Open iToim app
Улс төр | 5 мин уншина

ЧУУЛГАН: Хотхон, хороолол төлөвлөж байгаа этгээд сургууль, цэцэрлэгийн зардлыг гаргах ёстой

ЧУУЛГАН: Хотхон, хороолол төлөвлөж байгаа этгээд сургууль, цэцэрлэгийн зардлыг гаргах ёстой
Нийтэлсэн 13 минутын өмнө
УИХ-ын нэгдсэн чуулганы \2025.06.13\ үдээс өмнөх хуралдаан эхэллээ. Хуралдаанд  65 гишүүн ирсэн байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-д өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар танилцууллаа. Үүнд:
  • Монгол Улсын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслийг УИХ-д УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын гишүүд 2025 оны зургаадугаар сарын 11-нд өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг ТББХ-нд хуваарилсан.
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 40 гишүүн 2025 оны зургаадугаар сарын 12-нд өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг ТББХ-нд хуваарилсан байна.
Ингээд Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан танилцуулга хийлээ.

Хот төлөвлөлтийн хариуцлага бүхий эрх зүйн зохицуулалт цаг үеийн шаардлагаа хангахаа больсон

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Хот байгуулалтын тухай хууль 1998 онд анх батлагдаж, 2008 он шинэчлэгдэн батлагдсан. Энэхүү хуульд тухайн үеийн нөхцөл байдал, төвлөрөл багатай хүн амын байршлыг харгалзан үзэж, хот байгуулалтын ерөнхий зураг төслийг гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн. Сүүлийн 20 гаруй жил Улаанбаатар хотын хүн ам хоёр дахин нэмэгдсэн. Хот төлөвлөлтийн хариуцлага бүхий эрх зүйн зохицуулалт цаг үеийн шаардлагаа хангахаа больсон гэж үзэж байна. 
Үүний улмаас сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муудаж, нийгмийн суурь дэд бүтцийн хангамж алдагдаж, иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байна. Хот байгуулалтын тухай хууль болон тухайн цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн Хот төвлөвлөлтийн эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон боловч хүн амын төвлөрөл, хотжилтын эрчимтэй нөхцөлд дасан зохицохгүй байгаа нь өнөөгийн хүртээмжгүй, зохион байгуулалтгүй төлөвлөлтийн суурь шалтгаан болсон гэж үзсэн. Энэ бүхний үр дагаварт хүүхдийн сурч боловсрох эрх хамгийн ихээр зөрчигдөж байна. 
Бидний хувьд хүртээмжтэй, чанартай боловсролын талаар олон асуудлыг хөндөж ярьдаг ч түүнийг бүрдүүлэх шаардлагатай эрх зүйн орчныг орхигдуулсан байгаа юм. 
Үүний улмаас сургууль, цэцэрлэг төлөвлөсөн ч түүнийг хэрэгжүүлдэггүй төлөвлөлтүүд нийслэлд маш их байна. Жишээлбэл, Баянгол дүүргийн Алтай хотхон 2008 онд ашиглалтад орсон боловч 5000 гаруй өрх 16 мянга орчим хүнтэй ч нэг ч сургууль, цэцэрлэггүй байна. Мөн Эрин, Хархорин зэрэг хотхонууд улсын цэцэрлэг, сургуульгүйгээр ашиглалтад орсон. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсье. 

Төслүүдийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Төслүүдийн талаарх эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлт танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн танилцуулна.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаас 2025 оны тавдугаар сарын 2-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны зургаадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Хууль санаачлагчийн зүгээс хот байгуулалт, барилгажилт, газар олголтын талаар авч байгаа зөрчлийг арилгах, иргэдийн эрүүл аюулгүй таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хот суурин газарт орон сууцны төлөвлөлтийг хийхдээ эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг оновчтой тооцож, төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулжээ. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асуугаагүй бөгөөд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн орон сууцны хотхон, хороолол сургууль, цэцэрлэгтэй байхаар төлөвлөх болон орон сууцны гадна авто зогсоол, явган хүний зам, ногоон байгууламжийн төлөвлөлтийн стандартын талаарх зохицуулалтыг заавал биелүүлэх шинж чанартайгаар боловсруулсныг дэмжиж байгаа талаар санал хэлсэн болно. 
Энэ үеэр гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнболд: Парламент өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хүн төвт таван тулгуурт бодлогыг хэрэгжүүлнэ гэж заасан. Үүнд энэ орж байгаа төсөл хэр зэрэг хангагдсан бэ. Хоёрдугаарт, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудалд энэ төсөл хэр уягдсан бэ?
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Энэ хуулийн гол  зорилго нь хүний эрх, хүүхдийн эрхийг хангах юм. Манай Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэггүй төлөвлөлтүүд маш их болсон. Яагаад гэвэл Улаанбаатар хотын ерөнхий архитектор гэдэг хүний зөвшөөрлөөр төлөвлөж байна. Ингэхдээ барилгын норм, дүрмийг баримталдаг. Зарим тохиолдолд сургууль, цэцэрлэгийн зөвшөөрлийг өгдөггүй. Иймээс миний хувьд сургууль, цэцэрлэгийг заавал хуульд оруулж ирж байж хотхон, хорооллоо төлөвлөх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн 1000 хүртэлх өрхтэй хотхон хороолод нэг улсын сургууль байна гэж төлөвлөж байгаа. Хамгийн сайн сургууль бол гэрийн ойролцоо сургууль. Ингэснээр аюулгүй байдлыг хангана. Энэ хууль батлагдвал Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэггүй хотхон төлөвлөхийг шууд хориглоно. 
УИХ-ын гишүүн Б.Уянга: Хуулийн төслийн 2-р зүйлийн 12.4.1 дэх заалт, 12.5 дахь хэсэгт сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд нэмээд байгаа. Гэтэл та бүгдийн нэмж оруулж ирж байгаа 12.6.4-т эмнэлгийг орхигдуулсан юм шиг уншигдаад байна. Тэгэхээр эмнэлгээ яах вэ. 
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Миний энэ хуулийн төслийг санаачлахдаа сургууль, цэцэрлэгт гол анхаарлаа хандуулж боловсруулсан. Хэрэв УИХ дээр ажлын хэсэг гараад эмнэлгийн асуудлыг нэмж оруулах нь зүйтэй гэж үзвэл дэмжиж ажиллахад бэлэн. Гэхдээ эрүүл мэндийн асуудлыг цогцоор нь авч үзэхгүй бол энэ хуульд оруулахад хэцүү. Иймд хамгийн тулгамдсан асуудал гэж үзээд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг оруулсан.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл: Энэ олон сургууль цэцэрлэгийг барих тооцоо гаргаж үзсэн үү. Манай улс төсвөөсөө энэ их зардлыг хэдэн жилд багтааж гаргах вэ. 
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Бидэнд Статистикийн үндэсний хорооноос орон нутаг болон Улаанбаатар хотын дүүрэг бүрд судалгаа гаргаж өгсөн. Жишээлбэл, Баянгол дүүрэгт 1000 өрх тутамд 2637 18 нас хүртэлх сургуулийн насны, 1481 цэцэрлэгийн насны хүүхэд гарч ирсэн. Тэгэхээр 1000 хүртэлх өрх тутамд нийт 967 хүртэлх хүүхдийн сургууль төлөвлөнө гэж үзэж байгаа. Хүртэлх гэдэг нь 500 өрхтэй бол багасгаж болно гэсэн үг. Хотхон, хороолол төлөвлөж байгаа хүмүүс сургууль, цэцэрлэгийн зардлыг гаргах ёстой. Жишээлбэл, Алтай хотхон 15000 хүнтэй боловч нэг ч сургууль, цэцэрлэггүй хаясан. Санхүүжилтийнх нь асуудлыг хөрөнгө оруулагчид өөрсдөө шийдэх ёстой.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн