Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Сурвалжилга: Төгсөлтийн баярын зардал оюутнуудыг санхүүгийн дарамтад оруулдаг

Сурвалжилга: Төгсөлтийн баярын зардал оюутнуудыг санхүүгийн дарамтад оруулдаг
iToim
+ Дагах
Нийтэлсэн 3 цагийн өмнө
Төгсөлтийн баяр их, дээд сургуулийн оюутнуудын хувьд амьдралын чухал мөч юм. Гэвч сүүлийн жилүүдэд энэ баяр нь оюутнууд болон тэдний гэр бүлд тодорхой хэмжээний санхүүгийн ачаалал үүсгэсээр байна.
Зардлын хэмжээ нь оюутан бүрийн сонголт, сургууль, анги хамт олны шийдвэрээс хамааран харилцан адилгүй байгаа ч, олон нийтийн хүлээлт, нэгэн төрлийн “ёс төдий” тогтсон жишиг энэ зардлыг ихэсгэхэд нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Тэгвэл энэ өдрийн төлөө хэр хэмжээний зардал гардаг болохыг оюутан залуусаас тодрууллаа.
Монгол Улсын их сургуулийн төгсөх курсийн оюутан М.Мөнгөнсувд: Ямартай ч дээл авсан. Боломжийн үнэтэйг нь судалж байгаад 450 мянган төгрөгөөр дээл авсан. Төгсөлтийн үйл ажиллагаа, монтаж зэрэгт нийтдээ 450 мянга, туфль 190 мянга, даашинз 30 мянгаар авсан. Ингээд бодоод үзэхэд нийт нэг сая 400 хавьцаа зардал гарсан. Зардлын хувьд хүндрэлтэй зүйл бол байхгүй, гарах ёстой зардал гэж бодож байгаа. Гэхдээ монтаж гэхэд 120 мянга үлдсэн нь төгсөлтийн үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа. Тэр нь хоёр гуравхан артисттай байдаг л нэг арга хэмжээ. Тийм зүйлд 200,300 мянгаар нь зардал гаргах жоохон тиймхэн санагдаж байгаа.
Монгол Улсын их сургуулийн төгсөх курсийн оюутан Б.Анунгоо: Төгсөлтийн үйл ажиллагаанд зориулсан албан ёсоор авдаг мөнгө, сургуулиас төгсөлтийн хувцас авахаар 80 мянган төгрөг, төгсөлтийн баярын өдрөөр хэрэглэх хувцас, үс гэх мэт зардлууд гаргаж байгаа. Дээл оёулахад материалаа өөрөө аваад 700 мянган төгрөг болсон. Хамгийн өндөр дүнгээр мөнгө зарцуулсан зүйл бол дээл. Дээл, хувцас, өөрийн бие дээр буулгах зүйлс нийлээд нэг сая 300 мянга. Үүн дээр нэмээд төгсөлтийн үйл ажиллагааны мөнгө 400 мянган төгрөг хурааж авсан. Энэ бол их мөнгө, тийм амархан олдохгүй. Болгохын хувьд болгож байгаа. Санаа зовсон шинжтэй, албатай юм шиг төгсчихлөө дөө, ганцаараа дээлгүй зогсох биш гэж бодоод л дээл хувцсаа авч байгаа.
Монгол Улсын их сургуулийн төгсөх курсийн оюутан Д.Тэргэл: Ромбо дипломын мөнгө, хувцас түрээс 80 мянган төгрөг, монтаж хүлээн авалт 400 мянган төгрөг, тэгээд хослол нэмэгдээд ойролцоогоор 800 мянган төгрөг болж байгаа байх. Ер нь бол ар гэрт тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Гэхдээ зарим хүнд энэ нь том зардал биш учраас нөлөөлөхгүй байгаа байх. Харин дийлэнх олонход нь нөлөөлнө, зарим нь урт хугацааны зээл аваад төлж байгаа харагдаж байна лээ.
Монгол Улсын их сургуулийн төгсөх курсийн оюутан Н.Цолмонбаатар: Хувцасны зардал, хүлээн авалтын зардал, ангийнхантайгаа явах аялал зугаалга гэсэн ийм зардлууд гарч байгаа. Хослол багадаа 500 мянган төгрөг, монтаж хүлээн авалт 500 мянган төгрөг, хэрвээ ангийнхантайгаа аялж зугаалахаар бол 500 мянган төгрөг. Ерөнхийдөө нийт нэг сая 500 мянгаас хоёр сая төгрөгийн зардал гарч байна. Манайх дундаж түвшний айл болохоор хүндхэн тусаж байгаа. Өөрөө бас ажил хийгээд энэ зардлуудаа ээж ааваасаа болон хамтдаа хувааж гаргаж байна.
Оюутны төгсөлтийн бэлтгэлд гарч буй зардал (Нэг хүнд дунджаар):
• Хувцас, гоо сайхан:
700,000 – 1,000,000₮
(Дээл, хослол, үс засалт, нүүр будалт, гутал гэх мэт)
• Арга хэмжээ, монтаж:
500,000₮
(Хүлээн авалт, артист, зураг авалт, диплом, ромбо)
• Нэмэлт зардал (аялал, бусад):
500,000₮
(Ангийн аялал, зугаалга)
Нийт дундаж зардлын хүрээ:
1,500,000 – 2,000,000₮
Их, дээд сургуулийн оюутнууд төгсөлтийн баярт зориулан хувцаслалт, гоо сайхан, хүлээн авалт зэрэгт багадаа 1.5-2 сая төгрөгийн зардал гаргаж байна. Ийм хэмжээний мөнгийг зарцуулж байгаа нь төгсөлт зөвхөн тэмдэглэлт өдөр төдийгүй оюутан, тэдний гэр бүлд санхүүгийн хувьд бодит ачаалал болж буйг харуулж байна.
Бэлтгэсэн: У.Содбилэг

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн