Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

Өдрийн сурвалжилга: Улаанбурхан өвчний тохиолдол цагаар нэмэгдэж, ХӨСҮТ өндөр ачаалалтай ажиллаж байна

Өдрийн сурвалжилга: Улаанбурхан өвчний тохиолдол цагаар нэмэгдэж, ХӨСҮТ өндөр ачаалалтай ажиллаж байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Өнөөдрийн байдлаар /2025.06.13/ улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 7174-д хүрч, халдварын голомт хот, хөдөө орон нутгийн аль алинд нь тэлсээр байна. Улсын хэмжээнд халдварын 62,000 гаруй хавьтал бүртгэгдээд байгаа бол 626 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, таван хүн нас бараад байна. Насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан хамгийн их буюу 3180 тохиолдол батлагдсан нь сургуулийн орчны халдваржилт өндөр байгааг илтгэнэ. Мөн товлолт вакцинд хамрагдаагүй хүүхдүүд хамгийн ихээр өвчилж байгааг мэргэжлийнхэн хэлж байлаа.
Эцэг эхчүүдийн хэлж буйгаар, өндөр халуурч, тууралт гарсан үед хүүхдээ ХӨСҮТ-д үзүүлэхээр ирж байгаа бөгөөд маш олон цагаар дугаарлан эмчийн зөвлөгөө үзлэгт орж байгаагаа учирлав. ХӨСҮТ-ийн амбулаторийн гадна болон дотор талд халуурсан, тууралттай хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд урт дараалал үүсгэжээ. Тэдний дунд хүүхдээ тэвэрсэн, хөтөлсөн байдалтай олон эцэг эхчүүд байх бөгөөд хүүхдүүдийн ихэнх нь халуурч, уйлагнасан байдалтай байв. Оочир хүлээх хугацаа дунджаар 30–60 минут үргэлжилж, бүртгэл, үзлэг, оношилгооны шат бүрд хүлээлт үүссэн байдалтай байлаа.
Халуун нь 39.7 хэм хүрч өндөр халуурсан 12 настай хүүтэйгээ зогсох ээж ХӨСҮТ-ийн гадна 40 минут хүлээжээ. Тэрээр “Ангиас нь 14 хоногийн өмнө улаанбурхан өвчний тохиолдол батлагдсан. Тэгээд өндөр халуураад байсан болохоор сэжиглээд ирсэн. Эхлээд дүүргийн эмнэлэг рүү очсон ч ХӨСҮТ рүү яв гэсэн. Бүртгүүлэхэд 30 минут, үзүүлэх гээд бас 10 минут хүлээж байна” хэмээн ярив.
Нөгөө талд, хүүхдийнх нь биед тууралт гарсан нэгэн ээж “Манай хүүхдийн биеэр тууралт гараад ХӨСҮТ дээр үзүүлэхээр ирсэн байна. ХӨСҮТ-ийн оочир дугаар маш их байна. Бүх газруудаараа дүүрэн хүнтэй байна. Ирээд бараг нэг цаг шахуу болж байна. Нэг хүн үзэхийн тулд 20-иод минутыг зарцуулж байна” гэж бухимдангуй ярилаа.
ХӨСҮТ-ийн ачаалал өндөр байгаа нь үзүүлж буй иргэдийн тооноос илт харагдаж байв. Иргэдийн мэдээлснээр нэг хүүхдийг үзэхэд дунджаар 20 орчим минут зарцуулж байгаа бөгөөд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлуудыг шууд хэвтэн эмчлүүлэх тасаг руу шилжүүлж байлаа. Гэвч эмнэлгийн орны хүрэлцээ муу байгааг зарим эцэг эх онцолж байв. Тухайлбал, нэг гэрийн хоёр хүүхэд зэрэг улаанбурхан өвчнөөр өвдсөн ч тэднийг нэг өрөөнд хамтад нь хэвтүүлэх боломжгүй, эмчилгээний ор олдохгүй байгааг эмнэлгийн ажилтнууд хэлж байна. Мөн зарим иргэн товлолт вакцинд хүүхдээ хамруулсан эсэх, өвчний шинж тэмдгийн талаар тодорхой мэдээлэлгүй байгаагаас шалтгаалан эргэлзээ, төөрөгдөлтэй байдал ажиглагдаж байна.
Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас дараах тодруулгыг авлаа.
-Сүүлийн үед улаанбурхан өвчлөл хэрхэн нэмэгдэж байна вэ. Тоон үзүүлэлтээс дурдвал?
