаа бөгөөд 2022 оны эхэнд Орос Украинд халдсаны дараах 100 ам.доллараас дээшилсэн дээд үнэтэй харьцуулахад доогуур үзүүлэлт юм.
Баасан гарагт Азийн болон Европын хөрөнгийн зах зээл уналттай байсан ба Японы Nikkei индекс 0.9 хувь, Их Британийн FTSE 100 индекс 0.39 хувиар буусан байна.
АНУ-ын хөрөнгийн зах зээл ч мөн уналттай хаагдсан бөгөөд Dow Jones индекс 1.79 хувь, S&P 500 индекс 0.69 хувиар тус тус унажээ.
Энэ үеэр алт болон Швейцар франк зэрэг "аюулгүй хөрөнгө" гэж тооцогддог зүйлсийн үнэ өссөн байна. Хөрөнгө оруулагчид эдгээрийг тогтворгүй байдалд илүү найдвартай хөрөнгө гэж үздэг. Алтны үнэ сүүлийн хоёр сарын дээд түвшинд хүрч, унц нь 3,423.30 ам.доллар болж 1.2 хувиар өсчээ.
Их Британийн автомашины холбоо RAC-ийн төлөөлөгч Род Деннис:
“Газрын тосны үнийн өсөлт шатахууны үнэд яаж нөлөөлөх нь хараахан тодорхойгүй байна. Үнийн өсөлт тогтвортой байж чадах эсэх болон жижиглэн худалдаачид ямар ашиг авч, ямар үнээр борлуулах нь гол хүчин зүйл” гэжээ.
Израилийн цохилт ба цаашдын болзошгүй эрсдэл
Израилийн халдлагын дараа тус улсын Батлан хамгаалах хүчин (IDF) Иран Израилийн зүг 100 орчим дрон хөөргөсөн тухай мэдээлсэн. Шинжээчдийн үзэж байгаагаар ирэх өдрүүдэд энэ зөрчил хэрхэн даамжрахыг зах зээл анхааралтай ажиглах шаардлага үүсээд байна.
Capital Economics байгууллагын шинжээчдийн тооцоогоор, хэрэв Ираны газрын тос олборлох болон экспортлох байгууламжууд руу довтолбол, Брент газрын тосны үнэ 80–100 ам.долларт хүрч магадгүй аж. Гэхдээ ийм үнийн өсөлт нь бусад газрын тос үйлдвэрлэгчдийг олборлолтоо нэмэхэд хүргэж, урт хугацаандаа үнийн өсөлтийг хязгаарлаж, инфляцын дарамтыг бууруулна гэж тэд үзэж байна.
Хэрэв Иран эргийн дэд бүтэц болон тээврийн шугамыг онилвол, өдөрт хэдэн сая баррель газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй. Ийм хувилбар маш ноцтойд тооцогдоно.
Хормузын хоолой нь дэлхийн хамгийн чухал тээврийн гарцуудын нэг бөгөөд дэлхийн газрын тосны ойролцоогоор 20 хув нь энэ замаар дамждаг. Өдөрт хэдэн арван танкер түүгээр орж, гарч байдаг. Хойгуураа Иран, урдуураа Оман, Арабын Нэгдсэн Эмираттай хиллэдэг энэ хоолой нь Персийн буланг Арабын тэнгистэй холбодог.