Шинээр томилогдсон Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барьж батлуулна.
Өнөөдөртөө багтаан Засгийн газраа байгуулж, ирэх 7 хоногт 2025 оны улсын төсвийн тодотголыг өргөн барина гэдгийг өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн. Учир нь наадмаас өмнө шинэ бүрдсэн Засгийн газар төсөвт тодотгол хийлгэхээр төлөвлөж байгаа аж.
Тэгвэл Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын танхимд багтах гэсэн марафон МАН дотор эхлээд буй. Бага хурлын үеэр Ерөнхий сайдад нэр дэвшихдээ дангаараа Засгийн газраа бүрдүүлнэ хэмээн намын нөхдөдөө хэлж байсан Ерөнхий сайд ямар Засгийн газар байгуулах нь өнөөдөр тодорхой болно. Гэхдээ эхний байдлаар яамгүй сайд нарыг хасаж, Соёлын сайд Ч.Номингоос бусад сайд нарыг улираан ажиллуулна гэжээ.
Яамгүй сайд гэдэг нь Худалдан авах, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн хариуцсан Шадар Сайд, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга гэсэн сайдууд шинэ Засгийн газарт байхгүй гэсэн үг. Хэрвээ энэ бүтцээр явбал Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар 16-18 яамтай байх бололтой.
Харин хуучин сайдуудаа бүгдийг нь шахуу улираан томилох нь МАН-ын зарим гишүүний дургүйг хүргэжээ. Тиймээс УИХ-ын гишүүн Э.Болормаа үүнийг эсэргүүцэж, бүлгийн гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулж эхэлсэн гэсэн мэдээлэл ч байгаа юм. Тодруулбал, өмнөх Засгийн газрын сайд нарыг улираан ажиллуулахыг эсэргүүцсэн гарын үсэг цуглуулж байгаа гэсэн мэдээлэл бий.
Ер нь сайд болох хүсэлтэй гишүүд МАН-ын бүлэгт цөөнгүй байгаа бөгөөд ил цагаан хүслээ илэрхийлээд байгаа. Ерөнхий сайдад өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн Г.Тэмүүлэнг шинэ Засгийн газарт сайдаар ажиллана гэсэн мэдээлэл байсан ч тэрээр одоогийн яригдаж байгаа бүрэлдэхүүнд багтаагүй талаар эх сурвалж мэдээллээ.