-Хоёрдугаар сарын 18-наас буюу анх бүртгэгдсэнээсээ хойш 7174 тохиолдол бүртгэгдсэн. Үнээс 5444 тохиолдол нь эдгэрсэн, сүүлийн 24 цагт 338 тохиолдол Улаанбаатар хотод болон 16 аймагт бүртгэгдсэн байна. Эмнэлэгт 626 тохиолдол хэвтэн эмчлүүлж, 1099 тохиолдол гэрээр буюу өрхийн эмчийн хяналтад байна. Улаанбурхан өвчний халдвараас вакцинаар сэргийлэх боломжтой. Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсанаар хүндрэлээс сэргийлэх, хэрвээ туссан бол хөнгөн хүрдэг юм. Хүн амын дунд бүрэн тунгийн хамралт 95 ба түүнээс дээш байх юм бол халдварт өртөхгүй байх нөхцөл бүрддэг. Тэгэхээр иргэд маш хариуцлагатай хандаж, албан ёсны эх сурвалж буюу мэргэжлийн байгууллагаас зөвлөж байгаа мэдээлэлд ач холбогдол өгөх хэрэгтэй. Хэрвээ буруу ташаа мэдээлэлд итгэж өөрт тань эргэлзээ төрвөл Нийслэлийн есөн дүүрэгт лавлах утас ажиллаж байгаа. Мөн ХӨСҮТ дээр 24 цагаар хүлээн авах яаралтай тусламж ажиллаж байгаа. Хоёр хүртэлх настай хүүхдээ вакцинд хамруулах хэрэгтэй байна. Ойр орчимд тань улаанбурханы батлагдсан тохиолдол гарвал хавьтал нь буюу нэг гэрт амьдардаг, нэг танхимд хамт хичээлд суудаг, нэг байгууллагад ажилладаг хүмүүс 72 цагийн дотор вакцинд хамрагдвал өвдөхгүй байх нөхцөл бүрдэнэ. Хүүхдүүдийн сургууль амарсан ч үргэлжлээд хүүхдийн зуслан, рашаан сувиллууд ажилладаг. Зусланд явахаар төлөвлөсөн хүүхдүүд заавал улаанбурханы вакцин хийлгэх хэрэгтэй.
-Улаанбурхан ямар шинж тэмдгээр түлхүү илэрдэг вэ. Ямар үед нь эмнэлгийн тусламжид хэзээ хандах ёстой вэ?
-Халдварт өвчин их уурхай, дамжих зам, өртөмтгий бие гэсэн гурван хэлхээ нийлж байж бий болдог. Энэ өвчин бол агаар дуслын замаар дамждаг, маш халдварлалт өндөртэй өвчин. Улаанбурхан өвчнөөр өвчилж байгаагүй, вакцин хийлгээгүй, вакцин тун дутуу, батлагдсан тохиолдолтой хавьтал болсон ийм хүмүүс бүгд өвдөх эрсэлтэй. Гол шинж тэмдэг нь дээрээсээ доошоо толбот гүвдрүү тууралт гардаг, нүд нуухтаж хамар битүүрч, хоолой залгиур хүндүүрлэх, араанд цагаан цэгтэй тууралт гарах, долгилсон байдлаар халуурдаг. Ийм шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд заавал ХӨСҮТ дээр ирэлгүйгээр өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр үзлэг шинжилгээ хийлгэж болно. Энэ их түгжрэлийн үед заавал ХӨСҮТ дээр ирэх гээд цаг алдаад шаардлагагүй. Өөрт ойр байгаа өрхийн эрүүл мэндийн төв дээрээ очих бүрэн боломжтой. Хөнгөн хэлбэрийг өрхийн эмч хяналтандаа аваад гэрээр зөвлөмж өгч, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бол ХӨСҮТ хүлээн авч байгаа. Улаанбурхан өвчин нь бусад тууралттай халдварт өвчнөөс онцлогтой байдаг. Тууралт гарсан өдрөөс урагшаа дөрөв, хойшоо дөрөв буюу нийт найм хоногт өөртэй нь хавьтал болсон бүх хүнд халдвараа илүү халдварлуулдаг. Тухайн үед өөрийгөө тусгаарлах, эмчийн хяналтад орох хэрэгтэй.
-Иргэд улаанбурханаас хэрхэн сэргийлэх вэ. ХӨСҮТ-өөс иргэдэд ямар зөвлөмж, анхааруулга өгч байна вэ?
-Хамгийн гол нь улаанбурханы эсрэг вакцинд хамрагдах хэрэгтэй. Хүүхдүүд төрснөөс хойш есөн сартай, хоёр настай товлолт вакциныг заавал хийлгэх, товлолт вакцинаас ямар нэгэн байдлаар хоцорсон тохиолдолд тав хүртлэх насандаа заавал нөхөн дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй. Улаанбурханы хавьтал болсон тохиолдолд 72 цагийн дотор вакцин хийлгэх, шинж тэмдгийг ажиглах хэрэгтэй. Мөн өвөрмөц бус сэргийлэлт буюу найман сар хүртэлх настай хүүхдүүдэд вакцин хийх боломжгүй байдаг. Тийм учраас гэр бүлийн бусад гишүүд вакцинд хамрагдах, онцын шаардлагагүй бол найм хүртэлх сартай хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх хэрэгтэй. Гэр, ажлын байр, анги танхимдаа тогтмол агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй.
Хүүхдэд улаанбурханы шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Дураараа, мэргэжлийн бус хүмүүсийн зөвлөгөөгөөр янз бүрийн эм уух нь өвчнийг хүндрүүлж, эрсдэлтэй тул буруу ташаа мэдээлэлд автаж болохгүй. Сүүлийн үед “вакцин хийлгэж болохгүй” гэх буруу мэдээлэл олон нийтийн дунд тархаж байгаа ч улаанбурхнаас хамгаалах хамгийн найдвартай, үр дүнтэй арга нь дархлаажуулалт буюу вакцин гэдгийг холбогдох мэргэжлийн байгууллагууд онцолж байна.
Тиймээс хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, улаанбурхнаас сэргийлэхийн тулд шинж тэмдэг илэрсэн даруйд эмчид хандаж зөвлөгөө авахыг холбогдох албаныхан зөвлөж байна.
Бэлгэсэн: У.Содбилэг
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн